| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
2021 02 17 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Уд холбогдох 2121000000040 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................ Дорнод салбарт төлөөлөгч ажилтай, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ................... овогт У /РД: ....................../.
Шүүгдэгч У нь хохирогч Х.Т-ийн 1065 килограмм үхрийн махыг “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байгаа хүмүүст нэг килограммыг нь 12.000 төгрөгөөр тооцож зарж борлуулаад өөртөө 2000 төгрөгийг авч, 10.000 төгрөгөөр тооцож тооцоо хийнэ гэж худал хэлж 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 7 тооны бярууны мах болох 1065 килограмм махыг нь аваад “******* ******* *******” ХХК-д худалдаж өөрийн өртэй байсан хүмүүсийн данс руу шилжүүлж Х.Т-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө нь 2 удаа Т-ийн махыг зарж өгч байсан бөгөөд сүүлд өртэй хүмүүсийнхээ мөнгийг өгөхийн тулд Т-д худал хэлсэн нь үнэн. Т бид хоёр үеэлүүд учраас намайг арай ч цагдаад өгчихгүй байх гэж бодсон. Түүнд учруулсан хохирлыг барагдуулах *******аар нөхөртэйгээ ярьсан зүйл байгаа. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний биений юм ирэхгүй байхаар нь өчигдөр эмчид үзүүлсэн чинь жирэмсэн байна, 10 дугаар сарын 9-ний өдөр төрнө гэж хэлсэн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай ээжийн *******ын хамаатан У надад “...“ДБЭХС” ХХК-ийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байгаа хүмүүс үхрийн мах 1000 кг авъя гэнэ. Би 1 кг-ийг нь 12,000 төгрөгөөр зараад чамд 10,000 төгрөгөөр бодож өгөөд үлдэгдэл 2,000 төгрөгийг өөртөө ашиг болгож авъя” гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн малаас 7 тооны бяруу авчруулж Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах мал махны бойны цэг дээр нядалгаа хийлгээд 1065 кг мах болоход У машинтай ирээд 7 тооны бярууны мах болох 1065 кг махыг аваад явсан. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй байсан бөгөөд тэр надаас авсан үхрийн махаа зараад өөрийнхөө өртэй байсан хүндээ мөнгө өгч намайг залилсан гэдгийг мэдсэн...” гэжээ. /хх-ийн 9-10/
Гэрч Ш.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэрээсээ гараад Саяг дэлгүүрийн гадна явж байхад У тааралдсан. Тэрээр надад хандаж “зүүн тийшээ бой руу яваад мах аваад бөхийн өргөөний баруун *******ын барилга дээр аваачаад өгье” гэж хэлсэн. Түүний ах М-ын Портер маркийн тээврийн хэрэгсэл манай хашаанд байдаг бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийг асааж эхнэр ******* болон У нарын хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах мал махны бойны цэг рүү явсан. Тухайн үед У хэнээс мах авч байгаа *******аар хэлээгүй бөгөөд ойролцоогоор 1000 орчим кг үхрийн мах машинд ачуулж Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын махны худалдааны цэг дээр аваачиж махны ченжид зарсан...” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр У нь манайд бойны цэг дээрээс авчирсан гээд 284830 дугаар гарал үүслийн гэрчилгээтэй 6 тооны үхрийн мах буюу нийт 910 кг махыг кг тутмыг нь 5,300 төгрөгөөр бодож зараад 5422268930 дугаарын данс руу 4,823,000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэжээ. /хх-ийн 13-14/
У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 9 сарын сүүлээр Ттэй холбоо бариад “ДБЭХС” ХХК-ийн барилга дээр ажиллаж байгаа хүмүүст өндөр үнээр мах зарж өгье гэж худал хэлээд Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах бойны цэг дээрээс тухайн 1065 кг үхрийн махыг авч ах ******* эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр Х ахаар ачуулж жолоо бариулан “******* ******* *******” ХХК-ийн хашаанд очиж нэг кг-ийг нь 5,300 төгрөгөөр бодож 6 тооны үхэр буюу 910 кг үхрийн махыг нийт 4,823,000 төгрөгөөр зарж Ц-д өртэй байсан учраас түүний ХААН банкны .............. дугаарын данс руу ээжийнхээ............ дугаарын данснаас 4,260,000 төгрөгийг шилжүүлсэн шиг санаж байна. Харин нэг тооны үхэр буюу 155 кг махыг махны ченж Ц эгчид өрөндөө өгсөн...” гэжээ. /хх-ийн 27-30/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийг 54/
Н.А-ын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 56-71/
Угийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 31/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
“Ард даатгал” компанийн тодорхойлолт /хх-ийн 51/
У эд хөрөнгөтэй эсэх улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52/
Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/
Н.Ж, Н.Ж нарын төрсний гэрчилгээний хуулбар /2 хуудас/
БОЭТ-ийн магадлагаа /1 хуудас/
Угийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг ******* бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Уд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ................... овогт У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “1065 килограмм үхрийн махыг “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байгаа хүмүүст нэг килограммыг нь 12,000 төгрөгөөр тооцож зарж борлуулаад өөртөө 2,000 төгрөгийг авч, 10,000 төгрөгөөр тооцож тооцоо хийнэ” гэж худал хэлж, хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Тгийн 7 тооны бярууны мах болох 1065 килограмм махыг нь худалдан өөрийн өртэй байсан хүмүүсийн данс руу мөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өмнө нь 2 удаа Тгийн махыг зарж өгч байсан бөгөөд сүүлд өртэй хүмүүсийнхээ мөнгийг өгөхийн тулд Тд худал хэлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогч Х.Т, гэрч Ш.Х, Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Н.А-ын ХААН банкны дансны хуулга, Угийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Уд холбогдох хэргийн *******аар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Уд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Угийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, мөн түүнчлэн түүний хувьд 13-3 насны гурван хүүхэдтэй, жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .................... Дорнод салбарт төлөөлөгч ажилтай, нөхөр, БОЭТ-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн хян*******д байдаг эх, 13-3 хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд урьд хоёр удаа залилах гэмт хэргийн улмаас ял шийтгүүлж байсан, жирэмсэн зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Угийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Тд 10,117,500 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Угаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,117,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч У нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч..................... овогт Уг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уд 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Угийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Угаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,117,500 /арван сая нэг зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ......................... тоотод оршин суух ................. овогт Х.Т /РД: .............../-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч У нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Уд авсан хувийн ба*******гаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА