Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

        2021         01          04                                   2021/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар /онлайнаар/,

Шүүгдэгч О.М /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Оийн Мд холбогдох 2009 01978 1520 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Ё дүүргийн 0 дугаар хороо Х тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О М /РД.000000/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Шүүгдэгч О.М нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.М үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдүүлж, улмаар түүнийг зодож түүний биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хууларсан шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.М үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдүүлж, улмаар түүнийг зодож түүний биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хууларсан шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009 01978 1520 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Тын найзын гэрт 1 шил Тэкилла нэртэй архи Т түүний найз Б бид 4 хувааж уусан. ...байрнуудын дунд эмэгтэй хүн хашхираад, мөн эрэгтэй хүмүүс орлилдоод байхаар нь би гайхаад очсон чинь 4 залуу Т найзыг маань зодож байсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэсэн чинь хэнийг нь мэдэхгүй байна. Тухайн 4-н залуу миний толгойн тус газарт 4-өөс 5 удаа цохисон, ...тэгтэл 4 залуу Тыг зодож байх шиг байсан. ...Д унасан байдалтай байхаар нь би С, Д хоёрыг орхиод гүйж очоод нэг том биетэй залуугийн нүүр хэсэгт нь цохиод түлхэж холдуулаад Дыг босгоход өндөр том биетэй залуу нь өмдний бүсээ тайлаад ороолгож цохисон. Тэгтэл би унахад С гүйж ирээд намайг босгоод зугтаасан... хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан юм. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дүгээр хуудас/,

Гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Быг таксинаас буулгах явцад үл таних 16- 17 насны гэмээр жоохон охин ирээд ахаа туслаарай гээд уйлаад, би гэр рүүгээ орох гэсэн чинь явуулахгүй байна гэр рүү оруулаад өгөөч ахаа гээд миний гараас барихаар нь яах уу ах нь цагдаа дуудаад өгөх үү гээд байж байсан чинь байрны булан тойроод үл таних 21-22 насны орчим 4-н залуу гарч ирээд өө энд байна нөгөөдүүл чинь муу гичий ямар овоо гичий вэ зугтаагаад байхын гэснээ намайг учир зүггүй дөрвүүлээ нийлээд нүүр рүү цохиод толгой руу өшигчөөд эхэлсэн тэгсэн чинь манай найз М таксинаас бууж ирээд хөөе болиоч гээд салгах гээд дундуур нь орж ирсэн чинь Мыг бас зодоод байсан, тэгээд нэг орц руу зугтаахаар нь би араас нь хөөсөн чинь үлдсэн гурав нь Мыг дахин зодож цус нөжтэй нь хутгачхаад зугтаасан. ...нэг залуу нь шууд над руу жийгээд орж ирсэн. Тэгээд би нүүрээ дараад доош суутал намайг тойрч дайраад намайг цохисон тухайн үед би нүүрээ дараад доошоо суусан байсан. Тэгтэл араас М найз юу болоод байгаа юм гээд ирээд намайг салгаж авсан. Тэгээд М цагдаа дуудлаа шүү гээд орилоход тэр залуучууд зугтаад явсан... Тэгээд цагдаа нар ирээд тэр хоёр залууг барьж авахад нэг залуу нь би цохисон юм гээд инээгээд байсан..." гэх мэдүүлэг /хх-8, 68-71 дүгээр хуудас/,      

Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пгийн найз гэх Д, Д, Д нар архи уу гэж шахаад байсан тэгэхээр нь уулгүй пиво уусан. Тэгээд байж байтал манай эмэгтэй найз болох П тасраад уначихсан. Тэгэхээр нь намайг яаж ч магадгүй юм байна гэж бодоод салхи амьсгалах гэсэн юм гэж хэлтэл намайг гадагш гаргахгүй байсан. Тэгэхээр нь би тэгвэл нэгэнтэй нь цуг гараад агаар амьсгалчхаад ирье гээд Т гэх залуугийн хамтаар гадаа гарсан. Тэгээд би тэр Т гэх залуугаас жоохон холдоод байж байтал нэг хүн машинаас бууж ирсэн. Тэгэхээр нь би тэр ахаас гүйж очоод ахаа надаа туслаарай, намайг эрэгтэй хүмүүс хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд намайг тэр ах чи энэ хүмүүсийг таньдаг юм уу гэж асуухад нь таньдаггүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал ардаас Д, Д нар гарж ирсэн. Тэгээд тэд нар тэр ах руу дайраад чулуу энэ тэр авч шидээд байсан. Тэгээд тэд нар маргалдаж байгаад Д нь чи хэн юм гэж хэлсэн тэгтэл тэр ах энэ охины ах нь байна гэж хэлсэн. Тэгтэл Д гэх залуу тэр ахыг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Д, Т гэх залуучууд ирээд тэр ах руу чулуу авч шидэж байгаа харагдсан. Тэгээд тэр ах арагш ухраад байж байтал ардаас нь хоёр залуу гарж ирсэн би сайн мэдэхгүй байна. Намайг хамгаалах гэж байсан. Танихгүй ахын найз гэх хоёр хүн гарч ирээд Д, Д, Т нар луу дайрсан. Би тухайн үед байрны булан тойроод хар өнгийн приус маркийн машинтай ахаас тусламж гуйсан тэгээд намайг өөр байрны орц руу оруулж өгсөн... Д, Д, Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-21-22 дугаар хуудас/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8057 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Т.Мын биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хууларсан шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. ...гэх дүгнэлт /хх-27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч О.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа  хаягийн лавлагаа, /хх-ийн 61, 85-88 дугаар хуудас/,

Хохирогч Т.Мын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би бие гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009019781520 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.М нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.М үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдүүлж, улмаар түүнийг зодож түүний биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд хууларсан шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65, 67 дугаар хуудас/, шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-75 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8057 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

- Шүүгдэгч О.М нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч Т.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Мыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгчийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч Оийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгчид 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36... дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн О Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Оийн Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Мд мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БАТСАЙХАН