| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
2021 02 10 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Зд холбогдох 2009000001535 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б З /РД:00000/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Залуучууд зочид буудалд Т.Алтантуяатай “Төлбөрийн мөнгө буцаан авна” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүн рүү байгууллагын дотоод журам бичсэн самбар шидэж, биед “Баруун хацрын төвгөрийн язарсан шарх, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Залуучууд зочид буудалд Т.Алтантуяатай “Төлбөрийн мөнгө буцаан авна” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар байгууллагын дотоод журам бичсэн самбар шидэж, биед “Баруун хацрын төвгөрийн язарсан шарх, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009000001535 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...10 дугаар сарын 3-ны өдөр найзын хурим болсон. ...Хуримд оролцчихоод нэг найзынхаа аав, ээжийг хүргэж өгөөд байж байхад намайг манай найзууд буудалд дуудсан. Тэгээд залуучууд буудалд ороход харуул гээд ах нь орж ирээд бид нарыг зайл гэж хэлсэн. ...манай зарим найзууд харуулын хүнтэй маргалдаад байж байсан. Харин харуулын ах намайг хүнтэй андуураад ...над руу дайраад байсан. Харин надтай хэрүүл хийсэн гэх хохирогч эмэгтэй надтай хэрэлдээгүй. Би санаатай тэр эмэгтэй рүү юм шидээгүй. ...тэр шилэн самбар унаж хагараад тэр охины нүүрийг цохисон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлдлйн улмаас хохирол учирсан. Миний буруу, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хохирогч Т.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучууд зочид буудлын ресейпшн хийж байгаа бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд нэг эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд хоёр ортой өрөө аваад буцаж гарч яваад нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн дагуулаад орж ирээд 303 тоот өрөөнд орсон. ...шөнө 02 цагийн орчимд 303 тоот өрөөний хүмүүс шуугилдаад байхаар нь хамгаалагч ах очиж шаардлага тавихад бид нар мөнгөө төлөөд орсон, та нар намайг хөөлөө, бид нар мөнгөө аваад гарна гээд нэг эрэгтэй хүн ...хэрүүл хийгээд, дотоод журам бичсэн самбар аваад чи энийгээ мэддэг юм уу гээд ...миний нүүр лүү шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-
ний өдрийн 11534 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Т.Алтантуяагийн биед баруун хацрын төвгөрийн язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Згийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38-44 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Алтантуяа нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000001535 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.З нь төлсөн мөнгөө буцаан авна гэж маргалдаж улмаар хохирогч Алтантуяагийн биед гэмтэл учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, таньж олуулах ажиллагаа, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугаагийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал тус тус гаргав.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Згийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Залуучууд зочид буудалд Т.Алтантуяатай “Төлбөрийн мөнгө буцаан авна” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүн рүү байгууллагын дотоод журам бичсэн самбар шидэж, биед “Баруун хацрын төвгөрийн язарсан шарх, зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт нь:
- Хохирогч Т.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11534 дугаартай дүгнэл /хх-ийн 19-22 дугаар хуудас/, бичлэг бүхий сиди, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Зд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Зг хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эрх зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон болон согтуурсан байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.З нь хохирогч Т.Алтантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч Б.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...бага хэмжээгээр торгож өгнө үү...” гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Згийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, Улсын хэмжээнд Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм зэргийг харгалзан шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангаж шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Зд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН