| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0093/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 127
2021 02 10 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2011 00000 0747 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүүгийн хамт аймгийн сум дугаар баг, дугаар гудамж тоотод оршин суудаг, урьд
-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг ялаа эдэлж дууссан тооцож чөлөөлсөн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны ялын хугаца дуусаж суллагдсан,
Б.Д / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 2-555к тоотод оршин суух иргэн А.Пүрэвсүрэнгийн хүн амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж Монел маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 184.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрөө төлөөгүй байгаа гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21-25 дугаар хуудас/,
Хохирогч А.Пүрэвсүрэнгийн “...Би эхнэрийн хамтаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өглөөний 07 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа яваад оройн 22 цагийн орчим эхнэрийнхээ хамтаар гэртээ ирэхэд манай гэрийн гал тогооны цонх онгорхой байсан. Тэгсэн цонхны доор байсан шилэн плитка хагарсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр гайхаад том өрөөндөө орсон чинь 32 инчийн хар өнгийн Монел загварын зурагт алга болсон болохоор цагдаад хулгайч орсон байна гээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Н.Ууганбаярын “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 3-599 тоотод байх өөрийн гэрийн гадаа 20 цагийн орчим машин засаад зогсож байтал гудамжны дээрээс масктай саарал өнгийн цамц, өмд, пүүзтэй залуу баруун талын хөмсөг нь шалбарч зулгарсан гартаа жижиг нимгэн хар өнгийн зурагт тэврээд явж байсан. Тэгээд тэр залуу нэлээн согтуу надаас тамхи асуугаад би тамхи байхгүй гээд хэлсэн. Тэгээд тэр залуу гудамж уруудаад яваад өгсөн. ...туранхай шар байрын царайтай, залуухан 20 орчим насны залуу байсан. Харвал би танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Ц.Зундуйн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-22 цагийн орчим 20 гаран насны туранхай биетэй, сааралдуу хувцастай нэлээн согтуу залуу жижиг нимгэн зурагт сугандаа хавчуулан орж ирээд та энийг залгаад шалгаад өгөөч гээд надад хэлэхээр нь би шалгах гэсэн чинь залгуур таарахгүй байсан. Тэгээд тэр залуу гарсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Д-ын “...тухайн үед хулгай хийсэн айлынхаа хажуугаар өнгөрсөн ба цонх нь харагддаг болохоор тухайн үед харанхуй байгааг нь мэдсэн. Түүнээс биш тэр айлыг зорьж очсон зүйл байхгүй. Тэгээд тэр айлын хашааны ар талаар нь давж ороод байшингийн ар талын вакум цонхыг нь өшиглөж онгойлгоод дотор нь орсон. Орохдоо доор нь байсан нэг зүйл дээр гишгээд буусан ба одоо бодоод байхад плитка юм шиг байна. Тэгээд том өрөөнд нь ороод зурагт байхаар нь хананаас нь салгаж аваад удирдлагын хамт аваад орсон газраараа эргэж гараад төв зам руу очиж автобусанд суугаад 32-н тойргийн ойролцоо байх буудал дээр буугаад байж байтал нэг приус маркын автомашинтай ах надаас наад зурагтаа зарах уу гэхээр нь би зарна гээд бид хоёр буудлын ТҮЦ ороод залгах гэсэн чинь залгуур нь болохгүй байсан. Тэгээд тэр ах өөрөө зүгээр гээд аваад явсан ба би яг хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Авсан мөнгөөрөө архи авч уугаад л үрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 2-555к тоотод оршин суух иргэн А.Пүрэвсүрэнгийн хүн амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж Монел маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 184.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21-25 дугаар хуудас/, хохирогч А.Пүрэвсүрэнгийн “...гэртээ ирэхэд манай гэрийн гал тогооны цонх онгорхой байсан. Тэгсэн цонхны доор байсан шилэн плитка хагарсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр гайхаад том өрөөндөө орсон чинь 32 инчийн хар өнгийн Монел загварын зурагт алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Н.Ууганбаярын “...гудамжны дээрээс масктай саарал өнгийн цамц, өмд, пүүзтэй залуу баруун талын хөмсөг нь шалбарч зулгарсан гартаа жижиг нимгэн хар өнгийн зурагт тэврээд явж байсан. Тэгээд тэр залуу нэлээн согтуу надаас тамхи асуугаад би тамхи байхгүй гээд хэлсэн. Тэгээд тэр залуу гудамж уруудаад яваад өгсөн. ...туранхай шар байрын царайтай, залуухан 20 орчим насны залуу байсан. Харвал би танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Ц.Зундуйн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-22 цагийн орчим 20 гаран насны туранхай биетэй, сааралдуу хувцастай нэлээн согтуу залуу жижиг нимгэн зурагт сугандаа хавчуулан орж ирээд та энийг залгаад шалгаад өгөөч гээд надад хэлэхээр нь би шалгах гэсэн чинь залгуур таарахгүй байсан. Тэгээд тэр залуу гарсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Д-ын “...Тэгээд том өрөөнд нь ороод зурагт байхаар нь хананаас нь салгаж аваад удирдлагын хамт аваад орсон газраараа эргэж гараад төв зам руу очиж автобусанд суугаад 32-н тойргийн ойролцоо байх буудал дээр буугаад байж байтал нэг приус маркын автомашинтай ах надаас наад зурагтаа зарах уу гэхээр нь би зарна гээд бид хоёр буудлын ТҮЦ ороод залгах гэсэн чинь залгуур нь болохгүй байсан. Тэгээд тэр ах өөрөө зүгээр гээд аваад явсан ба би яг хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Авсан мөнгөөрөө архи авч уугаад л үрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар айлын гэр лүү нэвтэрч Монел маркын 32 инчийн зурагт авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Шүүгдэгч Б.Д-ын нэвтэрсэн объект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр /тоосгон байшин/ бөгөөд нууцаар уг байр лүү нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.Д нь айл руу хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Д-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Д-т 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч:Гэм буруу хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн болно.
Шүүх, шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол бага/, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-аас нийт 226.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Пүрэвсүрэн /Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-555к тоотод оршин суудаг, регистрийн дугаар ЙР98083110/-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-аас нийт 226 500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Пүрэвсүрэн /Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-555к тоотод оршин суудаг, регистрийн дугаар ЙР98083110/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ