| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0102/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130
2021 02 23 2021/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Г.З, Л.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З, Л.З нарт холбогдох эрүүгийн 2011 01877 1164 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны тоот /иргэний үнэмлэхийн хаяг: аймгийн сум дүгээр баг, хэсэг гудамж, тоот/-д оршин суудаг,
-урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Г.З /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны тоотод оршин суудаг,
-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, ялыг бүрэн биелүүлсэн,
Л.З /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.З нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-20г тоотод иргэн Л.Зтой маргалдан, улмаар харилцан зодолдож, түүний нүүр, дух хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайд няцарсан шарх, духанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.З нь 2020 оны 11 дүгээр сарын 1- ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-20г тоотод иргэн Г.Зтай маргалдан, улмаар харилцан зодолдож Г.Зын нүүр хэсэгт гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд зүүн талын нүдний ухархайн дотор хананы далд хугарал, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед согтуу байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.З-ын “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...баз хүргэн Г.З над руу залгаад би утсаа аваад ярьтал утасны цаанаас “ална, гараад ир" гээд байсан. Би гэрээсээ гартал урд талын хашаанд Г.З байсан. Г.З дээр явж очтол намайг барьж аваад боогоод эхэлсэн бөгөөд тавиулах гэтэл дийлэхгүй болохоор нь 2 удаа нүүр лүү нь цохисон бөгөөд ...тавиагүй, гэтэл хүмүүс гарч ирээд салгасан. ...Г.З миний нүүр лүү цохисон. ...Тэгээд хадмын гэрт ороод ярилцаад байж байтал миний дух луу 1 удаа цохисон. ...Юунаас болсныг би ойлгоогүй, гэнэт над руу залгаад орилоод байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Г.З-ын “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа тараад явж байхад манай эхнэр Анхцэцэг надад утсаар яриад “Л.З чамайг ална гээд өчигдөр хутга бариад ээжийнх рүү согтуу орж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.З-ын 88890731 дугаарын утас руу залгаад “надтай ярих юм байвал нүүр лүү харж байгаад хэлчих, битгий ардуур юм яриад яваад бай” гэсэн. ...Тэгээд би гэртээ очоод Л.З-ыг хүрээд ир гээд дуудсан ба Л.З хүрч ирэхээр нь манай хашаанд бид 2 хоорондоо маргалдсан. Л.З архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба маргалдаж байтал Л.З түрүүлээд миний зүүн талын нүд лүү гараараа 1 удаа цохиод, бас толгойгоороо миний хамар хэсэг болон уруул луу, шүд лүү 2-3 удаа хүчтэй мөргөөд миний үүдэн 2 хиймэл шүдийг хугалсан. Тэгсэн тэр хиймэл шүд мөргөхдөө өөрийнхөө толгойг хагалсан. Түүнээс болоод миний уур хүрээд Л.З-ын нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон ба Л.З намайг бас нүүр лүү цохиод, өшиглөөд байсан. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Гэрч Т.Баттулгын “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой бүрэнхий болж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал хоёр хүргэн хоорондоо ноцолдож байсан. Би гэрийнхээ хүнтэй гарч салгасан бөгөөд Г.З-ын нүд нь хавдсан цус гарсан байсан. Харин Л.З-ыг хөдөөнөөс ирсэн дүү нь хойд гэр рүү аваад орсон. ...Г.З эргээд гараад явсан бөгөөд удалгүй дахиад шуугилдаад ирэхээр нь гартал Л.З-ын хашаанд ороод ноцолдож байсан. Г.З нь манай хашаанд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд Л.З нь манай хойд хашаанд амьдардаг юм. Ямар ч байсан 2 удаа ноцолдоход нь салгасан. Маргааш нь Л.З-ын эхнэр орж ирээд манай нөхрийн толгой хагарсан, шүд нь унасан байсан гэж хэлсэн. ...Тухайн өдөр манай гэрт маргаан зодоон болоогүй бөгөөд Г.З Л.З-ын дух луу цохиод гаргасан. ...Энэ хоёр хоорондоо л зодолдсон, өөр хүнтэй маргалдаж, зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Зүүн зулайд няцарсан шарх нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Духны гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй, мөргөх үед үүсэх боломжгүй гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шинжээч Ш.Цэцэгмаагийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12802 дугаартай “...Л.З-ын биед зүүн зулайд няцарсан шарх, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шинжээч Т.Сэлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12802 дугаартай “...Г.З-ын биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы далд хугарал, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.З-ын “...Би Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 49-2-20 тоотод хадам аавын хамт амьдардаг ба манай хажуу талын хашаанд Л.З гэх баз хүргэн амьдардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би ажлаа тараад 21 цагийн үед гэртээ харих гээд явж байхад манай эхнэр Анхцэцэг надад утсаар яриад Л.З чамайг ална гээд өчигдөр хутга бариад ээжийнх рүү согтуу орж ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.З-ын 88890731 дугаарын утас руу өөрийн 99014548 дугаарын утаснаас залгаад надтай ярих юм байвал нүүр лүү харж байгаад хэлчих битгий ардуур юм яриад яваад бай гэсэн. Тэгсэн Л.З намайг чи тэгвэл худгийн хажууд байж бай гээд байхаар нь би гэрт чинь очиж уулзъя гээд тасалсан. Тэгээд би гэртээ очоод Л.З-ыг хүрээд ир гээд дуудсан ба Л.З хүрч ирэхээр нь манай хашаанд бид хоёр хоорондоо маргалдсан ба тухайн үед Л.З архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба маргалдаж байтал Л.З түрүүлээд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод тэгээд бас толгойгоороо миний хамар хэсэг болон уруул руу, шүд рүү 2-3 удаа хүчтэй мөргөөд миний үүдэн 2 хиймэл шүдийг хугалсан, тэгсэн тэр хиймэл шүд мөргөхдөө өөрийнхөө толгойг хагалсан юм. Түүнээс болоод миний уур хүрээд Л.З-ын нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон ба Л.З намайг бас нүүр лүү цохиод, өшиглөөд байсан тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан ба би хадам аавынхаа гэрт ороод байж байхад Л.З-ын аав Лувсанпүрэв орж ирээд надтай маргалдаж байхад араас нь Л.З ороод ирээд бас маргалдаад байхаар нь би Л.З-ын дух руу гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.З-ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ 2 хүүхэд болон хөдөөнөөс ирсэн дүүгийн хамтаар байж байтал орой 19 цагийн үед баз хүргэн болох Г.З над руу залгасан. Тэгээд би утсаа аваад ярьтал утасны цаанаас алнаа, гараад ир гээд байсан Би тэгэхээр нь манайд хүн байна, дараа уулзъя эсхүл өөр газар уулзъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гартал урд талын хашаанд Г.З байж байсан. Тэгэхээр нь би Г.З дээр очиход намайг барьж аваад боогоод эхэлсэн бөгөөд тавиулах гэтэл дийлэхгүй болохоор нь 2 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд би тавих юм бол зугтаая гэж бодтол Г.З гараа тавихгүй байсан. Тэгж байтал хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд байж байтал Г.З манай хашаанд орж ирээд гараад ир гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гартал барьцалдаж автал миний нүүр лүү Г.З гараараа 1 удаа цохисон энэ үед миний хиймэл шүд унасан. Тэгээд тэндээсээ хадам аав Баттулгын гэр лүү ороод байж байтал Г.З миний дух руу гараараа 1 удаа цохисон. Тэндээсээ бид хор салцгаасан ба Г.З цагдаа дуудна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.З-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 65/,
шүүгдэгч Л.З-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.З нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-20г тоотод иргэн Л.З-той маргалдан, улмаар харилцан зодолдож, түүний нүүр, дух хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайд няцарсан шарх, духанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.З нь 2020 оны 11 дүгээр сарын 1- ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-20г тоотод иргэн Г.З-тай маргалдан, улмаар харилцан зодолдож Г.З-ын нүүр хэсэгт гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд зүүн талын нүдний ухархайн дотор хананы далд хугарал, зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.З-ын мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч Г.З-ын гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар хуудас/, гэрч Т.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, шинжээч Ш.Цэцэгмаагийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12802 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Шинжээч Т.Сэлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12802 дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.З-ын мэдүүлэг /хх-ийн 81-84 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Зын мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.З, Л.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгч Г.З, Л.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Л.З нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Л.З нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.З, Л.З нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З, Л.З нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З, Л.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Л.З нарт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Л.З нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Л.З нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.З, Л.З нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З, Л.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ