| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х
Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн… овогт ... Ш-т холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-22 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Ш. /РД: .../
Шүүгдэгч Ш нь “...” ХХК-ны Дорнод ... уурхайн ерөнхий механикаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 18-19-ний хороонд тус уурхайгаас бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу Дорнод ... уурхайн өмчлөлийн 345BL маркийн Экскаваторын түлшний эргэх насосыг завшиж Дорнод ... уурхайд /Хт/ 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х шүүх хуралдаанд: “...Манай байгууллагын зүгээс насосоо буцаагаад авчихсан учир одоо Шаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэв.
Шүүгдэгч Ш-ын шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Гэрч Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...Би Дорнод ...-ийн уурхайд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагаас ажилд гарсан. Тухайн үед уурхайн гүнд цахилгаан насос дээрээ ажиллаж байхад манай механик инженер Ш над руу утсаар залгаад 345BL экскаваторын гинжин доор байгаа шар төмрийг ээлжийн машинд ачаад явуулчих гэж хэлсэн. Улмаар би ээлжийн машиныг дуудаад өөрөө уурхайн гүнээс дээш гарч 345BL экскаваторын гинжин доорх шар төмрийг авах гээд очиход дийлэхгүй байсан учир ногоон тампуун дотор хийгээд чирж гаргаад ээлжийн машиныг дуудаж Г-ыг ирэхээр нь машин дээр нь ачиж өгөөд явуулсан. ... Дараа нь 345ВL Экскаваторын түлшний эргэх насосыг солигдсон байна гээд байсан. Тэгээд Ш солиог нь гаргана гээд Чойр явна гээд намайг цуг явъя гэсэн бөгөөд орлогч дарга Х ч гэсэн “та цуг яваад ир” гэсэн болохоор би Ш-ын хамт Чойроос цаашаа “Шивээ говь” орж үндсэн 345ВL Экскаваторын түлшний эргэх насосыг авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/
Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 онд Дорнод ... уурхайд ажиллаж байхдаа Ш ахтай танилцсан. 2019 оны 12 дугаар сард манай 345 BL маркийн Экскаваторын түлшний эргэх насос эвдэрсэн юм. Улмаар энд тэндээс танидаг хүмүүсээс асууж сураглаж байгаад Ш ахтай ярьсан юм. Гэтэл Ш ах надад нэг байгаа гэхээр нь хэдээр өгөх юм гэсэн чинь 3 саяар өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ах М-тэй утсаар ярихад яаралтай ав, ажил зогсоод байна гээд 3 сая төгрөг над руу шилжүүлэхээр нь би худалдаж авсан. Намайг уг төхөөрөмжийг угсраад ажилд гарч байхад Ш ах яриад нөгөө зарсан эд зүйлийг буцааж авахгүй бол ажлаас хална гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө бүрэн авч ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/
Хохирогч Х-ын мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой ... ХХК-ны хариуцлагатай жижүүр миний утас руу залгаад шуудайтай төмрийг ерөнхий механик Ш гаргах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “байлгаж бай, миний зөвшөөрөлгүй хаанаас ч, юу ч гарахгүй гэж хэлсэн. Яг юу байна зургийг нь дараад фейсбүүкээр явуул гэж хэлсэн бөгөөд зургийг нь харсан чинь эргэхийн насос байсан. Улмаар би маргааш ажил дээрээ очоод өчигдрийн насос хаана байна гэсэн чинь үйлчилгээний жолооч Ц аваад гарсан гэж хэлсэн. ... би Ц жолоочийг дуудаж уулзаж 345BL Экскаваторын түлшний эргэх насос хаашаа солигдсон талаар асуухад Дорноговь аймаг руу Э гэх хүнд Ш өгсөн гэдгийг хэлсэн. Өийн хувьд тухайн орой уурхайн гүнд усан насос буюу Зүүмп дээр ажиллаж байсан бөгөөд Ш нь удаа дараа Ө рүү залгаж Экскаваторын дор байгаа шар төмрийг аваад ээлжийн машинд ачаад явуулчих гэсэн юм байна лээ. Тэгэхээр нь ээлжийн машины жолооч Г-ыг дуудаж шар шуудайтай эд ангийг Г-ын машины тэвшин дээр ачсан байна. Уг 345BL экскаватор нь 2019 оны намар уулын 2 дугаар хэсгийн карерт эвдэрсэн байсан. 345BL экскаватор эвдэрснээс хойш засвар үйлчилгээг Ш өөрөө хийсэн. Ер нь Ш ерөнхий механик бөгөөд бүх техник хэрэгслээ хариуцаж хэвийн явах нөхцлийг бүрдүүлдэг байсан. Манай уурхайд 345BL экскаваторыг Ш хариуцаж ажилд гаргадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-46 дугаар тал/
Шүүгдэгч Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012 оноос эхлэн ... ХХК-д засварын механикч албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оноос ерөнхий механик болсон юм. 2020 оны 01 дүгээр сард ээлжийн амралтаа аваад байж байтал хуучин хамт ажиллаж байсан Э утсаар яриад эргэхийн гидр насос байна уу, худалдаж авъя гэсэн. Тэгэхээр нь би манай нэг экскаваторын актанд удахгүй гарах юм чинь эргэхийн насосыг аваад заръя гэж бодоод эргэхийн насосыг зарахаар болсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Ө рүү залгаад эргэхийн насосыг би авч байгаа юм, жолоочид өгөөд гаргачих би гаднаас тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө насос гарч ирэхээр нь Э 3 сая төгрөгөөр зараад мөнгийг нь аваад салсан. Тэгээд удаагүй байтал компаниас намайг эргэхийн насосыг авсныг мэдээд аваад ир гэхээр нь Э 3 сая төгрөгийг нь өгөөд эргэхийн насосыг авч буцааж өгсөн. Би удирдлагаасаа зөвшөөрөл аваагүй. Өөрөө дур мэдээд эргэх насосыг гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 дугаар тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ш нь “...” ХХК-ны Дорнод ... уурхайн ерөнхий механикаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 18-19-ний хороонд тус уурхайгаас бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу Дорнод ... уурхайн өмчлөлийн 345BL Экскаваторын түлшний эргэх насосыг завшиж Дорнод ... уурхайд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө, гэрч Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажилд томилсон тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ш нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш нь ... ХХК-д 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтын хугацаагаар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий механикаар ажиллаж байсан болох нь ... ХХК-ийн ерөнхийлөгчийн ажилд томилох тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х нь шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ш-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Ш-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ... Ш-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ... Ш-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ... Ш-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ... Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА