Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 764

 

2018 оны 12 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2018/0764 Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Цэндсүрэнгийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоогийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0088251 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, хэрэг бүртгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар гаргасан дүгнэлттэй зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Цогтоо би 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа картонон цаасан хайрцаг, цаасан боодлын үйлдвэрлэл явуулдаг Агар тайж ХХК-ийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Хяналт шалгалтаар менежер албан тушаалтай гэх С.Пүрэвсүрэн нь цаасны бэлдэц хадгалдаг агуулахдаа газрын тосны бүтээгдэхүүн, авто машины масло тос, мөн үйлдвэрт ашиглагдах хялбар шатах материал бүхий 200 литрийн савтай шингэн цавууг их хэмжээгээр зориулалтын бус газарт, шатах материал хадгалсан агуулахад хамт хадгалсан зөрчил дээр зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулах, эсхүл зөвшөөрөл авах журам зөрчсөн гэх зүйл заалтын дагуу зөрчил гаргасан С.Пүрэвсүрэнг иргэнээр 0088251 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмаар Барилга байгууламжид гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж /гал унтраах автомат болон дохиоллын систем, утаа зайлуулах систем, усан хангамж/ анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж аваагүй үйл ажиллагаа явуулсан.

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын албан шаардлагад зааснаар Агар тайж ХХК-ийн гаргасан зөрчил нь зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэх зөрчлөөр торгох арга хэмжээ аваагүй, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийг хувь хүнд оногдуулж хууль буруу хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0088251 дугаартай шийтгэлийн хуудсаар Агар тайж ХХК-ийн менежер С.Пүрэвсүрэнг зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4,2 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дахин хэрэг бүртгэлтийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцөл боломжийг олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоо нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0088251 дүгээр шийтгэлийн хуудсаар ... Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Агар тайж ХХК газрын тосны бүтээгдэхүүн, авто машины тос, шингэн цавууг зориулалтын бус газар хадгалсан, байгууллагын галын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүй зэрэг үндэслэлүүдээр тус компанийн менежер С.Пүрэвсүрэнг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Цэндсүрэн нь ... Агар тайж ХХК-ийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэх зөрчлийг гаргасан ба эрх бүхий албан тушаалтан хууль буруу хэрэглэсэн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг хувь хүнд оногдуулсан гэх үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, хэрэг бүртгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоо нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Цэндсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ... эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан байна.

Иймд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоо нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Цэндсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар Прокурорын дүгнэлт-ийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Цогтоо хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА