Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 119/2022/0020/З |
Дугаар | 221/МА2022/0641 |
Огноо | 2022-10-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0641
З.Хын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан
Нэхэмжлэгч: З.Х
Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 119/2022/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Х нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 15 дугаар зүйлийн 15.1, 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн хувь хүний орлогын албан татварт илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хувь хүний орлогын албан татварт төлсөн нийт 11,415,475 төгрөгөөс 2019, 2020, 2021 онуудад эдэлсэн татварын хөнгөлөлтийн үнийн дүнг суутган, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн шүүхийн өмнө эрх тэгш байх, 7 дугаар зүйлийн шүүх нотлох зарчим, 11 дүгээр зүйлийн хууль хэрэглэх зарчим, 31 дүгээр зүйлийн нотлох баримт, 34 дүгээр зүйл нотлох баримтыг үнэлэх, 37 дугаар зүйлийн гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий хуулийн заалтыг үл харгалзан хэт нэг талыг харж хуулийн зүйл, заалтад анхаарал хандуулалгүй шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгагдсан хуулийн заалтуудыг хуульд нийцүүлэх бус өөрийн итгэлээрээ тайлбарлан хууль, хуулийн заалтыг дордуулан хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг дордуулан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
3.2. Мөн түүнчлэн хэрэг шийдвэрлэхэд шаардлагагүй үйл баримт, хуулийн заалтад хэт их анхаарал хандуулж хэргийн оролцогчдын нэг талын байр суурийг ханган харж, дүгнэлт хийж байгаа хэрэг хянан шийдвэрлэсэн байдлаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тогтоогдсон байдал, өөрийн цалингаас суутгуулсан албан татварын дүн, албан татвар төлөгч мөн эсэх зэрэгт дүгнэлт хийж байгаагаас харагдаж болохоор байна. Хэргийн оролцогч болсныхоо хувьд хариуцагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг мэдсэнээс хойш албан татвараас чөлөөлөхгүй, эсвэл чөлөөлөгдөхгүй гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч өмнөх суутгуулсан албан татварыг буцаан авах тухай хүсэлт гаргаснаар татварын хэлтэс анх мэдсэн байхад шүүх татварын хэлтсийг хариуцах ёстой гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/16 дугаар зүйлийн 16.1.10 “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан хувь хүний орлого”, мөн хуулийн /2019 он/ 22 дугаар зүйлийн 22.1.2 “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого"-д заасан орлогыг албан татвараас чөлөөлөхөөр хуульд заасан байдаг боловч татварын албаны зүгээс нэхэмжлэгчийн орлогоос албан татвар суутган авч төсөвт шилжүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 “суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг”-д гэж заасан байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Энэ хуулийн 4.1.11 -д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад доор дурдсан журмыг баримтална”, 25.1.1-д “энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогын дунд энэ хуулийн 21 1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд цалингаас нь суутган авч төсөв шилжүүлэх эрх, үүрэгтэй этгээд нь тухайн ажил олгогч байгууллагын нягтлан бодогч нь байдаг. Татварын албаны зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт албан хаагчдын хэдэн ажилтан нь хэвийн нөхцөлөөр хөдөлмөр эрхлэлттэй, хэд нь хөгжлийн бэрхшээлтэй талаар мэдэх боломжгүй.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ажил олгогч байгууллагын нягтлан бодогчийг гэрчээр оруулж тодорхой асуулт тавьж гэрчийн мэдүүлэг авсан. Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаартай шийдвэрт гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөх төдийгүй, гэрч оролцуулсан тухайд ч огт дурдаагүй байна. Шүүхийн тамгын газрын нягтлан бодогчид хөгжлийн бэрхшээлтэй болсон тухайгаа огт мэдэгдэж байгаагүй, гагцхүү аудитын шалгалтын дараа нь мэдсэн тухайгаа гэрч шүүх хуралдаанд өөрийн биеэр гэрчилсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 13-д нэхэмжлэгчийн орлогыг албан татвараас чөлөөлөх эрх бүхий байгууллага албан тушаалтан нь Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч эсхүл Орхон аймгийн татварын хэлтэс байхаар зохицуулжээ гэж дурджээ. Холбогдох хуульд хуулиар албан татвар суутгах үүрэг бүхий албан тушаалтан гагцхүү тухайн ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан байхад шүүх хуулийг үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгүүдэд дурдсан хуулийн заалтуудыг хариуцагч буруутгах шаардлага байхгүй бөгөөд харин шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэргийг үндэслэлгүй шийдвэрлэснийг харуулж болохоор байна.
3.5. Иргэн З.Х нь суутгуулсан албан татвараа буцаан авах тухай хүсэлтийг тус хэлтэс болон Татварын ерөнхий газарт хүргүүлэн тодорхой хариуг авсан байдаг. Татварын ерөнхий газар нь хууль хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд хуулийн хүрээнд хариу өгсөн байна. Нэхэмжлэгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, илүү төлсөн төлсөн татвараа буцаан авах эрхийг минь зөрчсөн гэсэн үндэслэлээр тус хэлтсийн даргыг хариуцагчаар татсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.17 “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар"-д заасны дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого нь сумын төсвийн орлогыг бүрдүүлдэг. Нэхэмжлэгч татвар төлөгч иргэн З.Хаас ажил олгогчийн суутган төлөгч суутгаж авсан албан татвар нь шууд сум, орон нутгийн төсөвт шилжсэн. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25 “татварын алба” гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтэс, сум, тосгоны татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг” гэж заасан. Өөрөөр хэлбэл суутгагдах ёсгүй байсан албан татварыг суутган төлөгч суутган төсөвт шилжүүлснээс үүссэн үр дагаврыг өөр этгээдэд хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа: “З.Хын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх шаардлагагүй үйл баримтад дүгнэлт хийсэн, гэрчийн талаар болон гэрч орсон талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, суутган төлөгчийн татвар суутгаж төсөвт шилжүүлсэн байхад Татварын албыг хариуцагчаар татсан гэж тодорхойлжээ.
4.2. Хариуцагчийн гомдолдоо шүүхийн шийдвэрт тогтоох, тодорхойлох шаардлагагүй үйл баримт гэдгээ нэхэмжлэгчийн хөгжийн бэрхшээлтэй иргэнээр тогтоогдсон байдал, цалингаас суутгуулсан албан татварын хэмжээ, татвар төлөгч мөн эсэхийг тодорхойлсон байдлуудыг хэлсэн байна.
Уг шүүхэд шийдвэрлэгдэж буй маргаан нь Татварын эрх зүйн маргаан болохынхоо хувьд тухайн татварт суутгуулан төлсөн албан татварыг татвар төлөгч байж төлөх, чөлөөлөгдөх талаар ярина. Татварын албаны харилцагч бол татвар төлөгч иргэн, хуулийн этгээд байна. Татвар төлөгч биш бол анхнаасаа энэ асуудлаар захиргааны үүсгэн шалгах шаардлагагүй нөхцөл байдал үүснэ. Мөн татварын эрх зүйн маргаан дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэний татварын асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэл гарган асуудлыг хөндөж байгаа тул шүүх дээрх нөхцөл байдлыг тодорхойлж, дүгнэлт өгөх нь зүйтэй, Гэтэл хариуцагч уг нөхцөлийг хэтэрхий нэг талыг барьсан гэж шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гэрчээр Д.Сувдааг оролцуулахаар хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэх хуралдаанд гэрч ороолцсон. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хурлын ирцийн талаар тодорхой бичсэн байна. Мөн тодорхойлох хэсэгт гэрчийн У мэдүүлгийг бичсэн байхад гэрч оролцуулсан талаар шүүх шийдвэртээ дурдаагүй, үнэлэлт өгөөгүй гэжээ. Харин асуусан асуултад хариулсан талаарх бичвэрийг шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харах боломжтой. Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны тэмдэглэл мэт ташаа ойлгож үүнийгээ давж заалдах гомдлын үндэслэл болгож бичиж байгаа нь буруу гэж үзэж байна. Шүүх шийдвэрээ хуулийн дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрээ гарган үндэслэлээ тодорхойлох нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
4.4. Татварын хэлтэс анх шүүхэд хариу тайлбар өгөхөөс эхлээд бид хариуцагч биш гэж маргаж байсан бөгөөд шүүхийн мэтгэлцээний үед талууд өөр өөрсдийн тайлбараа өгч ирсэн. Давж заалдах гомдолдоо хариуцагч биш гэдгээ Төсвийн тухай хуулийн 23.8.17, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 6.1.25 дахь заалтуудыг удирдлага болгон тайлбарласан байна. Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ асуудлыг татварын алба хариуцаж шийдвэрлэх ёстой талаар тодорхой дүгнэлт өгсөн байна. Мөн хариуцагчаар татах нь үндэслэлгүй, хариуцагч биш гээд байгаа нь татварын алба өөрийн чиг үүргээ ухамсарлахгүй, ямар асуудлыг хамарч орон нутагт үйл ажиллагаа явуулах талаар буруу ташаа ойлголттой байгаа мэт харагдаж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэл байхгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд холбогдуулан гаргасан тайлбартаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хэвээр үлдээж өгнө үү гэсэн байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2.1. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0313318 дугаар актаар нэхэмжлэгч З.Хыг “зүрхний архаг ишемит” өвчнөөр оношилж, түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сарын хугацаатай тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0388396, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0468771 дүгээр актаар тус бүр 12 сараар сунгаж шийдвэрлэсэн байна.
2.2. Нэхэмжлэгч З.Хын хувь хүний орлогын албан татварт илүү төлсөн төлөлтийг буцаан гаргуулах тухай хүсэлтийн хариуд Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/99 дүгээр албан бичгээр “... тус хэлтэс нь чөлөөлөгдвөл зохин албан татварыг буцаан олгох үндэслэлгүй болно.” гэжээ.
2.3. З.Х нь уг хариуг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт гомдол гаргасан. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09/974 дүгээр албан бичгээр “... Дээрхээс үзвэл татвар төлөгч хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримтыг суутгагчид гаргаж өгсөн тохиолдолд албан татвараас чөлөөлөгдөх, мэдэгдээгүй, баримтыг гаргаж өгөөгүй нь суутгагч болон татварын албыг буруутгах, улмаар 2019-2022 онд цалингийн орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр суутган авч, төсөвт төлсөн татварыг илүү төлсөн татвар гэж үзэж буцаан олгох үндэслэлгүй тул таны гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримтыг суутгагчид гаргаж өгсөн үеэс хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөх боломжтой.” гэсэн хариу өгчээ.
2.4. Улмаар З.Х Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэрийг эс зөвшөөрч, “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
2.5. Ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авч, хэргийг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хувь хүний орлогын албан татварт илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хувь хүний орлогын албан татварт төлсөн нийт 11,415,475 төгрөгөөс 2019, 2020, 2021 онуудад эдэлсэн татварын хөнгөлөлтийн үнийн дүнг суутган, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн давж заалдах гомдлыг үндэслэл тус бүрээр нь дурдвал.
4. “... анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 7, 11, 31, 34, 37 дугаар зүйлд заасныг үл харгалзан хэт нэг талыг харж хуулийн зүйл, заалтад анхаарал хандуулалгүй шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгагдсан хуулийн заалтуудыг хуульд нийцүүлэх бус өөрийн итгэлээрээ тайлбарлан хууль, хуулийн заалтыг дордуулан хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг дордуулан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна ...”,
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ажил олгогч байгууллагын нягтлан бодогчийг гэрчээр оруулж тодорхой гэрчийн мэдүүлэг авсан ... шийдвэрт гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөх төдийгүй, гэрч оролцуулсан тухайд ч огт дурдаагүй байна.” гэх үндэслэлийн тухайд.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн итгэлээр үнэлнэ гэж заажээ.
4.2.1. Хавтаст хэргийн 47-49 дүгээр талд авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2019 оны 0313318 дугаар, 2020 оны 0388396 дугаар, 2021 оны 0468771 дүгээр актуудыг үндэслэн З.Хыг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон гэж дүгнэсэн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасантай,
4.2.2. Нэхэмжлэгчийг татвар төлөгч иргэн байна гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай,
4.2.3. Хавтаст хэргийн 60-64 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн цалингийн карт, гэрчийн мэдүүлэг зэргээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарснаас хойш 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн цалин, орлогоос хувь хүний албан татварыг 10 хувиар тооцож, суутган төсөвт шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон шийдвэр гарсан үеэс эхлэн түүнийг албан татвараас чөлөөлөх ёстой байжээ гэж дүгнэсэн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасантай,
4.2.4. Хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан баримтаар 2019, 2020, 2021 онуудад нэхэмжлэгчийн цалин, хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татварт нийт 11,415,475 төгрөгийг илүү төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч байгууллага буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1.1-д тус тус заасантай нийцэж байна.
Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий зөв дүгнэлт өгсөн тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
5. “... Хэргийн оролцогч болсныхоо хувьд хариуцагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг мэдсэнээс хойш албан татвараас чөлөөлөхгүй, эсхүл чөлөөлөгдөхгүй гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч өмнөх суутгуулсан албан татварыг буцаан авах тухай хүсэлт гаргаснаар татварын хэлтэс анх мэдсэн байхад шүүх татварын хэлтсийг хариуцах ёстой гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.” гэх үндэслэлийн тухайд.
5.1. Анхан шатны шүүх хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч хохирсон гэж дүгнээгүй бөгөөд гагцхүү нэгэнт байгууллагаас хувь хүний орлогын албан татварыг илүү суутган төсөвт шилжүүлсэн байгааг нэхэмжлэгчид буцаан олгож түүний эрхийг хамгаалах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 “татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй”, 12.1.4 “татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй”, 49 дүгээр зүйлийн 49.1.1 “Татварын алба нь илүү төлсөн татварыг буцаан олгоно”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлнө гэсэн заалтуудад тус тус нийцэж байна.
6. “... Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 “суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг”-д гэж заасан байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Энэ хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад доор дурдсан журмыг баримтална”, 25.1.1 “энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогын дүнд энэ хуулийн 21.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд цалингаас нь суутган авч төсөвт шилжүүлэх эрх, үүрэгтэй этгээд нь тухайн ажил олгогч байгууллагын нягтлан бодогч байдаг ... Татварын албаны зүгээс хэд нь хөгжлийн бэрхшээлтэй талаар мэдэх боломжгүй.”,
“... холбогдох хуулиар албан татвар суутгах үүрэг бүхий албан тушаалтан гагцхүү тухайн ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан байхад шүүх хуулийг үндэслэлгүй буруу тайлбарлаж ... хариуцагчийг буруутгах шаардлага байхгүй ...”,
“... иргэн З.Хаас ажил олгогчийн суутган төлөгч суутгаж авсан албан татвар нь шууд сум, орон нутгийн төсөвт шилжсэн. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25 “татварын алба” гэж юу болох талаар заасан. Өөрөөр хэлбэл суутгагдах ёсгүй байсан албан татварыг суутган төлөгч суутган төсөвт шилжүүлснээс үүссэн үр дагаврыг өөр этгээдэд хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна.” гэх үндэслэлийн тухайд.
6.1. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дүгээр тушаалаар баталсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.3-т “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж суутгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч, эсхүл Орхон аймгийн Татварын хэлтэс байхаар зохицуулсан байна.
6.2. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ”, 49.1.1-д “буцаан олгох” гэжээ.
Хэдий татвар төлөгчийн ажил олгогч татварыг суутган төлөх үүрэгтэй, татварын хэлтэс нэхэмжлэгчийн өвчин, хөдөлмөрийн чадвараа алдсан талаар мэдэх боломжгүй ч гэсэн нэгэнт үндэслэлгүйгээр илүү төлөгдсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох эрх бүхий этгээд нь Орхон аймгийн Татварын хэлтэс тул уг маргаан бүхий захиргааны хэрэгт хариуцагчаар оролцох этгээд мөн бөгөөд нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ