Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 19

 

П.Цэцэгбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00146 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын орон сууцны 27 тоотод оршин суух, Оточ овогт Пэрэнлэйн Цэцэгбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 дугаар жилийн 2 дугаар дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Цэцэгбаяр, түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрэнлхам, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие нь 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар дунд сургуулийн 64 дүгээр тушаалаар бага ангийн сургалт, арга зүй хариуцсан сургалтын менежерийн ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа ёс зүйн болон ажлын хариуцлага алдаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ямагт биелүүлж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирал 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар намайг дуу хөгжмийн багшаар томилж, 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар намайг өөр ажилд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар бага ангийн сургалтын менежерийн ажлын байр төдийгүй намайг дуу хөгжмийн багшаар томилсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тухайн дуу хөгжмийн багшийн статус байхгүйг мэдсээр байж дээрх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хязгаарласан ойлголт гэж үзэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан нь дээрхи зохицуулалтыг ажил олгогч зөрчжээ гэж үзэхээр байна. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар надтай тохиролцохгүйгээр өөр ажилд томилсон. Миний бие боловсролын байгууллагад 30 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд албан тушаал өөрчлөн томилох тухай Б/51 дугаар тушаал нь ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлсэн, эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Дуу хөгжмийн багшийн ажилд томилсон шийдвэр нь дээр дурдсан Үндсэн хуулийн миний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж үндсэн цалинг эрс бууруулсан шийдвэр гаргасан. Мөн цалингийн зөрүү 625 322 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн  хариу тайлбар: Миний бие тус сургуулийн захирлаар томилогдож ажлаа авсны дараа нийт багш ажилчдын зөвлөгөөн хийхэд тус сургуулийн багш ажилчдаас ... бага ангийн сургалтын менежер П.Цэцэгбаяр нь чадвар муутай, ажилдаа сэтгэл гаргадаггүй, тогтвор суурьшилтай ажилладаггүй, ёс зүйн алдаатай, ажлын байрны дарамт үзүүлдэг, ашиглангийн хэрэг хийж санхүүгийн хяналт, аудитын албаны хяналтын улсын байцаагчийн акт тавигдаж байсан. Ажил хийдэггүй мөртлөө цалин бүтэн авдаг... гэх зэрэг гомдол шалтгаануудыг хэлж байсан бөгөөд багш нарын зөвлөгөөнөөс менежер нарыг солихыг дэмжсэн. Энэ талаар П.Цэцэгбаяртай урьдчилж ярилцсан бөгөөд сургалтын менежерээс өөр ямар ажил албан тушаал дээр очих саналтай байгааг нь асуухад ор тас гудамжинд гаргачихваа, намайг харж үзээрэй гэсэн. Ингээд 5 хоног ямар ч хариу өгөлгүй байж байгаад өөрөө 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирж уулзсан. Би дуу хөгжмийн багш хийе, цалин бодолцоорой гэсэн бөгөөд секцийн ахлагч /цалингийн 5%/, кабинет /цалингийн 5 хувь/, өгсөн боловч секцийн багш нар ийм ёс зүйгүй, чадвар муутай хүнээр ахлагчаа тавихгүй гэсэн өргөдлийг сургуулийн захиргаанд гаргасан. Багш П.Цэцэгбаяр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж ажиллаж ирсэн байсан. Энэ нь хамт олны хурлын тэмдэглэлээр нотлогдох юм.

Мөн санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3505/33 дугаар актаар П.Цэцэгбаяр нь өөрийн дураар Төсвийн тухай хууль тогтоомж зөрчиж багш М.Мөнгөнтуяа, Б.Норолха, Б.Жүгдэрнамжил нарт хууль бусаар цалингийн нэмэгдэл олгож байсныг илрүүлж, акт тогтоосон нь уг хүнийг менежерээр ажиллах мэдлэг ур чадвар дутмаг гэдгийг харуулж байна. Нэхэмжлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан гэсэн байгаа бөгөөд П.Цэцэгбаяр нь өөрөө бага ангийн багш мэргэжилтэй ба мэргэжлийн багшгүй тохиолдолд бага ангийн багш нар өөрсдөө биеийн тамирын хичээл болон дуу хөгжмийн хичээлийг орж болно гэсэн практик сүүлийн 30 жил үйлчилж байгаа мөн П.Цэцэгбаярын өөрийнх нь саналыг харгалзан дуу хөгжмийн багшаар ажиллуулсан учраас дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

П.Цэцэгбаярын талаар гаргасан багш нарын гомдлыг хэлэлцэхдээ тус сургуулийн менежер нарын хурлаар хэлэлцэхэд П.Цэцэгбаяр нь өөрөө дуу хөгжмийн багш хийе гэсэн хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтийг нь хангаж түүнийг дуу хөгжмийн багшаар томилсныг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00146 дугаар шийдвэрээр:”

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Цэцэгбаярыг урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилсугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.Цэцэгбаярын цалингийн зөрүү 625 322 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг, цалингийн зөрүү 625 322 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19 409 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч П.Цэцэгбаяр нь албан тушаалын цалингийн зөрүү 625322 төгрөг хариуцагч байгууллагаас шаарджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байхад хариуцагч захирал Ц.Цэрэнлхамд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 72 дугаар зүйлд заасны дагуу эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзлаа бичиж өгөх хууль ёсны эрхээр нь хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Цэцэгбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах биш нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад шүүх хэргийн хариуцагчаас энэ талаар тайлбар аваагүй байна. Мөн тушаал гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. П.Цэцэгбаяр нь ажиллах хугацаандаа ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүүхдийн сурлагын түвшин муудсан зэргээр хамт олны хурлын 83.2 хувийн саналаар ажлаас чөлөөлөгдсөн. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрхийн дагуу П.Цэцэгбаярыг үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөх эрхийн дагуу дээрхи тушаалыг гаргасан байна.

Мөн П.Цэцэгбаярт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 35058/53 дугаартай Аудитын улсын байцаагчийн актаар төлбөр тавигдсан бөгөөд төлбөрийг төлсөн баримтууд байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул   шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар дунд сургуулийн захиралд холбогдуулан гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь цалингийн зөрүү 625.322 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж  гаргасан байна.  /хх-ийн 68 дугаар тал/

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч   эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалингийн зөрүү 625.322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн цалингийн зөрүү гаргуулах дээрх шаардлага нь хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдий хугацааны цалингийн зөрүү гаргуулах гэж байгаа талаар тодорхойгүй ойлгомжгүй байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна. Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг  хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй байхаас гадна  хариуцагчийн Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг ноцтой зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89610 төгрөгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2017/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89610 төгрөгийг төрийн сангийн 110000321668 тоот данснаас гаргуулж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрэнлхамд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                           С.ӨМИРБЕК

                                  

 

Н.ТУЯА