Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 11

 

С.Шд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат

            Прокурор                                           С.Алтай

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Г.Цэрэндолгор нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Мийн давж заалдах гомдлоор С.Шд холбогдох эрүүгийн 1721001230112 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 2 ах, 1 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож шийдвэрлэснийг 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 14 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, Б овогт С.Ш,

С.Ш нь 2017 оны 8 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг тоотод М.Мийн баруун нүдэнд шаазан аягаар цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулалт, өмнөд камерийн цус хуралт гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас баруун нүдийг хараагүй болгож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай С.Шд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б овогт С.Шг бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Шд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Шс 465960 /дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мд олгож, хохирогч нь нүдний хагалгаанд орох 10 сая төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 700 мкв талбайтай газрын хувьд ногдох хэсгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 465960 төгрөгийг албадан гаргуулж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Эрхэтийн 16 дугаар гудамжны 14 тоотод байрлах 700 мкв талбайтай газрын битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, … шийдвэрлэжээ.

Хохирогч М.М давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэл:

Шүүгдэгч С.Ш нь 2014 онд хөнгөн гэмт хэрэг, 2015 онд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж шүүхээр 2 удаа ял шийтгэгджээ. Анхан шатны шүүх С.Шд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй байна. Шүүхээс С.Шг 2015 оны 12 сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг давж заалдах шатны шүүх 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 14 дүгээр магадлалаар уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байхад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Шүүгдэгч С.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогч М.М миний эмчилгээний зардлыг төлөөгүй, урьд өмнө 2 удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсныг ял хөнгөдсөн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Миний хувьд зүгээр байж байгаад Ш гэгчид нүдээ сохлуулсандаа маш их гомдолтой байгаа болно.

Шүүгдэгч С.Ш 2017 оны 08 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Уын гэрт миний баруун нүдэнд шаазан аягаар цохиж хүнд гэмтэл учруулсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4 дэх хэсгээр зүйлчилсэнтэй санал нийлэхгүй байна. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биеийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл ...гэх мэтийг хамааруулж ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ. Шүүгдэгч С.Ш нь миний нүд рүү шаазан аягаар цохисон бөгөөд шаазан аяга нь нүдийг гэмтээх зориулалттай эд зүйл гэж ойлгож байгаа болно.

Миний баруун нүдэнд нүдний алим нэвтэрсэн шархтай, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулалт, өмнөд камерын цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас баруун нүдийг хараагүй болгосон бөгөөд цаашид нөгөө нүдэндээ нөлөөлж болох магадлалтай тул яаралтай хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай гэсэн болно. Гэтэл Ш болон ар гэрийнхэн нь надад огт туслахгүй уучлалт ч гуйхгүй байгаа бөгөөд эмчилгээндээ зарцуулсан 465960 төгрөгийг төлөөгүй болно. … Би бага насны хүү, өндөр насны тэтгэвэрт байдаг ээжтэйгээ амьдардаг бөгөөд нүдээ сохлуулахаас өмнө ажил хийж гэр орноо авч яван ээж, хүүгээ тэжээн тэтгэж байсан хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь байсан юм. Одоо өрөөсөн нүд юм харахгүй, нөгөө нүд маань өвдөөд хөдөлмөрийн чадвараа алдсан, урьд өмнө авч байсан цалин мөнгөө авахгүй болсон. Цаашид нөгөө нүдэндээ нөлөөлж 2 нүд хараагүй болох эрсдэлтэй гэсэн тул нэн яаралтай хагалгаанд орж эмчлүүлэх хэрэгтэй болсон. Зүгээр байж байгаад хүнд нүдээ сохлуулсандаа маш гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хөнгөн зүйл хэсгээр зүйлчилсэн, хүнд гэмт хэрэг үйлдсэн С.Ш гэгчид хөнгөн ял оногдуулсан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийг нэг мөр хэрэглэж, С.Шд зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Ялтан С.Ш нь 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 14 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, уг хугацаа нь 2017 оны 07 сарын 14-ний өдөр дууссан болно.

С.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрдөггүй, энэ тухайгаа анхан шатны шүүх хуралдаан, мөрдөн байцаах шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсээр ирсэн байдаг.

Хохирогч М.Мн “...цулгуй шаазан, өнгөгүй, стекан аягаар миний нүдийг цохиж гэмтээсэн...” гэх ба энэ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэмт хэргийн ул мөр үлдсэн шаазан аягыг эд мөрийн баримтаар тогтоогоогүй байна. Хохирогч М.М, гэрч Г.Б нарын мэдүүлэгт У, Ш, Г нараас гадна дахин нэг танихгүй залуу байсан гэх, мөн С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт надтай цуг орсон залууг С гэдэг талаар мэдүүлдэг, үүнийг хэрэгт ач холбогдолтой баримт, гэрчээр тооцож аваагүй байна.

... Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...хар ноосон цамцтай...” гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...саарал цамцтай байсан...” зэрэг зөрүүтэй мэдүүлгүүд харагдаж байна. ... Хохирогч М.М “Шүтээн намайг цохисон” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогддоггүй, үндэслэлтэй, эргэлзээгүй, үнэн ярьж байгаа гэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Шд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор хэлсэн саналдаа: Шүүгдэгч С.Шний өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа дууссан тул ял нэмж нэгтгэх үндэслэлгүй юм. Хохирогч Мийн нүүр рүү цохисон гэх шаазан аягыг эд мөрийн баримтаар тогтоогоогүй нь буруу. Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгч байсан ба хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар Ш энэ хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогддоггүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа зүйлүүд мөрдөн байцаалтын явцад бүрэн нотлогддог. Шүүгдэгч Шд холбогдох хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. Уг хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дууссан тул түүнд ял нэмж нэгтгэх асуудал байхгүй. Шаазан “аяга” нь цай уух зориулалттай учир Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлд хамаарахгүй юм. Хохирлыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдсэн явдал нь хууль зөрчөөгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв. 

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх С.Шд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Ш нь 2017 оны 8 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 3-13 тоотод М.Мийн баруун нүдэнд шаазан аягаар цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулалт, өмнөд камерийн цус хуралт гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас баруун нүдийг хараагүй болгож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч М.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэр айлд ороод суухад 4 залуу сууж байсны нэг нь над руу “Чи айлын хойморт суулаа” гээд дайрахад  Б дундуур орж намайг өмөөрч “Гаднаас хүн орж ирж байхад яагаад байгаа юм бэ?” гэхэд өөр нэг залуу Быг авч гарсан. Би араас нь гарах гэхэд над руу дайраад байсан залуу барьж байсан аягаараа баруун талын нүд рүү цохисон. Би нүдээ дараад доош тонгойход дээрээс өшиглөсөн. Босоод гарч зугтаагаад Бх руу очсон. Маргааш өглөө босоход баруун нүд хавдсан байсан. Биеийн бусад хэсгээр гэмтэл байгаагүй. Ингээд хэрэг болсны 4 хоногийн дараа нүдний хавдар буухад баруун талын нүд юм харахгүй байсан. Улаанбаатар хотод ирээд Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж 17-ны өдөр хагалгаанд орсон. Одоогоор нүд сайн харахгүй байгаа бөгөөд нүдний наад хэсгийн шарх цэгцлэх хагалгаанд орсон. Цаашлаад дахин хагалгаанд орно гэсэн. Намайг цохисон хүнийг харвал танина, 170 см орчим өндөр, дунд зэргийн биетэй, 20-25 орчим насны, шардуу царайтай, хар ноосон цамцтай байсан. Дээрх залуу миний нүд рүү цулгай шаазан аягаар цохиж гэмтээсэн. Бусад нь гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19/,

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “…Нэлээн согтуу байсан учраас болсон зүйлийн талаар дутуу зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Одоо санаж байгаагаар 2017.08.08-ны шөнө ойролцоогоор 01 цаг өнгөрч байхад Мийн хамт дахиж архи олж уухаар гарч гудамжинд Ч буюу Чтай таарсан. Ч “Бид нар Уд ууж байгаа, архи байгаа гэхээр нь 3-лаа орсон. …У Мийг “Гэрийн хойморт суулаа” гэж маргахаар нь би Мийг өмөөрч түүнтэй маргасан. У намайг татаж чангаагаад гадагш гарсан. Гадаа 10 орчим минут болоод ороход М байхгүй У гартээ ганцаараа байсан. …Гэртээ ороход М манай гэрт унтаж байсан. Маргааш өглөө сэрээд харахад Мийн баруун нүдний доод талд язарч цус гараад нүд нь улайж хавдсан байсан. Өөр шарх мэдэгдээгүй. “Өчигдөр орой айлд зодуулсан” гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

   Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Нүдний шилийг нь аваад харахад баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан, доод зовхины доор 1 см орчим хэрээтэй хөндлөн зүсэгдсэн шарх байсан ба шархнаас нь цус гарч урсаад байсан. … Тэр үеэр М утсаар “Бд машин засаж архи уусан. Дахиж архи аваад саахалт айлд нь Бын хамт орсон. Тэр айлд согтуу 3-4 залуучууд байсан. У гэж дуудаж байсан нэг залуу нь агсраад нэг залуу нь аягаар баруун нүд рүү цохисон. Унахад нь дээрээс цохиж балбаад байсан. Аягаар нүд рүү цохисон залууг танина” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 10628 тоотын: М.Мийн биед баруун нүдний алимын нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, өмнөд камерын цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцралт гэмтэл учирч энэ гэмтлийн улмаас баруун нүд хараагүй болсон нь тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% тогтонги алдагдуулах /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.1/ тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 62/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ший үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогджээ.

С.Шд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч М.М гомдолдоо … С.Ший өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, … өмнө нь 2  удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2 жилийн хорих ял оногдуулсан нь ял хөнгөдсөн, … шаазан аяга нь хүний нүдийг гэмтээх зориулалттай эд зүйл байхад хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчлээгүй нь буруу гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Шд холбогдох хэргийг 2015 оны 12 сарын 07-ны өдөр хэлэлцэж 199 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 14 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч С.Ший тэнсэж хянан харгалзсан хугацаа нь 2017 оны 07 сарын 14-ний өдөр дууссан өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул хохирогчийн гомдолд дурдсанаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг, “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгох юм.

Шүүгдэгч С.Ший хувьд 2017 оны 08 сарын 07-ны шөнө 01 цагийн орчим өөрийн садангийн хүн болох Г.Уын гэрт очиж улмаар “айлын хойморт гарч суулаа” гэдэг шалтгаанаар ширээн дээр байсан аягыг авч хохирогч М.Мийн баруун нүдэн тус газарт цохиж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “аяга“ нь “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарахгүйгээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.      

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хохирогч М.Мийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Шний 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Ж.ДОЛГОРМАА