| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, Улсын яллагч Г.Анармөнх, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяндүүрэн, Шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Саруулд холбогдох эрүүгийн 2011011431027 дугаартай хэргийг 2020 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нямсүрэнгийн Саруул, 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24а-69 тоотод түр оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 7 дугаар гудамжны 6а тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:ТА89031584/ Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Натурал текстайл” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт борлуулагчаар ажиллахдаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 15- ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “Хөдөлмөрийн гэрээ” болон “Ажил албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу хариуцан ажиллаж байсан бараа бүтээгдэхүүнээс “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.11-д заасан “Ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг дур мэдэн ажлын байр буюу байгууллагаас зохих зөвшөөрөлгүй гадагш гаргахгүй байх. Хувьдаа ашиглах, хулгайлах нөхцөл бүрдүүлэхгүй байх” гэснийг зөрчиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан 2.996.856 төгрөгийн үнийн дүн бүхий нэхмэл бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүн зэргийг бараа хэлбэрээр хувьдаа авч завшсаны улмаас нийт 2.996.856 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Эрдэнэт кашмер гэх лангуун дээрх бараануудыг зарж борлуулах үүрэгтэй.. Байнга үйлчлүүлдэг хүмүүст хямдруулсан үнээр, бэлэн мөнгөөр кассанд мөнгө тушаалгахгүйгээр зардаг байсан.. Би мөрдөгчид программд асуудал байдаг талаар хэлсэн.. Би төлнө гэж бодож байсан ч өнгөрсөн оны 11 дүгээр сараас корона вирус гарч ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болсон..” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч *******аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-7-8/ “..тэнд ажиллаж байх хугацаандаа мөнгөний хэрэг гарахаар нь 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд Улсын Их дэлгүүрт байрлах “Натурал Текстайл” ХХК-ийн “Эрдэнэт” кашмераас 16 ширхэг өөрийн зарж байсан бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж аваад хүмүүст зараад мөнгийг нь хувийн хэрэгцээндээ хэрэглэчихсэн юм.. Би тухайн байгууллагын хохирлыг төлж барагдуулна..” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяндүүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 05 сар хүртэл манай компанид ажиллаж байсан. 04 дүгээр сарын 29-ний өдөр Саруул ээлжийн амралт авахаар болж ээлжит бус тооллого явуулсан. Үүнд 17 бүтээгдэхүүн дутсан байсан. Мөн Саруул бүтээгдэхүүн өмсөж гарч буцааж авч ирсэн зэрэг дутагдалууд гарсан учраас ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.. 2.798.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээр өгсөн үнийн дүнгээс Саруулын ээлжийн амралтын мөнгийг хассан байгаа..” гэсэн мэдүүлэг. Хохирогч Д.Баяндүүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх18-19/ “..манай байгууллагад 2019 оны 01 дүгээр сард ******* гэх хүн Улсын Их дэлгүүрийн 2 дугаар давхрын нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний тасагт борлуулагчаар ажилд орж байсан юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сард *******ын ээлжийн амралтыг нь бодох гээд төлөвлөгөөт бус тооллого хийсэн юм. Тэгсэн чинь тооллогоор 3.146.865 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүд дутсан юм. Тэгээд бүтээгдэхүүн дутаасан учраас ажлаас чөлөөлөх тушаал гарсан ба өөрөө тооллогын үнийн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч буцааж төлөлт хийгээгүй.. ******* нь 15 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, 1 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн, 1 ширхэг бусад бараа бүтээгдэхүүнийг дутаасан байсан. Дээрх бараа бүтээгдэхүүний задаргааг хавсаргаж өгсөн байгаа ба нийтдээ 2.996.856 төгрөг болж байгаа. Дээр нь манай байгууллага Аудитын дүгнэлт гаргуулсан зардал буюу 150.000 төгрөгийг нэмж нэхэмжлээд 3.146.865 төгрөг болж байгаа юм.. Манай байгууллага борлуулагч нартайгаа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийдэг. Тухайн гэрээн дээр ажилтан ажлын байран дээрээсээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүнийг авч гаргах, ашиглах, санаатайгаар үрэгдүүлэх, алга болгох, хувьдаа завших, түүнтэй холбоотой хэрэгт хамтран оролцсон тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн гүйцэд төлөх үүрэг хүлээсэн байдаг ба манай байгууллага ажилчиддаа бараа бүтээгдэхүүнийг хувьдаа хэрэглэх талаар зөвшөөрөл өгдөггүй...” гэсэн мэдүүлэг, “Эн Би Эм Жи” аудитын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/19 дугаартай дүгнэлтэд: /хх-25-26/ “..Борлуулагч *******ын хариуцсан эд хөрөнгөөс 2.996.856 /хоёр сая есөн зуун ерэн зургаан мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийн бараа материал дутсан нь санхүүгийн нягтлан бодох бүртгэл, тооцоо, бараа материалын тайлан, тооллогын үлдэгдэл, акт, захирлын тушаал, хурлын протокол зэргээр нотлогдож байна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Оргилын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаартай дүгнэлтэд: /хх-42-44/ “..”Эн Би Эм Жи” аудит ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 20/19 дугаартай хараат бус аудитын дүгнэлтэд борлуулагч *******ын хариуцсан эд хөрөнгөнөөс 2.996.856.00 /хоёр сая есөн зуун ерэн зургаан мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийн бараа материал дутсан нь санхүүгийн нягтлан бодох бүртгэл тооцоо, бараа материалын тайлан, тооллогын үлдэгдэл, акт зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, хорооны тодорхойлолт /хх-139/, хохирол төлсөн баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг “Натурал текстайл” ХХК-ийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт борлуулагчаар ажиллахдаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “Хөдөлмөрийн гэрээ” болон “Ажил албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу хариуцан ажиллаж байсан бараа бүтээгдэхүүнээс “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.11-д заасан “Ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг дур мэдэн ажлын байр буюу байгууллагаас зохих зөвшөөрөлгүй гадагш гаргахгүй байх. Хувьдаа ашиглах, хулгайлах нөхцөл бүрдүүлэхгүй байх” гэснийг зөрчиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан 2.996.856 төгрөгийн үнийн дүн бүхий нэхмэл бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг барааг бэлэн мөнгөөр кассанд мөнгө тушаалгахгүйгээр зарж, өөртөө ашиглан нийт 2.996.856 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******аас улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруу дээр маргаагүй бөгөөд шүүхээс түүнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.647.551 төгрөгийн төлбөртэйг тогтоосны дараа шүүгдэгч *******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баяндүүрэнд 2.660.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчийг өр төлбөргүй, хохирлоо бүрэн авсан талаар бичгээр гаргасан хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Нямсүрэнгийн Саруулыг Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай. 4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР