Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р баг, Улаан дэл гэх газар нутаглах, Цогтынхон овогт Содномын Лут /ЗП57052011/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Лут, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Лут шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 37 жил ажилласан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оныг дуустал мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байна.

Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэрт тамга тэмдэг дутуу, өнгө өнгийн балаар бичсэн зөрчилтэй тул миний 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оныг дуустал хугацаанд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Лут нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

 

  1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр С.Лутад олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувьд: ‘’1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар’’-ын цалин хөлсний бичилтийг хийжээ. /хэргийн 3-10-р хуудас/
  2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 42 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан Содном овогтой Лутад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 23-р хуудас/
  3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 08/22  дугаартай лавлагаагаар: ‘’Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд ‘’Далайн хөгжил’’ хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ. /хэргийн 24-р хуудас/
  4. С.Лутад Ардын армын 126 дугаар ангиас 1977 оны 09 сарын 25-нд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Ерөнхий хорооноос 1991 оны 02 сарын 04-нд олгосон баярын бичиг, талархалын эх хувь /хэргийн 26, 34-р хуудас/
  5. Дундговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1979 оны 10 сарын 15-нд олгосон бат илэрхийлэхэд: ‘’1980 оны 1-12 сар, 1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-5 сар’’-ын сарын цалин, татварын бичилт хийгдсэн. /хэргийн 27-30-р хуудас/
  6. Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлөөс 1986 оны 06 сарын 06-ны өдөр олгосон №642826 тоот бат илэрхийлэхийн эх хувьд: ‘’1986 оны 1-7 сар, 1987 оны 2-10 сар’’-ын цалин, татварын бичилт хийгдсэн. /хэргийн 32-11-р хуудас/
  7. Гэрч Ц.Ичинхоров, Н.Гансүх, Г.Сугир нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч С.Лутыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 42 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Лутыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 3-10-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 26-34-р хуудсанд авагдсан бат илэрхийлэх, баярын бичиг, талархал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цогтынхон овогт Содномын Лутыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн зардалд төлсөн 10700 /арван мянга долоон зуу/ төгрөгийг буцаан олгохгүйг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР