| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0031/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 35
2021.01.05 2021/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.О, 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** бүртгэлтэй боловч одоо *** тоотод оршин суух хаягтай гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ,
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-тай архи харамласан гэх шалтгааны улмаас маргалдан, нүүр хэсэгт нь цохих үйлдлээр биенд дух, зүүн зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбээ, баруун мөр, баруун өгзөгт цус хуралттай, доод уруулын дотор салстад язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр Б.Оын найзууд гэх 3 хүн 3 шил архитай ирсэн. Тэр архинаас нь би нөхрийн хамт найзуудтай нь 2 шил архийг нь уусан. Тэгээд нөхрийн найзууд маргааш ажилтай гээд явцгаасан, манай нөхөр гаргаж өгсөн. Үүний дараа нөхөр бид хоёр үлдсэн нэг шил архийг нь хувааж ууж байгаад би нилээн муудсан. Тэгтэл архи ууж байх үед манай нөхөр Б.О миний дух хэсэгт юугаар цохисныг мэдэхгүй нэг удаа цохисон. Нөхөр бид хоёр мөнгө олдсон үедээ архи хамт уудаг. Байнга бол архи уудаггүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-10/,
Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэртээ байж байхад дүү А утсаар залгаад та хурдан ирээд намайг аваач, О намайг дахиад зодсон миний утаснаас цагдаад дуудлага өгч болохгүй байна гэж хэлсэн. Манай дүү О-тай хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд маш олон удаа зодуулж байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэртээ архи ууж байх үед надад бага архи хийж өглөө гээд агсам тавиад сандал шидээд байхаар нь Н.Аг гараараа дух хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр өдөр үүнээс өөрөөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11015 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-тай архи харамласан гэх шалтгааны улмаас маргалдан, нүүр хэсэгт нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Н.Агийн: “...Манай гэрт 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр Б.Оын найзууд гэх 3 хүн 3 шил архитай ирсэн. Тэр архинаас нь би нөхрийн хамт найзуудтай нь 2 шил архийг нь уусан. ...Тэгтэл архи ууж байх үед манай нөхөр Б.О миний дух хэсэгт юугаар цохисныг мэдэхгүй нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Згийн: “...Намайг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэртээ байж байхад дүү А утсаар залгаад та хурдан ирээд намайг аваач, О намайг дахиад зодсон миний утаснаас цагдаад дуудлага өгч болохгүй байна гэж хэлсэн. Манай дүү Отай хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд маш олон удаа зодуулж байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...”гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.От хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР