Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн иргэн Хулан овогт Натарын Ганболд /ЗП61082511/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийхутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 онд төрсөн. Энэ жил 56 нас хүрч байгаа. Улсад 20 жил ажилласан. Үүнээс 1975 оноос 1978 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд тэмээ маллаж байсан ба тэр үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1975 оны 01 сарын 01-нээс 1978 оны 07 сарыг дуустал  ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийхутаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ганболд нь 55 настай, тэтгэвэрт гаргах гэж байгаа юм. 1975-1978 оны 6 сарыг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдэлд хонь, тэмээ маллаж байсан юм. Дээрх онуудын хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн учраас шүүхэд ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ганболд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 26 дугаар тодорхойлолтод: ‘’Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013-04-11-ний өдөр Хөгжил нэгдлийн 70 дансыг /оны хаязгаар 1972-1994 оны бүрэн бус/ хүлээн авсан. 1-р багийн харъяат Натар овогтой Ганболд 1975 оны 01 сараас 1978 оны 07 сар хүртэл сумын Хөгжил нэгдэлд малчин байсан бөгөөд цалингийн карт тус архивын баримтаас олдохгүй байгаа болохыг тодорхойлов’’ гэжээ. /хэргийн 5-р хуудас/
  2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 64 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 1 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан Натар овогтой Ганболдод холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 20-р хуудас/
  3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 08/109 дугаартай лавлагаагаар: ‘’Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд ‘’Далайн хөгжил’’ хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ. /хэргийн 19-р хуудас/
  4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1977 оны 01 сарын 31-н, 1977 оны 05 сарын 01-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэхийн хуулбар /хэргийн 21-22-р хуудас/
  5. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 02/4417 тоот архивын лавлагаанд: ‘’Натарын Ганболд нь Дундговь аймгаас  НАХЯ-ны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0229 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэргээс халагджээ’’ гэсэн тодорхойлолт,
  6. Гэрч Д.Бямбаа, Х.Эрхэмбаатар, Ч.Тунгалаг нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Н.Ганболдын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн гэх, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын 26 тодорхойлолт, Архивын тасгийн 64 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

1973 оны Хөдөлмөрийн хуулийн 163 дугаар зүйлд Залуучуудыг нийгмийн тустай хөдөлмөрт өргөнөөр оролцуулах зорилгоор арван зургаан нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуй, соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд арван таван нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгөөр ажилд авч болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Н.Ганболдыг Хөгжил нэгдэлд мал маллаж байсан гэж байгаа боловч албан ёсоор Үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр мал малласан тухай дурдагдахгүй байх тул хүсэлт гаргагчийн улсад ажиллаж эхэлсэн хугацааг 16 нас хүрсэн өдрөөс буюу  тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулийн 163 дугаар зүйлд заасантай нийцүүлж 1977 оны 08 сарын 25-ны өдрөөс тогтоож, ажлаас чөлөөлөгдсөн огноог Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 02/4417 тоот архивын лавлагааг үндэслэн Натарын Ганболд нь Дундговь аймгаас  НАХЯ-ны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар цэрэгт татагдсан гэж байх тул цэрэгт татагдсан тушаалын он сар өдөр болох 1978 оны 6 сарын 8-ны өдөр гэж үзэх нь хуульд нийцэж байна.

Иймд Хулан овогт Натарын Ганболдыг 1977 оны 08 сарын 25-ны өдрөөс 1978 оны 06 сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулан овогт Натарын Ганболдыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1977 оны 08 сарын 25-ны өдрөөс 1978 оны 06 сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн зардалд төлсөн 10700 /арван мянга долоон зуу/ төгрөгийг буцаан олгохгүйг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР