Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг, Тэвш гэх газар нутаглах, Бага чулуу овогт Сэнгэдоогийн Цэвэгсүрэн /ЗЮ55020504/-ийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Цэвэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэвэгсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1955 оны 02 сарын 05-нд төрсөн. Улсад 29 жил 7 сар ажилласан. Үүнээс 1973 оны 07 сарын 05-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн ногоочноор ажилд орсон. Ногооны ажил улирлын ажил учраас ногоо хураасны дараа тус нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан. Энэ ажлуудыг 1973 оны 07 сарын 05-наас 1981 оны 02 сарын 05-ныг хүртэл хийж байсан.

Миний хөдөлмөрийн дэвтэр засвартай, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул  тэр үед хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн 1973 оны 07 сарын 05-наас 1981 оны 02 сарын 05-ныг дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү  гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэвэгсүрэн нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1973 оны 07 сарын 05-ны өдрөөс 1981 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Өмнөговь аймаг дахь Хөдөө аж ахуй, тариалангийн мэргэжлийн сургуулиас 1973 оны 06 сарын 23-ны өдөр С.Цэвэгсүрэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1973 оны 06 сарын 29-ний өдрийн 26-р тушаалаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд жимс, ногоочноор томилов’’ гэж, ‘’Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1973 оны 06 сарын 30-ны өдрийн 22-р тушаалаар Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн ногоочин ба сахиулаар томилон ажиллуулав’’ гэж, ’’Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1976 оны 01 сарын 30-ны өдрийн 26-р тушаалаар нэгдлийн ногоочны ажлаас чөлөөлж, Баянбулаг бригадын мэдэлд шилжүүлэв’’ гэж, ’’Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1976 оны 02 сарын 01-ний өдрийн 10-р тушаалаар Баянбулаг бригадад ногоочноор ажиллуулав’’ гэж, ’’Нэгдлийн даргын 1981 оны 02 сарын 05-ны өдрийн 13-р тушаалаар нэгдлийн мэдэлд шилжүүлэв’’ гэсэн бичилтийг тус тус хийжээ. /хэргийн 2-3-р хуудас/
  2. Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс С.Цэвэгсүрэнд 1976 оны 07 сарын 27-ны өдөр олгосон №334455 тоот бат илэрхийлэхэд: ‘’1976 оны 7 сараас  1991 оны 2 сарыг хүртэл  цалин, татварын бичилт хийгдсэн. /хэргийн 5-13-р хуудас/
  3.  Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 49 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1973 оны 07 сарын 05-наас 1981 оны 02 сарын 05-ныг дуустал малчнаар ажиллаж байсан Сэнгэдоо овогтой Цэвэгсүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 14-р хуудас/
  4. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1975 оны 06 сарын 20-ны өдрийн 23 дугаар Ногоочин ажиллуулах тухай тушаалд: ‘’...Тариалангийн ажил эхлэх гэж байгаа тул  ногоочин Цэвэгсүрэнг 5-р сарын 15-наас эхлэн ажиллуулсугай...’’ гэжээ. /хэргийн 15-р хуудас/
  5. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 08/115 дугаар лавлагаанд: ‘’Тус аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл нь 1956 оны 08 сарын 25-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 онд Нэгдмэл хөдөлгөөн ББХК болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ. /хэргийн 28-р хуудас/
  6. Гэрч Г.Гармаадорж, Д.Дондогбазар, Х.Аюурзана нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч С.Цэвэгсүрэнг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1973 оны 07 сарын 05-ны өдрөөс 1981 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 49 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Цэвэгсүрэнг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1973 оны 07 сарын 05-ны өдрөөс 1981 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 2-3-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 5-13, 15-р хуудсанд авагдсан бат илэрхийлэх, тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага чулуу овогт Сэнгэдоогийн Цэвэгсүрэнг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1973 оны 07 сарын 05-ны өдрөөс 1981 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР