Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2-р баг, Чулуутын 2-4 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Өлзийн Аюушмаа /ЗБ90060902/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р баг, Элстий гэх газар нутаглах, Боржигон овогт Айлтгүйн Наранбаяр /ЗБ89100215/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Аюушмаа, хариуцагч А.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Аюушмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өндөршил сумын харъяат А.Наранбаяртай 2009 оны 10 сарын 01-ний өдөр гэр бүл болж албан ёсоор гэрлэлтийн баталгаатай болсон. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа охин Н.Энхжинг төрүүлсэн. 2013 оны 03 сарын 20-ны өглөө хүүхдээ хувцаслах гээд загнатал хадам ээж Болдмаа угаадас цацаж намайг зодсон. Nнгээд би өөрийн аав, ээжийг дуудаж Баянжаргалан сумруу явсан. А.Наранбаяр чамаас салахгүй гэрээ аваад явж бай, би араас чинь очно гээд ирэн, очин байж байгаад сүүлдээ огт ирэхээ больсон. Би одоо нөхөр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.

Иймд гэрлэлт цуцлуулж, охин Н.Энхжинг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна  гэв.

Хариуцагч А.Наранбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Аюушмаатай 2009 оны 10 дугаарын  01-ний өдөр гэр бүл болсон. Улмаар бид хоёр хамт амьдарч байгаад 2010 онд охин Н.Энхжинг төрүүлсэн болно. 2012 оны хавар мал төллөж байх үед миний ээж А.Болдмааг манайд байж байхад охин Н.Энхжинг Б.Аюушмаа зодохоор нь ээж загнасан. Тэгээд аав, ээжийгээ утсаар дуудаад ирж авахуулаад явсан. ...Би мал малладаг учраас төв дээр амьдарч чадаагүй. Намайг хөдөө мал маллаж байхад нэг ч ирж байгаагүй, надаас мөнгө, төгрөг байнга нэхдэг. ...Удалгүй Б.Аюушмаа нь 2013 онд өөр гэр бүлтэй болж, 2014 онд хүүхэд төрүүлсэн. Б.Аюушмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Аюушмаа нь А.Наранбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч А.Наранбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч,  хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. 

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. А.Наранбаяр, Б.Аюушмаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/
  2. Наранбаярын Энхжинд олгосон төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
  3. Дундговь аймгийн Баянжаргалан сумын дунд сургуулийн 2017 оны 01 сарын 09-ний өдрин 01 тоот тодорхойлолт, /хэргийн 6-р хуудас/
  4. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 03 тоот тодорхойлолт зэрэг болно.

 

А.Наранбаяр, Б.Аюушмаа нар нь 2009 оны 1 сарын 10-нд гэр бүл болж,  2009 оны 10 сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 04 сарын 07-ны өдөр охин Н.Энхжин төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 4, 5-р хуудсанд авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, шүүх хуралдаан дээр эвлэрэх боломжтойг тайлбарлаж өгсөн боловч эвлэрэх боломжгүй, нэхэмжлэгч Б.Аюушмаа өөр гэр бүлтэй болсон гэх тул  гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг бие биенийхээ өмнө биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар А.Наранбаяр, Б.Аюушмаа нарын гэрлэлтийг цуцалж,  охин Н.Энхжинг эх Б.Аюушмаагийн асрамжинд үлдээж, эцэг А.Наранбаяраар охин Энхжинг  тэжээн тэтгүүлж, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 28209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах улсын тэмдэгтийн хураамжуудийг зохигчид хувааж төлөхөөр тохиролцсоныг дурдаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Айлтгүйн Наранбаяр, Бат-Өлзийн Аюушмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн охин Наранбаярын Энхжинг эх Б.Аюушмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ЗЙ10240705 регистрийн дугаартай 2010 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Энхжинг  11 нас хүртэл  нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг А.Наранбаяраар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Аюушмаад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар зохигч улсын тэмдэгтийн хураамжийг хувааж төлөхөөр тохиролцсоныг дурдаж, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28209 /хорин найман мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод, 20858 /хорин мянга найман зуун төвин найм/ төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

7. Зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР