Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 12

 

Д.Б, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Эрдэнэбат

Прокурор                                                      Б.Догмиддорж

Шүүгдэгч Д.Борбаатарын өмгөөлөгч         Д.Урансувд нар оролцов.

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Л.Батжаргал, Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Х.С, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор Д.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 1721002360154 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 3 сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүү нарын хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 08-н өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, Б овогт Д.Б.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1996 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Ү овогт О.Б.

О.Б нь Д.Бтай хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Х.Сг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах Д.Бын гэрт очин Х.Сгийн “баруун гар, нүүр лүү цохих, цээж рүү өшиглөх” зэргээр хүч хэрэглэн, “гар утсаа өгөх үү, архи авч өгөх үү” гэж заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Б нь О.Бтэй хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас Х.Сг айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ Х.Сг архины шил, заазуураар цохихоор хүч хэрэглэхээр заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч О.Б, Д.Б нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж;

Шүүгдэгч Ү овогт О.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч Б овогт Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бт 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 4 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж;

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нар нь хохирогчид гэм хорын хохиролд 370000 /гурван зуун далан мянган төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдаж;

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж; … шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Х.С давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрөөсөө дутуугүй хоёр залууд 1 жилээс 4 жил 5 сар хорих ял оногдуулсанд харамсаж шүүхээс ялыг багасгаж өгнө үү гэж хүсэн гомдол гаргаж байна. Би Бг миний эд зүйлийг дээрэмдэж авах санаа зорилго гаргаагүй гэж боддог. Хамгийн гол нь Б надаас утас, архи авч өгөх үү гэж шаардаж байсан. Б нь надад ийм шаардлага тавиагүй, зүгээр л сүрдүүлж айлгаж байсан. Миний цүнхийг Б аваагүй талаар би мэдүүлэг өгч байсан. Иймд хэргийг дахин нягтлаад зэвсэг хэрэглэсэн гэдэг асуудлыг өөрчилж өгнө үү. Надад энэ 2 залууд гомдох зүйл байхгүй, эр хүний алдсан алдааг түлхэж хүндрүүлмээргүй байна. Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо:

“... 1. Мөрдөн байцаалтын ажиллагааны үед яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад зөрчил гаргаж, бичиг үсэг мэдэхгүй Баатархүүгээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь ЭХХШТХ-ийн 1.14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.6-р зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. /хх-66/

            2. ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг нотолж тогтоохдоо хохирлын хэр хэмжээг хэрхэн яаж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 370000 төгрөг өгсөн/, 194500 төгрөгийн хохирол учруулж, 50000 төгрөг дээрэмдсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч шүүх энэ тал дээр хэрхэн яаж учирсан хохирол болохыг нарийвчлан ялгаж тогтоосонгүй. Нэгтгэж үзэх боломжгүй үйл явдал, хохирол 2-ын хоорондын хамаарлаас гэмт хэргийн зүйлчлэл ялгаатай байх үндэслэлтэй юм.

3. Д.Бын зэвсэг хэрэглэсэн гэх үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь Б нь хохирогч Сг дээрэмдэх санаа зорилгогүй, түүнээс ямар нэгэн эд зүйлийг салгаж авах гэсэн оролдлогогүй /шаардлага гаргаагүй/ байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Энэ үйл явдлыг нэг цаг хугацаанд, хамт байсан гэдгээр бүлэглэн гэж үзэхээс илүүтэй гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлтийг ялган үзэх нь зүйлчлэлийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх боломжтой байх тул энэ явдлыг зөв ялган тогтоож өгнө үү. Мөрдөн байцаалтын үед Б нь өмгөөлөгчгүй байцаалт өгч байснаар өөрийн үйлдсэн гэмт хэрэгт хандаж байгаа хандлага, ямар гэмт хэрэг үйлдсэн болохоо ойлгож байгаа нөхцөл байдал харагдахгүй байгаа нь ЭХХШТХ-д заасан яллагдагчийн эрхийг хангаж байна уу гэдэг эргэлзээтэй байна.

4. Прокурорын тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа яллагдагчийн Үндсэн хууль болон ЭХХШТХ-р олгосон эрхийг хангаагүй. ЭХХШТХ-ийн 32.9-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолд оруулсан өөрчлөлтийг мөрдөгчид танилцуулах үүрэг өгсөн хэдий ч яллагдагч нар хэн аль нь тухайн тогтоолтой танилцаагүй байгаа нь хууль зөрчсөн. Тухайлбал, ЭХТА-н 17.2-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял сонсгож байцаагаагүй зөвхөн яллах дүгнэлтээр энэ зүйлчлэлээр шилжүүлсэн байдал нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэж байна.

5. Шүүгдэгч Д.Б нь дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа шүүхээр ЭХТА-н 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэн гэмт буруутайд тооцогдон шийтгүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг мөн л дордуулж ял нэмж авах үндэслэл болсон нь харамсалтай байна. Ийм нөхцөлд өмнөх шийтгэх тогтоолыг хэмжээг заавал нэмж нэгтгэн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх боломжтой.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Лхамсүрэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

“1. О.Б, Д.Б нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн явцад О.Бс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд уг хуулийн 5.3-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар заасны дагуу О.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан байцаахдаа өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангасан болно.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хохирогчийн цүнхтэй эд зүйл, гар утасны дэлгэц зэрэг нь 194500 төгрөгөөр үнэлэгдсэн, мөн цүнхэнд байсан бэлэн 50000 төгрөгийг хохиролд оруулан тооцсон ба шүүгдэгч нарын зүгээс хохирлыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул шүүхээс учирсан хохиролд заавал дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна.

3. Д.Б нь хохирогч Х.Сг “архины шилээр цохиод алчихъя” гэж шил барин дайрч, давшилж байгаа үйлдэл, заазуур барин довтолсон үйлдэл нь О.Бийн хохирогчоос архины мөнгө авах, гар утсыг хүч хэрэглэн авах үйлдлийг дэмжиж, дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 2-т заасан хэргийг хамтран үйлдсэн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Б, О.Б нарт тогтоолыг танилцуулахад яллагдагч нар нь яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан дахин байцаалт өгөхгүй талаараа уг тогтоолтой танилцаад гарын үсэг зурж, тэмдэглэл бичсэн байгаа нь хэрэгт байгаа тогтоолоос харагдана.

5. Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ЭХТА-ийн 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял оногдуулж, дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж, ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Урансувд хэлсэн саналдаа: Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол О.Б Д.Бт архи уулгасан. Үүнээс болж гэмт хэрэг гарсан талаар тогтоогдсон. Шүүгдэгч О.Б нь Х.Сд хандаж “утас авч өгөх үү, архи авч өгөх үү” гэж дарамталсан байдаг. Харин Х.С хэлэхдээ Д.Б надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй хэмээн хэлсээр байтал О.Бтэй ижил ял оногдуулсан явдал нь буруу юм. Нэгэнт бүлэглэсэн гэж дүгнэж байгаа бол хамрах хүрээг нь оруулж өгөх ёстой. Прокурорын тогтоолоор ялд өөрчлөлт оруулсан байдаг. Прокурор  ял өөрчилсөн тогтоолоо яллагдагчид таницуулсан боловч яллагдагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, хариу өгөөгүй байдал харагдаж байна. Тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдал харагдаж байна. Д.Б анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцоогүй байдлын улмаас хүнд ял авсан юм. Энэ гэмт хэргийн гол гүйцэтгэгч хөнгөн ял эдлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор Б.Догмиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Б нь энэ хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж байна. Гэвч Х.Сг дээрэмдэх зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа байцаах шаардлагагүй. Энэ талаар хуульд заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Д.Б, О.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь Д.Бтай хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Х.Сг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах Д.Бын гэрт очин Х.Сгийн “баруун гар, нүүр лүү цохих, цээж рүү өшиглөх” зэргээр хүч хэрэглэн, “гар утсаа өгөх үү, архи авч өгөх үү” гэж заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Д.Б нь О.Бтэй хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас Х.Сг айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ Х.Сг архины шил, заазуураар цохихоор хүч хэрэглэхээр заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Д.Б, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Х.Сн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд 22 дугаар байрны хойд талаар Хятад хэлний сургалтандаа орох гээд явж байхад араас хөөе гэж хэлээд тэврээд бариад авахаар нь арагш харахад хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд нэг нь их согтолттой, нөгөө нь арай гайгүй согтолттой байсан. Б гэх залуу нь “чи манай дүүг зодсон биз дээ” гэхээр нь “би хүн зодоогүй ээ, та хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд “үгүй ээ чи яг зодсон хүн мөн байна, чи аль ТМС, сургуульд сурдаг вэ” гэхээр нь “би ТМС-д сурдаггүй, 1 дүгээр сургуулийн сурагч байна” гээд дэвтрээ үзүүлэхэд хажууд нь зогсож байсан Б гэх өндөр залуу нь “1 дүгээр сургууль тийм том болчихсон юм уу, чи юу хуцаад байгаа юм бэ, Б алив тонгорогоо өгдөө” гэхэд Б гэгч нь зүүн талын өмдний халаасаа ухаад байснаа юу ч гаргаж ирээгүй, тэгснээ халааснаасаа гараа авахгүй байснаа шууд намайг тэвэрч аваад “чамайг илүү юм яриад байх юм бол алчихна шүү, чи бид хоёртой цуг манай гэр рүү яв, манай дүү гэртээ байгаа очиж уулзуулна” гээд намайг бариад Цаг-Уурт байдаг гэр рүүгээ дагуулаад алхаад явсан. ...Гэрийнх нь гадаа очоод хашаагаар нь ороход Б нь надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд онгойлго гэхээр нь цоожийг нь онгойлгоод бүгдээрээ эсгий гэр рүү нь орсон. Гэрт ороход Б цүнхээ наад орон дээрээ тавь гэхээр нь айсандаа үүрч явсан цүнхээ орон дээр нь тавихад миний хажууд ирээд шууд зүүн талын гар руу минь цохиод чи яасан их хүн дууддаг новш вэ? гээд миний утсыг эргүүлээд өгсөн. ... Б нь эргэж ирээд утсаа өгч бай гэхээр нь утсаа өгөхөд миний утсаар өөрийнхөө зургийг дарснаа их дажгүй гар утас байна, чи утсаа өгөх үү, эсвэл архи авч өгөх үү гэж асуухаар нь утсаа өгч чадахгүй ээ, архи авчирч өгье гэхэд Б цаанаас нь эргэж ирээд наад пиздаг чинь архины шилээр цохиод алчихья гээд архины шилээр над руу далайгаад байсан. Тэр үед Б нь Бгаа цаашаа бай гээд түлхээд эргэж ирснээ яаж архи авчирч өгөх гээд байгаа юм бэ? гэхээр нь картанд мөнгө байгаа картнаасаа аваад өгье гэхэд тэгвэл цугтаа гарья гэсэн. Тэгэхээр нь би “ахаа цүнхээ аваад гарчих уу” гэхэд “үгүй ээ юу хуцаад байгаа юм бэ? цүнхээ орхи” гэсэн. Тэр үед Б гэгч нь гэрийнхээ зүүн урд талын буланд байрлах хоолны шкафны шургуулганаас шар алаг иштэй заазуур аваад миний толгой дээгүүр савахаар нь би жаахан зайлаад холдоход гэрийнхээ баганыг заазуурдчихсан. Тэр үед Б нь Баа тэврээд авахаар нь би орон дээр байсан цүнхээ гялс шүүрч аваад гэрээс нь гарч гүйгээд хашааных нь хаалгаар гарах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь хашааг нь давж байхад миний араас Б гэгч нь гүйж ирээд цүнхнээс минь бариад авахаар нь гартаа барьсан цүнхээ үлдээгээд шууд хашааны гадна тал руу үсэрч буугаад цаашаагаа буугаад Цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дорнод аймагт ирээд асуухад манай ач хүүг 2 залуу 22 дугаар байрны баруун талд зогсоож дээрэлхэж улмаар гэр рүүгээ дагуулан явж эд зүйлийг нь авахаар заналхийлж улмаар зугтаагаад хашаа давах гэж байхад нь нэг залуу нь цүнхнээс нь бариад татаад цүнхийг нь авч үлдсэн гэж надад хэлсэн. Хэн хэн гэдэг залуу нь яг юу гэж хэлсэн талаар нь би тодруулж асуугаагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай ач хүүгийн цүнхийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр сургууль дээр нь авчирч өгсөн байсан. Манай хүүгийн цүнхнээс 50000 төгрөг, утасны 2 ширхэг цэнэглэгч нь тухайн үед байхгүй байсан боловч Д.Б, Б нар нь тус хохирлыг болон гар утасных нь дэлгэцийг засварлаж өгч хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Ю.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 13-ны өдрийн өглөө нь 07 цагийн үед босоход Бын найз охин болох Ж нь хэлэхдээ Б хар өнгийн цүнх авчирсан байх юм гээд цүнхийг нь онгойлгочихсон дотроос нь дэвтэр гаргачихсан байхаар нь дэвтэр дээрх хаягийг нь үзэхэд 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчийн дэвтэр байхаар нь Быг босгож байгаад “энэ чинь юун дэвтэр юм бэ?, чи хүүхэд зодсон юм уу?” гэхэд “үгүй ээ, эгчээ би хүүхэд зодож цохисон зүйл байхгүй жаахан айлгачихсан чинь цүнхээ орхиод явчихсан" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

Гэрч Э.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2017 оны 10 сарын 13-ны өглөө У эгчийн гэрт нь хар өнгийн үүргэвч байсан. Цүнхийг онгойлгоход дотор нь дэвтэр, цэнэглэгч, ломбардны бичиг байхаар нь Бс энэ юун цүнх вэ гэхэд Б хэлэхдээ-юу билээ гэж байснаа өчигдөр Б нэг хүүхдийг дээрэлхээд байсан, цүнхээ орхиод зугтахаар нь араас нь цүнхээ аваа гээд бахирсан. Тэр цүнх байх шиг байна, аваачиж өгье дөө гэж байсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч Ю.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Бын найз охин Ж, Б хар өнгийн цүнх авчирсан байх юм гээд цүнхийг нь онгойлгочихсон, дотроос нь дэвтэр гаргасан байхаар нь дэвтэр дээрх хаягийг нь үзэхэд 1-р сургуулийн 12-р ангийн сурагчийн дэвтэр байхаар нь “чи хүүхэд зодсон уу” гэхэд “үгүй ээ, эгчээ би хүүхэд цохиж зодсон зүйл байхгүй, жаахан айлгачихсан чинь цүнхээ орхиод явчихсан” гэж хэлсэн. …Би Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а бүлэг С гэсэн хаягтай байхаар нь сургууль дээр нь 10 цагийн үед очоод Сг байхгүй байна гэхээр нь цүнхийг нь өгчихөөрэй гээд ангийнх нь хүүхдэд өөрийнхөө ... дугаар луу залгаарай гээд үлдээсэн …” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэгэхэд Б тэр хүүхдийг дуудаж уулзаад юм ярьж байгаад тэр хүүхдийн утсыг аваад утсаар яриад цээж рүү нь гараараа 2-3 удаа цохиод надад хандаж танай гэр рүү явъя гэхээр нь хамт тэр хүүхдийг дагуулаад хойшоо манай гэрт буюу Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоот хашаанд байрлах гэрт ирсэн. Тэгээд гэр дотор би тэр хүүхдэд хандаж 2 ахдаа ганц, хоёр пиво аваад өгчих гэж хэлэхэд мөнгө байхгүй ш дээ ахаа гэж хэлэхээр нь би тэр хүүхдийг айлгах гээд шүүгээний шургуулганд байсан заазуурыг аваад гэрийнхээ зүүн талын багана руу ална шүү гэж хэлээд цохиход Б намайг барьж аваад болио гээд надаас заазуур авахад тэр хүүхэд цүнхээ аваад гэрийн хаалгаар зугтаагаад гарсан. Араас нь Б тэгээд би гэрээс гарсан. Б тэр хүүхдийг хашаагаар давж байхад нь хойноос нь цүнхийг нь татахад нөгөө хүүхэд цүнхээ үлдээгээд чигээрээ гүйгээд явсан. Араас нь Б цүнхээ аваа гэж хашгирсан боловч нөгөө хүүхэд эргэж ирж цүнхээ аваагүй… ” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Шүүгдэгч О.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэгээд Бтай хамт тэр хүүхдийг дагуулаад Бын гэр рүү нь хамт ороод тэр хүүхдийг айлгаад цээж рүү нь 2 удаа гараараа цохиод юм ярьж байхад Б гэнэт шүүгээнээсээ заазуур аваад гэрийнхээ багана руу цохихоор нь Быг бариад заазуурыг нь тавиулах хооронд нөгөө хүүхэд гэрээс гараад зугтаасан. Би араас нь гарахад тэр хүүхэд хашаа давахаар нь би цүнхийг нь татаад үлдсэн. Нөгөө хүүхэд гүйгээд яваад эргэж ирээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/, эд зүйлийнүнэлгээ /хх-ийн 14/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолж тогтоосон тэмдэглэл /хх-ийн 16/, эд мөрийн баримтаар заазуур хураан авсан тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б, О.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрсөн, Прокурор Ц.Лхамсүрэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагч Д.Б, О.Б нарт танилцуулсан байх тул өмгөөлөгч Д.Урансувдын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гаргасан гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх, шүүгдэгч Д.Б, О.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг журамлан хорих ял оногдуулжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн насанд хүрээгүй хохирогч Х.Сн “…Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Урансувдын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Х.С, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б, О.Б нарын 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Ж.ДОЛГОРМАА