Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 106

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багт оршин суух, Их Догшин овогт Буяндэлгэрийн Эрдэнэчимэг /ЗЮ62120304/-ийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын  холбооны газрын зүүн талд байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Холбооны байрны зүүн талд байрлах 2 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2013 оны 6 сард иргэн Галсандорж овогтой Батбаяраас 10000000 /арван сая/ төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн үед иргэн Батбаяр нь уг хөрөнгөө бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан юм.

Иймд холбогдох гэрчилгээг авах гэсэн боловч Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-д заасны дагуу тухайн  этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг  өмчлөх эрхтэйг нотолсон бичиг баримт байхгүй тохиолдолд холбогдох өмчлөлөө шүүхээр тогтоолгох боломжтой гэсэн хариу өгсөн тул Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг, Холбооны газрын зүүн талд байрлах 89.1м2  2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Эрдэнэчимэг нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг, Холбооны газрын зүүн талд байрлах 89.1м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Эрдэнэчимэг нь Г.Батбаяраас тус обьектыг 10000000 /арван сая/ төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, У.Батбаярын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн 3/39 тоот албан бичиг, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р багийн Засаг даргын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт, кадастрын зурагаар нотлогдож байна.

Иймд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг, Холбооны газрын зүүн талд байрлах 89.1м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Эрдэнэчимэгийг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Догшин овогт Буяндэлгэрийн Эрдэнэчимэгийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг, Холбооны газрын зүүн талд байрлах 89.1м2  2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ХИШИГДЭЛГЭР