Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 19-9 тоотод оршин суух, Баяд овогт Одсүрэнгийн Сугирцэрэн /ЗМ94123007/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Луус сумын 1-р баг, Гүн сүүж гэх газар нутаглах, Хулд овогт Энхтүвшингийн Пүрэвболд /ЗЗ89042615/-д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Сугирцэрэн, хариуцагч Э.Пүрэвболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Сугирцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Луус сумын харъяат Э.Пүрэвболдтой 2015 онд танилцаж улмаар үерхэж байх хугацаандаа жирэмсэн болж, охин С.Гансувд 2016 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн. Намайг төрснөөс хойш ганц ч удаа ирээгүй. Охин С.Гансувдыг уушигны хатгайтай гэх оношоор 2016 оны 03 сарын 24-нөөс 2016 оны 07 сарын 18-н хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ч эцэг Э.Пүрэвболд нь ирээгүй. Цаашдаа Э.Пүрэвболдтой амьдарах, эвлэрэх бодолгүй байна. Энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хүүхэд дээрээ огт ирж байгаагүй, нэхэмжлэл гаргаснаас хойш  эвлэрье гээд байгаад нь итгэхгүй байна. Охиноо өөрийн асрамжинд авч,  Э.Пүрэвболдоос охин С.Гансувдыг 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э.Пүрэвболд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Сугирцэрэнтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаагүй. Уулзаж хүүхэдтэй болсон нь үнэн. С.Гансувд нь миний охин мөн. Охиноо бодоод хамтран амьдрая гэж бодоод ярилцсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөр гэр бүлтэй болоогүй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Сугирцэрэн, хариуцагч Э.Пүрэвболдоос хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

О.Сугирцэрэн, Э.Пүрэвболд нар нь 2015 онд танилцан үерхэж байсан бөгөөд   тэдний дундаас 2016 оны 03 сарын 7-ны  өдөр охин С.Гансувд төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 5-р хуудсанд авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэх боломжтойг тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэгч нь эвлэрэх боломжгүй, цаашид хамтран амьдрах хүсэлтгүй болсон гэх тул  Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2,  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар охин С.Гансувдыг эх О.Сугирцэрэнгийн асрамжинд үлдээж, эцэг Э.Пүрэвболдоор охин С.Гансувдыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 98683 /ерэн найман мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 03 сарын 07-нд төрсөн охин С.Гансувдыг эх О.Сугирцэрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ЗЮ16230706 регитрийн дугаартай 2016 оны 03 сарын 07-нд төрсөн охин С.Гансувдыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Пүрэвболдоор тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Сугирцэрэнд даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, амьжиргааны доод түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 98683 /ерэн найман мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.ХИШИГДЭЛГЭР