| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00756/И |
| Дугаар | 827 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 827
| 2017 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/00827 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, Шинэ үе хотхоны 101 байр В 1 давхарт тоотод оршин байх Шинэ үе-5 СӨХ-ны /84/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, Шинэ үе хотхоны 105 байр 55 тоотод оршин суух Даваахүүгийн Долгормаад /ВЮ85092068/ холбогдох,
379,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Х.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 11 сараас эхлэн Хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хүссэн, эс хүссэн ч хамтран эзэмшиж, ашигласаар байгаа боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4. “Сууц өмчлөгчид ногдох хэсэг” гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг.
Иргэний хуулийн 148.2.1-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэжээ.
Иргэний хуулийн 148.3-д “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.
Иргэний хуулийн 147.1, 147.2-д болон Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.2-д “Орон сууцны нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой билээ.
Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч Д.Долгормаад дээрх хууль тогтоомжуудыг хэрэгжүүлүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.
Сууц өмчлөгч, 105 дугаар байрны 55 тоотод оршин суугч Д.Долгормаа нь 2014 оны 12 дугаар cap, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар cap, 2016 оны 1 дүгээр сараас 12 дугаар cap дуустал нийт 25 сарын төлбөр болох 379,404.9 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүнд иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан cap бүр мэдэгдэж байгаа боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас Сууц өмчлөгчдийн холбооны ажил бүрэн ажиллаж чадахгүй татварын болон, ус дулааны өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-оос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа болно.
|
|
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд зарцуулах ёстой Д.Долгормаагийн өр авлагыг Иргэний хуулийн 149.1.1, 149.1.2, 149.2-д зааснаар үндэслэн өр авлагыг бүрэн барагдуулж, 379,404.9 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд гаргуулан өгөхийг хүсч, нэхэмжлэл гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ, хариуцагч Д.Долгормаад холбогдуулан 379,404 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шинэ үе-5 СӨХ нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ үе хотхоны 101-105 дугаар байруудыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 84 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ, хариуцагч Д.Долгормаа нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Холбооны гишүүнтэй байгуулах гэрээг байгуулж, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэг сарын 15,047 төгрөгөөр тогтоон тохиролцжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд талуудын гэрээнд дурдсан үнэ нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн 15,369 төгрөг төгрөг болсон гэх тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ийн төлбөрт 379,404 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Долгормаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.Долгормаагаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын төлбөрт 379,404 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа тэмдэглүүлсэн хаяг болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 105 дугаар байрны 55 тоот хаягаар шуудангаар, утасны дугаар болох 94044468, 99850290, ажлын газрынх нь 11327575 дугаарт мэдэгдсэн ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Д.Долгормаагаас 379,404 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,035 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Долгормаагаас 12,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шинэ үе-5 СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ