| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0033/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 67
2021.01.12 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч О.Баярсайхан,
шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Б*** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар //,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Сансрын тунелд байрлах “***” караокены гадна *******-тэй маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж тархи доргилт, баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 400,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулдаг *** караокед ажлаа хийгээд байж байтал 22 цагийн үед манай байгууллагад үйлчлүүлж байсан 30 орчим насны эрэгтэй хүн үүдний коридорт надтай зөрөхдөө миний бөгсийг бариад тавихгүй байхаар нь би “болио” гээд гарсан. Тэгээд гадаа байж байтал араас гарч ирээд миний бөгсийг бариад байхаар нь би “боль” гээд байж байтал араас нь хамт явж байсан 2 найз нь гарч ирсэн. Тэгээд би найзуудад нь “танай найз согтсон байна та нар аваад ор” гэж хэлээд оруулсан. Тэгээд би гадаа зогсож байсан чинь нөгөө миний бөгсийг барьсан залуу миний араас цохисон. Тэгээд хоёр найзыгаа түлхээд гарч ирээд намайг үсдэж чирээд миний толгой руу цохиод байсан. Тэгээд миний нүүрнээс цус гарсан байсан. Миний баруун хөмсөг сэтэрсэн байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тогтоолтой уншиж танилцсан. Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11899 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Сансрын тунелд байрлах “***” караокены гадна *******-тэй маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж тархи доргилт, баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч *******-ийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...гадаа байж байтал араас гарч ирээд миний бөгсийг бариад байхаар нь би “боль” гээд байж байтал араас нь хамт явж байсан 2 найз нь гарч ирсэн. Тэгээд би найзуудад нь “танай найз согтсон байна та нар аваад ор” гэж хэлээд оруулсан. Тэгээд би гадаа зогсож байсан чинь нөгөө миний бөгсийг барьсан залуу миний араас цохисон. Тэгээд хоёр найзыгаа түлхээд гарч ирээд намайг үсдэж чирээд миний толгой руу цохиод байсан. Тэгээд миний нүүрнээс цус гарсан байсан. Миний баруун хөмсөг сэтэрсэн байна...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлгага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР