Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 68

 

2021.01.12                                  2021/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,                           

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Ц.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Э, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  регистрийн дугаар

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 7 настай Д.М-г унтахгүй байна гэж нүүр, цээжинд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай аав Э миний хацар руу намайг унтахгүй байна гээд 1 удаа алгадсан. Их хүчтэй алгадсан, миний хамарнаас цус гарсан, их өвдсөн, их уйлсан...манай аав ер нь өмнө нь намайг цохиж байсан. Миний хацар болон нуруу руу алгадаж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10/,

Яллагдагч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед *тоот гэртээ ирсэн. Улмаар цай ундаа уугаад М-н хичээлийг хийлгэсэн. Орой 23 цаг өнгөрч байх үед хичээлээ хийж дуусчихаад орондоо орчихоод М унтахгүй ба зүгээр байхад уйлаад байсан. Тэгэхээр нь би унтаач, аав нь өглөө ажилтай, дүү чинь сэрлээ гэж хэлээд хацар руу нь нэг удаа алгадах үед эргэж хараад хамар руугаа цохиулаад хамарнаас нь цус гарсан. Би хамарнаас нь цус гарсан гэдгийг мэдээгүй, тэгээд үргэлжлүүлэн цээж рүү нь нэг удаа цохисон, цээж дээр нь миний алганы мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12885 дугаартай дүгнэлт:

  1. Д.М-ын биед дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдэнд сулрал, баруун хацар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  3. 8. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  1. Мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин, 7 настай Д.М-г унтахгүй байна гэж нүүр, цээжинд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч Д.М-ын: “...манай аав Э миний хацар руу намайг унтахгүй байна гээд 1 удаа алгадсан. Их хүчтэй алгадсан, миний хамарнаас цус гарсан, их өвдсөн, их уйлсан...манай аав ер нь өмнө нь намайг цохиж байсан. Миний хацар болон нуруу руу алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ц.Э-т хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Э-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц.Э-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР