Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 69

 

2021.01.12                                  2021/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,                           

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Ш.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш.С, 1975 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ** слессар ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * тоотод оршин суух хаягтай гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /,

Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ш.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эхнэрээ цохисон нь үнэн. Өмнө нь цохиж байсан асуудал байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Ш.С нь сүүлийн 2 жилийн хугацаанд намайг зодох болсон ба эхэндээ намайг зодохдоо 3-4 сардаа нэг удаа зоддог байсан ба харин сүүлийн үед сардаа 4-5 удаа намайг зодох болсон. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зодсон ба намайг зодохдоо дандаа гараараа зоддог. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргачихаад охины хамт хамгаалах байранд амьдарч байгаад одоо түрээсийн байранд амьдарч байгаа...миний баруун бугалга хэсэгт хөхөрсөн, баруун ташааны ар хэсэгт хөхөрсөн ч хөндүүрлэж өвдөж байсан бөгөөд тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн...манай нөхөр С нь ойролцоогоор сардаа 4-5 удаа архи уудаг ба намайг зодохдоо архины хамаарал нь хамаагүй ба эрүүл байх үедээ илүү их зоддог ба намайг зоддог шалтгаан нь хардалтаас болж зоддог...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10/,

Яллагдагч Ш.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23-24 цагийн орчим эхнэр Д-г битгий хүнтэй явалдаад бай гэж хэлсэн. Дугарахгүй байсан бөгөөд би дугараач гээд 2, 3 удаа мөр хэсэг рүү нь цохиход дугарахгүй унтацгаасан юм. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12969 дугаартай дүгнэлт:

  1. С.Д-н биед цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, бүсэлхий, баруун өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Д-н: “...манай нөхөр Ш.С нь сүүлийн 2 жилийн хугацаанд намайг зодох болсон ба эхэндээ намайг зодохдоо 3-4 сардаа нэг удаа зоддог байсан ба харин сүүлийн үед сардаа 4-5 удаа намайг зодох болсон. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зодсон ба намайг зодохдоо дандаа гараараа зоддог. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргачихаад охины хамт хамгаалах байранд амьдарч байгаад одоо түрээсийн байранд амьдарч байгаа...миний баруун бугалга хэсэгт хөхөрсөн, баруун ташааны ар хэсэгт хөхөрсөн ч хөндүүрлэж өвдөж байсан бөгөөд тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн...манай нөхөр С нь ойролцоогоор сардаа 4-5 удаа архи уудаг ба намайг зодохдоо архины хамаарал нь хамаагүй ба эрүүл байх үедээ илүү их зоддог ба намайг зоддог шалтгаан нь хардалтаас болж зоддог...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.С-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ш.С-д хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ш.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш.С-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ш.С-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР