Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 134

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Захан аймгийн ******* сумын 1-р багийн иргэн Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 онд төрсөн. 1974-1982 онд ******* сумын 8-н жилийн сургуульд сурч төгссөн. 1982 онд илтгээлтээр гарч ******* сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Мандал бригадад өвөө *******, ээж ******* нарын хамт мал малласан. Ингээд 1982-1988 оны 2-р сар хүртэл ******* суманд малчнаар, 1989-1990 онд Ургамал сумын Баян-Улаан бригадад айлын хүн болж очоод мал маллаж байсан юм. Улмаар 4 хүүхэдтэй, 50 нас хүрч тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил дутаж архиваас 1982-1983 онуудын лавлагаа авсан юм. 1982-1990 онуудад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм.

Иймд намайг 1982 оны 01-р сарын 01-нээс 1988 оны 02-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Мандал бригадад болон 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад тус тус мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1982 оны 01-р сарын 01-нээс 1988 оны 02-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Мандал бригадад мал маллаж байснаа болон 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад мөн мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй байна гэж үзлээ.

Д.******* нь 1982 оны 01-р сарын 01-нээс 1988 оны 02-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Мандал бригадад болон 1989 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад тус тус мал маллаж байсан болох нь 1987 оны 03-р сарын 18-ны өдөр нэлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 04-р сарын 25-ны өдрийн А/273 тоот, 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн ******* тоот лавлагаанууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч Д.*******ыг дээрх онуудад мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******, Т.*******, Ц.*******сүрэн нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******ыг 1982 оны 06 дугаар сарын 10-наас 1988 оны 02 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчин, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ