Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

2021       01             15                                 2021/ШЦТ/84

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,                           

улсын яллагч О.Баярсайхан,

хохирогч Б.Буянтогтох,

шүүгдэгч Э.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сид холбогдох эрүүгийн 2006 00000 2832 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.С, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг, Бүлээн гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1581 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар

Яллах дүгнэлтэд дурдсанаар /холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3 дугаар гудамж 1578 тоотод иргэн Б.Буянтогтохтой маргалдаж улмаар толгой тус газарт нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дотор булан, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, баруун чамархайн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Буянтогтох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өглөө сэрэх үед манай гэрийн тог байхгүй байсан. Манай хашаан дотор цахилгааны шийт байдаг. Хүмүүс дандаа улсын өмчийг эвдэж онгойлгоод тог хулгайлаад  байдаг. Тухайн өдөр манай тогийг хулгайлсан байсан. Би хулгайлсан байсныг нь унтраасан чинь хашааны цаанаас яагаад тог хулгайлаад байгаа юм гээд манай хашаа руу дайрч орж ирсэн. Би энэ хүний биед гар хүрээгүй. Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь над руу уурлаад намайг түлхээд, тоосгоор цохих гэж оролдсон. Би гараараа хамгаалсан. Түлхэж байгаад миний хамар руу цохисон. Би түлхсэн чинь дахиж тоосго бариад намайг цохих гэж оролдсон. Би зүүн гараараа хамгаалсан. Тэгээд дахиж намайг цохисон. Би түлхээд, салаад байж байх үед энэ хүнийг аваад явсан. Ийм зүйл болсон” гэв.

Хохирогч Б.Буянтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед өөрийн гэрт байсан. Тэгсэн өглөө сэрэхэд манайх тоггүй болчихсон байсан. Тэгэхээр нь хашаанд байдаг тогны шитийг очиж харсан чинь манай тогны пускателийн оронд хажуу талын айлын пускател байсан. Тэгэхээр нь би тэрийг унтраасан чинь хажуу айлын ах гэрээсээ гарч ирээд манайх тоггүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би яагаад манай пускателыг хулгайлсан юм бэ гэсэн. Тэгсэн манай хашаа руу орж ирээд намайг заамдаад авсан. Би мөн адил заамдахад манай аав Батбаяр хажуугаас салгасан. Тэгсэн нөгөө ах тоосго бариад над руу дайраад шидэхэд нь би бултсан. Ахиад над руу тоосго шидэхэд нь би зүүн гараараа хаасан. Тэгээд ирээд намайг гараараа нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Мөн заамдаж байгаад хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7/,

Яллагдагч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тоосго барьсан нь үнэн гэхдээ би тоосго шидэж цохисон зүйл байхгүй...тэгээд би над руу дайраад хэл амаар доромжлоод миний толгой руу цохиод байхаар нь гараараа нэг удаа нүүрэн дунд хэсэгт нь цохисон. Би хамар руу нь цохъё гэж бодоогүй, адилхан нэг нэгнийгээ цохиж байсан болохоор нь өөдөөс нэг удаа цохисон. Би Б.Буянтогтоход эм тарианы мөнгө болон хамарны зураг авхуулсан мөнгө гээд нийт 250.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11899 дугаартай дүгнэлт:

  1. Б.Буянтогтохын биед хамар ясны хугарал, хамтрын таславчийн муруйлт, зүүн дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дотор булан, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3 дугаар гудамж 1578 тоотод иргэн Б.Буянтогтохтой маргалдаж улмаар толгой тус газарт нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний дотор булан, баруун чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, баруун чамархайн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Буянтогтохын: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед өөрийн гэрт байсан. Тэгсэн өглөө сэрэхэд манайх тоггүй болчихсон байсан. Тэгэхээр нь хашаанд байдаг тогны шитийг очиж харсан чинь манай тогны пускателийн оронд хажуу талын айлын пускател байсан. Тэгэхээр нь би тэрийг унтраасан чинь хажуу айлын ах гэрээсээ гарч ирээд манайх тоггүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би яагаад манай пускателыг хулгайлсан юм бэ гэсэн. Тэгсэн манай хашаа руу орж ирээд намайг заамдаад авсан. Би мөн адил заамдахад манай аав Батбаяр хажуугаас салгасан. Тэгсэн нөгөө ах тоосго бариад над руу дайраад шидэхэд нь би бултсан. Ахиад над руу тоосго шидэхэд нь би зүүн гараараа хаасан. Тэгээд ирээд намайг гараараа нүүрэн тус газарт 3 удаа цохисон. Мөн заамдаж байгаад хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар 4 хоногийн завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Иймд түүнээс нийт 2.839.900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Буянтогтоход олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Сид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Э.Сид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Сид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Соос нийт 2.839.900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Буянтогтоход олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР