Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00091

 

 

 

 

 

 

 

 

                     Д.Нэргүй, П.Баасандагва нарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Нэргүй, П.Баасандагва нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт хүнс” ХХК-д холбогдох

“212.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч Д.Сүхбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нэргүй, П.Баасандагва нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нэргүй миний бие нь баз хүргэн П.Баасандагва хадам дүү Д.Пүрэвдорж нар болон бусад ах дүү нарын хамт 1994-1998 оны хооронд өөрийн оршин сууж амьдарч буй Сэлэнгэ аймаг Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрсдийн хөрөнгө хүч хөдөлмөрөө зарцуулж үйлдвэр үйлчилгээний зориулалтаар нийт 515 м2 бүхий 3 давхар барилгыг ашиглалтанд оруулж 1998 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 4 хүний өмчөөр бүртгүүлэн баталгаажуулсан билээ. Улмаар 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Д Нэргүй П.Баасандагва, Ц.Эрдэнчимэг нарын 3 хүний өмчлөлд салган бүртгүүлж тус бүрдээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болно.

2003 оны 12 дугаар сард “Эрдэнэт хүнс” ХХК-ийн захирал Д.Сүхбат нь миний талийгаач эхнэр Д Пүрэвсүрэн бид 2-той ирж уулзаж миний өмчлөлийн хэсэг болох 338 мкв талбай бүхий хэсгийг 200 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод явсан бөгөөд бидний төлбөрийг төлөөгүй атлаа мөн уг объёктыг өөрийн компаний бүртгэлд шилжүүлэн аваагүй байж өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр татварын өрөнд П Баасандагвын өмчлөх хэсэг болох 125 м2 талбай бүхий объёктын хамт 292.000.000 төгрөгөөр үнэлүүлэн Санхүү Эдийн засгийн Сайдын 2004 оны 8-р сарын 23-ны өдрийн 190 тоот тушаалаар /Эрдэнэт хүнс / ХК-ны улсын төсөвт төлөх татварын өрөнд тооцоолон авахуулсан байсан, улмаар Төрийн Өмчийн Хороо бидний өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг маань Б Чинзориг гэдэг иргэнд 2015 онд дуудлага худалдаагаар худалдсанаар би орон байрнаасаа аргагүй эрхэнд гарахад хүрсэн. Тиймээс П.Баасандагва, Д.Нэргүй бид хоёрын өмчийг 292,000,000 төгрөгөөр үнэлүүлэн бидний өмчлөлд одоо хир нь хэвээр өмчийг татварын өрөнд хураалгасан “Эрдэнэт хүнс” ХХК-аас үлдэгдэл 212.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Д.Нэргүй би өөрийн өмчлөлд одоо хүртэл хэвээр байгаа өмчлөх хэсэг болох 338 м2 талбай бүхий объёктоо 172,000,000 төгрөгөөр үнэлж, түүнээс Д.Сүхбатын өгсөн бэлэн болон бараа материалын үнэ нийт 80,000,000 төгрөгийг хасч тооцож үлдэгдэл 92.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Баасандагва миний бие нь баз хүргэн Д.Нэргүй, хадам дүү Д.Пүрэвдорж нарын хамт өөрсдийн хөрөнгөөр Сэлэнгэ аймаг, Баянгол сум дахь Үлдвэр үйлчилгээний объёктыг барьж би оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр 125 м2 талбай бүхий баар, цайны газар, дэлгүүрийн барилгыг өмчлөхөөр болж 2000 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн 1303001747 дугаартай өмчлөгчөөр бүртгүүлэн 0003507 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан билээ. Гэтэл Эрдэнэт хүнс ХХК-ийн зүгээс хууль ёсны өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр Д.Нэргүй өмчийн хамт 292.000.000 төгрөгөөр үнэлүүлэн улсын төсөвт төлөх ёстой байсан өөрийн байгууллагынхаа татварын өрөнд тооцуулан төрийн өмчийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Тиймээс би өөрийн өмчлөх хэсэг болох 125 м2 талбай бүхий баар, цайны газар, дэлгүүрийн барилгыг 120,000,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Хариуцагч Д.Сүхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрдэнэт хүнс” ХХК нь татварын өр төлбөртөй байсан 2002-2004 онуудад уг өр төлбөрийг төлж барагдуулах тухай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл, үүрэг даалгаварыг биелүүлэх ажлыг миний бие хариуцан ажиллаж байсан болно. 2002 онд байгууллага, аж ахуйн нэгжүүд татварын өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө төрийн өмчид шилжүүлж төлбөр тооцоог барагдуулж болох тухай болон Сангийн яам болон Татварын ерөнхий газрын хамтарсан шийдвэр гарсан юм. Уг шийдвэрийн тухай өөрийн авга ах Б.Алтангэрэлд хэлж ярьсан юм. Улмаар авга ах Б.Алтангэрэлээр зуучлуулан нэг гэр бүлийн хүмүүс болох иргэн Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нартай уулзсан юм. Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нар нь 2001-2003 онуудад Зоос банкны Дархан хот дахь салбарын эдийн засагчтай хамтран хувь хүмүүсийн нэр дээр орон сууцыг нь барьцаалан 18 удаагийн үйлдлээр “Зоос” банкнаас нийтдээ 68 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд зээл авсан хүмүүсийн орон сууц нь дуудлага худалдаанд орох гээд ах, эгч 2 нь хүнд байдалд орчихсон байгаа тул “...бидний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдаж авах....” саналыг надад тавьсан юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Баярын зөвшөөрсөны дагуу “Эрдэнэт хүнс” ХХК-г төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч болох Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нарын төлөөллөөр “Тэнүүн солонго” ХХК-ийн нэр дээр Худалдах. худалдан авах гэрээ “-г байгуулж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаар нотариатаар гэрчлүүлэх ажиллагааг хийлгүүлсэн юм. Гэрээнд заасан заалтын дагуу 40,000,000 төгрөгийг урьдчилгаагаар өгсөн бөгөөд иргэн Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нар нь “Зоос” банкнаас хүмүүсийн нэр дээр зээл, зээлийн хүү, алдангийг төлж барагдуулж байсан юм. Үлдэгдэл мөнгийг харилцан тохиролцсоны дагуу хуваарь гарган 10 сая төгрөгөөр цувуулан өгч байтал Д.Нэргүй нь бидний үл хөдлөх хөрөнгийн үнэ бага байна бид үл хөдлөх хөрөнгийн үнээ 150 сая төгрөг болгох саналтай байна гэсний дагуу саналыг хүлээн зөвшөөрч үнийг 150 сая төгрөг болгосон ба уг төлбөрийг 2005 онд багтаан төлж барагдуулсан болно. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт хүнс” ХХК болон “Тэнүүн Солонго” ХХК-ийн хооронд төлбөрийн тооцоо байхгүй болно.

Сангийн яам, Татварын ерөнхий газар нь уг хөдлөх эд хөрөнгө нь хөдөө орон нутагт байрлаж байгаа тул Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн газарт шилжүүлэх чиглэл өгсөний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг томилогдон уг үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Х.Даваахүүгээр ахлуулсан ажлын хэсэгт акт үйлдэн хүлээлгэн өгсөн болно. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оноос эхлэн Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нарын гаргасан хүсэлтийг нь хүлээн авч тэдэнд түрээсээр ашиглуулах гаргаж түрээсийн гэрээг байгуулсан байдаг юм. Иргэн Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нар нь уг үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшиж байсан ба 2006-2007 оноос өмчийн хорооны шийдвэрээр ерөнхий түрээслэгчээр Авто зам ашиглалтын “Баянчандмань АЗЗА” ТӨХК болсон тул иргэн Д.Нэргүй, Д.Пүрэвсүрэн нар нь уг үл хөдлөх хөрөнгийг цаашид түрээсээр ашиглах гэрээг байгуулан ажиллаж байсан. Уг үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшигч н Пүрэвсүрэн нь 2014 онд хүнд өвчний улмаас, бидний дунд зуучилж байсан авга ах Б.Алтангэрэл 2014 оны 11 дугаар сард нас барсан нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр гэрчлэх, мэдүүлэх боломжгүй болсонд миний бие ихэд харамсаж байна. Иргэн Д.Нэргүй, П.Баасандагва нар нь 2016 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан гатны шүүх болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг гаргасан болно. Иймд иргэн Д.Нэргүй, П.Баасандагва нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.Нэргүй, П.Баасандагва нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.217.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд давж заалдсан гомдолдоо: Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1; 75.2.2 дахь заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож буйг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.Маргаж буй объёктын 125 м2 талбай бүхий дэлгүүр, дискобаар, кафе /цайны газар/-ыг хөрөнгө оруулсан хувь хэмжээний хүрээнд “Тэнүүн-Солонго” ХХК-ны удирдлагын шийдвэрээр өөрийн өмчлөлд салган авч 2000 оны 03-р сарын 29-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ Улсын бүртгэлийн 1303001747 дугаарт бүртгүүлэн баталгаажуулж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 0003507 тоот гэрчилгээ авсан болно.

2.Шүүгч шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо тус хуулийн 76-р зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу Баасандагва би өөрийн өмчлөлийн зүйлээ 2000 оноос хойш хэнд ч, хэзээ ч зарж борлуулаагүйгээс гадна “Эрдэнэт Хүнс” ХХК-д татварых нь өрөнд хураалгах зөвшөөрөл олгоогүй. Мөн хэнд ч захиран зарцуулах эрх, төлөөлөл, итгэмжлэл олгоогүй. Өөрийн өмчлөл болох 125 м2 талбай бүхий объёктоо үеэл дүү Урнаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн харж хандаж байхаар даалган орхисон бөгөөд дүү Урнаа болон миний зүгээс Төрийн Өмчийн Хороотой өөрийнхээ өмчийг түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулаагүй ба өөрийн өмчлөх эрхээ зөрчигдсөн гэдгийг 2014 оны 12-р сард мэдсэн болно. Мөн шүүгч хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Баасандагвыг эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэдгийг ТӨХ-оос зарлагдсан дуудлага худалдаануудаар иш татан баримт болгосон нь учир дутагдалтай байна. Өмчлөх эрхээ зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03-р сарын 31-ны өдрийн 242 тоот шийдвэрт: Шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08-р сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаалыг нэхэмжлэгч нарт холбогдох хууль, журмын дагуу зохих ёсоор гардуулж өгөөгүй, мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч мэдэгдсэн болон гардуулсан өгсөнөө нотлохгүй байна.

“Эрдэнэт Хүнс” ХХК-ийн захирал асан Д.Сүхбат нь бидний өмчийг дур мэдэн татварынхаа өрөнд авхуулахаар Санхүү Эдийн Засгийн Сайдын Зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэр гаргуулсан байдаг юм. /Баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа/ Энэ талаар Д.Сүхбатаас анхан шатны хуралын хэлэлцүүлэг дээр асуухад “Мэдэхгүй, Би 2003 оны 06-р сарын 06-нд ийм шийдвзр гаргуулаагүй” гэж худал хэлж, хариулж байсан. Д.Сүхбат нь 2003 оны 12-р сард Д.Нэргүйтэй түүний өмчлөх хэсгийг худалдан авах талаар хэлцэл хийсэн гэж өөрөө тайлбараараа нотолж байгаа. Үүгээрээ Д.Нэргүйтэй 2003 оны 12-р сард уулзахаасаа өмнө аль мөн оныхоо 6-р сард миний өмчийг надад мэдэгдэлгүйгээр Нэргүйгийн өмчийн хамт өөрийнхээ байгууллагын татварын өрөнд хураалгахаар шийдвэр гаргуулсан байна. Үүнийг шүүх анхааран үзнэ үү.

Шүүгч шийдвэртээ Иргэний хуулийн 106.1 дэхь заалтыг баримталсныг мөн эс зөвшөөрч байна. Учир нь: П.Баасандагва 125 м2 талбай бүхий объёктоо 2000 оноос хойш өдийг хүртэл өмчилж байгаа бөгөөд одоо хирнээ миний өмчлөлд хэвээр байгаа болно. Би 2000 оноос хэнд ч өөрийн өмчөө зараагүй бөгөөд хэнд ч захиран зарцуулах эрх, итгэмжлэл, төлөөлөх эрх олгоогүй, “Эрдэнэт Хүнс” ХХК-д худалдаагүй бөгөөд хэнтэй ч түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулаагүй болно. Харин “Эрдэнэт Хүнс” ХКК-ны зүгээс өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр 2003 оны 06-р сарын 06-нд надад мэдэгдэлгүйгээр өөрийнхээ байгууллагын татварын өрөнд өгсөн байсанг 2014 оны 12-р сард мэдэж өөрийнхөө өмчлөх эрхээ хамгаалуулхаар Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх болон Иргэний шүүхээр маргаан үүсгэн шийдүүлэхээр хандаж байгаа болно. Тиймээс би бусдын өмчийг дур мэдэн ямар нэгэн арга замаар аваагүй бөгөөд өөрт учруулсан гэм хороо арилгуулахаар, өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Тиймээс үндэслэлгүйгээр миний эрхийг зөрчиж гаргасан анхан шатны Шүүхийн 276 тоот шийдвэрийг зохих хууль тогтоомжийн дагуу нягтлан судлан үзэж хэрэгсэхгүй болгож үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журамд заасны дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Нэргүй, П.Баасандагва нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 212.000.000 төгрөгийг “Эрдэнэт Хүнс” ХХКомпаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Нэргүй үлдэгдэл үнэ 92.000.000 төгрөг, П.Баасандагва үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 120.000.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба хариуцагч Эрдэнэт хүнс ХХКомпани нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч “Эрдэнэт Хүнс” ХХКомпани нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий худалдаа үйлчилгээний 3 давхар барилга /зочид буудал, зоогийн газар/, диско бар, 6 автомашины гараж, харуулын тоосгон барилга, бетон зам талбай, гэрэлтүүлгийн хамт, ногооны зоорь, цахилгаан дамжуулах шугам /трансформаторын хамт, төмөр бетон хашаа, Уурын зуух /13-ын 2 тогоотой/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 12 дугаар сард худалдан авч улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга байгууламжийг 2004 оны 8 дугаар сард тус компаний төлөх татварын өрөнд шилжүүлснээр 2004 оны 10 дугаар сарын 21 –ний өдрийн № 468 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бүртгэлд бүртгэсэн, дараа нь 2009 оны 05 дугаар сарын 28–ны өдрийн № 195 дугаар тогтоолоор “Улаанбаатар АЗЗА” ТӨХКомпанид эзэмшүүлэхээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны тогтоолууд, зохигчдын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан  Төрийн өмчийн хорооноос Үл хөдлөх эд хөрөнгө худалдах тухай 2006 оны 10 дугаар сарын 05–ны өдрийн № 537 дугаар тогтоол, 12 дугаар сарын 28-ны өдрийн № 783 дугаар Дуудлагын худалдааг дахин явуулах тухай тогтоол, Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшүүлэх тухай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн № 195 дугаар тогтоол, 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн № 1 тоот Төрийн өмчийн хороо болон Тэнүүн ХХКомпаний захирал Д.Нэргүй нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу дээрхи барилга байгууламжийг нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу ашиглаж, түрээсийн төлбөрт 11.929.5 мянган төгрөг төлсөн байдал, нэхэмжлэгч Д.Нэргүйгийн гаргасан “....өөрийн өмчлөлийн хөрөнгөө 172.000.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 80.0 сая орчим төгрөгийг хасаад үлдэгдэл 92.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...”  гэх тайлбар болон нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба харин хариуцагчийн гаргасан “...худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр маргаж буй барилга байгууламжийг төрийн өмчинд шилжүүлсэн, үнийг төлж дуусгасан тул шаардлагыг зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар, татгалзлалыг нэхэмжлэгч нар няцааж үгүйсгэж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 78-80, 98-102 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Нэргүй нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө 338 м2, талбай бүхий барилга байгууламжийг хариуцагч Эрдэнэт Хүнс ХХКомпани 2003 онд худалдаж улмаар дээрх барилга байгууламжийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн гэдгийг 2004 оны 8 дугаар сард мэдсэн, нэхэмжлэгч П.Баасандагва өөрийн эзэмшлийн125 м2 талбай бүхий барилга байгууламжийг бусдад зарагдсаны улмаас Төрийн өмчийн бүртгэлд бүртгэгдсэн гэдгийг 2004 оны 10 дугаар сард мэдэх ёстой байсан ба энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан хугацааг өнгөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Нэргүй, П.Баасандагва нар 2016 оны 8 дугаар сарын 19–ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, өмчлөх эрх зөрчигдсөн гэдгээ 2014 онд мэдсэн болохоо нотлох үүрэгтэй юм.

Учир нь талуудын хооронд үүссэн маргаантай нөхцөл байдлыг урт удаан цаг хугацаа өнгөрсний дараа хэргийн бодит үнэнийг тогтооход хүндрэлтэй байхаас гадна хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагавартай тул иргэний эрх зүйд тхайн этгээдийн эрхийг шүүхээр хамгаалуулах хугацааг  тогтоосон байдаг.

Нэхэмжлэгч П.Баасандагва нь өөрийн өмчлөлийн 125 м2 бүхий барилга байгууламжийг 2003 онд бусдад зарсанг мэдээгүй, үеэл дүү Урнаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн харж хандаж байхаар даалган орхисон бөгөөд дүү Урнаа болон миний зүгээс Төрийн Өмчийн Хороотой өөрийнхээ өмчийг түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулаагүй ба өөрийн өмчлөх эрхээ зөрчигдсөн гэдгийг 2014 оны 12-р сард мэдсэн гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, өмчлөх эрх зөрчигдсэн гэдгээ 2014 онд мэдсэн гэдгээ  нотлох баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн Төрийн өмчийн хорооноос хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчинд бүртгэснээр өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусгавар болохоос гадна нэхэмжлэгч П.Баасандагва нь 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ү-1303000150 дугаартай бүртгэлийн гэрчилгээг өмнөх гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр дахин гаргуулсан байх тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамхандын гаргасан “...одоо ч миний өмчлөлд байгаа, хэнд ч зараагүй байхад үндэслэлгүйгээр миний эрхийг зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэгч Д.Нэргүй, П.Баасандагва нарыг  “...өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн үеэс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын шаардлага тус бүрийг зааж тодорхойлоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Д.Нэргүйгийн 90.000.000 төгрөг гаргуулах тухай, П.Баасандагвын 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Баасандагвын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ