Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01603

 

К.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1295 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч К.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч К.Гт холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6424 тоот захирамж бүхий гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээг төлбөр төлөгч К.Гт танилцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эсэх тухайд хууль тогтоогчийн хуульчилж өгсөн эрхийг нь эдлүүлэлгүйгээр төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот тогтоолыг үйлдсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан К.Г гомдол гаргасан байна. 

К.Гийн гаргасан гомдлыг хүлээн аваад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Намсрай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1 дэх хэсэгт заасны дагуу 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонгын хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, төлбөр төлөгчийг хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхийг нь хангаагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Нэгэнт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөнийхөө үнэлгээтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхийг нь хуульд заасны дагуу эдлүүлэлгүйгээр хууль зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь ч мөн адил хууль зөрчигдөн үйлдэгдсэн тогтоол болох юм. 

Иймд хуульд заасны дагуу төлбөр төлөгч К.Гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6424 дүгээр захирамжаар К.Гаас 49 105 379 төгрөгийг гаргуулж “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч К.Г нь шүүхийн шийдвэрийг төлж барагдуулаагүй тул гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 15 дугаар байрны 29 тоот 40 мкв талбайтай орон сууцыг хөндлөнгийн гэрч оролцуулан битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 81 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16649 тоот албан бичгээр танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч К.Гийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан /хуучин нэрээр/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 29 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/56 тоот “Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1295 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй үзэж байна.

...Б.Билгүүн нь тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй, шүүхийн шийдвэрийг гардан авах боломжгүй байсан тухай нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байхад шүүх энэ тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Түүгээр ч зогсохгүй давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг дуудлага худалдааг хуульд нийцүүлэн зохион байгуулсан гэж дүгнэсэн нь хууль бус юм. ..Нэхэмжлэгч К.Гийн НШШГГ-т “...үл хөдлөх эд хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр үнэлж байгаа...” тухайгаа илэрхийлж бичиж гарын үсэг зурж бичиж өгсөн бичвэрт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэсэн бичиглэл байхгүй, мөн “Эм Эй Эф” ББСБ-ын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17M33 тоот албан тоотын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэх огнооны 10-ны өдөр гэсэн бичиглэл нь илт засвартай байх тул шүүхийн техникийн алдаанаас 2017 оны 05 дугаар сарын 15 гэж бичигдсэн гэх дүгнэлт нь бодит үнэнд илүү нийцэж буй нь тогтоогдоогүй байна. Мөн шинжээч нь НШГА-д 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байхад НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шинжээчийн үнэлгээнд гомдол гаргах эсэх тухайд төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тухайд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааны талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч К.Г нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 15-29 тоот 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч НШШГГ шаардлагыг эс зөвшөөрч, ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101\ШШ2016\06424 дүгээр захирамжаар К.Г болон “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн талаарх эвлэрлийг баталсан байх ба К.Г нь  “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-д 49 105 379 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Төлбөр төлөгч К.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгчийн өмчлөлийн, зээлийн үүрэгт барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 15 дугаар байрны 29 тоот 40 мкв талбайтай орон сууцыг хөндлөнгийн гэрч оролцуулан битүүмжилж, хурааж, үнийн санал авахаар мэдэгдэхэд төлбөр төлөгч, авагч  тал үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлсэн байна.

Шинжээчийн дүгнэлтээр тухайн орон сууц 81 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн ба хариуцагч уг үнэлгээг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16649 тоот албан бичгээр төлбөр төлөгчид танилцуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6\56 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч, авагч талд хүргүүлжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1295 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН