Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 13

 

Т.Эд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Эрдэнэбат

  Прокурор                                          Л.Мөнхбаяр  

                        Яллагдагч                                        Т.Э нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр Т.Эд холбогдох эрүүгийн 1721001860099 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т.Э.

Т.Э нь 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын 10-ны хооронд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 84 шуудай 2279.85 кг ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч, 113,992,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр, шүүгдэгч Т.Эийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар:

1.Яллагдагч Т.Эд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/-ыг бүрэн нотолж чадаагүй байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг төгссөн цаг хугацаа, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Прокурор, яллагдагч Т.Эг 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 84 шуудай 2279.85 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс худалдан авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “Т.Эийн авсан гээд байгаа зөвшөөрөлд дурдсан 2017.08.26-ны өдрөөс хойш худалдан авсан гэсэн нэг ч баримт хэрэгт байхгүй” гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Прокурор “гэмт хэрэг илэрсэн өдрөөр нь гэмт хэргийн төгссөн хугацааг тооцсон” гэж тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, мөн зүйлийн 3-т “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус зааснаас үзэхэд үргэлжилсэн гэмт хэргийг үйлдсэн цаг үе нь гэмт хэргийн шинжид багтах сүүлчийн үйлдэл хийсэн цаг үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаа гэж үзэхээр байна. Яллагдагч Т.Э нь хэнээс, хэдийд хамгийн сүүлд ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг худалдаж авсан нь тодорхойгүй байна. Иймд гэмт хэрэг үйлдэж төгссөн хугацааг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

2.Прокуророос 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тогтоол үйлдэж яллагдагч Т.Эийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Гэтэл хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр яллагдагч нь ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг бусдаас худалдан авснаас гадна нэг газраас нөгөө газар руу тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн Б Т компанийн амралтын баазын зүүн талын агуулахад хадгалж байсан байхад гэмт хэргийн ганц худалдан авсан гэх шинжээр нь яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д “зохих зөвшөөрөлгүйгээр...ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж заасан зүйл хэсгийг буруу хэрэглэсэн байна гэж үзнэ.

3.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.Э нь “Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдэд 100 кг үндэс худалдаж авсан байсан. Энэ нь хүмүүсийн арилгуулж цэвэрлэсэн гэж хэлээд байгаа үндэс юм. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 тонн гаран үндэс худалдаж авсан. Гэтэл зөвшөөрлийн дагуу хэдэн тонн Дэрэвгэр Жиргэрүү бэлтгэсэн, зөвшөөрөлгүй хэдэн кг ургамал бэлдсэнийг тогтоож чадаагүй нийтэд нь тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвшөөрөхгүй” гэж мэдүүлж байх тул энэ асуудлыг дахин нарийвчлан шалгах нь зүйтэй байна гэж дүгнээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ:

1.Иргэний нэхэмжлэгч Г.Гийн “Би Т.Эд шуудайлж хураасан үндсийг бэлтгэх зөвшөөрөл байна уу, байгаа бол үзүүл гэсэн шаардлага тавихад тэрээр зөвшөөрөл байгаа гэсэн боловч тухайн үед ямар нэг аж ахуйн нэгжийн нэр хэлээгүй. Тэгээд зөвшөөрөл нь ирэхгүй байхаар нь үндсийг хураан авсан. Биднийг шалгах үед Т.Э Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс түүх зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулж төлбөр төлөөгүй байсан. “Э Ү” ХХК-ийн хувьд 2017 оны 09 сарын 06-ны өдөр манай суманд ирж гэрээ байгуулан үндэс түүж бэлтгэж байсан. Т.Эс бидний хураан авсан 2279.85 кг үндэс нь бүрэн хатаж шуудайлсан үндэс байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Хийн “Э ү” ХХК нь 2017 оны 08 сарын 25-наас 09 сарын 25-ны хооронд Халхгол сумын 2 дугаар багийн нутаг Индүүт гэх газраас 8 тонн Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш гэх хүн анх манай суманд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирж гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Дын “Миний хувьд Т.Эийн гуйсны дагуу түүний худалдаж авсан үндэснийх нь шороог сэгсэрч цэвэрлэх, шуудайлах, ачиж буулгах, дэлгэх ажилд нь тусалдаг байсан. Намайг ажиллах хугацаанд 1 тонн гаруй үндэс худалдаж авсан. Т.Э намайг өдрийн 20000 төгрөгөөр үндэс цэвэрлэх хүн олоод өгөөч гэхээр нь Т, Э, П, Б, Г нарыг олж өгсөн. Б гэдэг хүний амралтын баазын агуулахад хадгалдаг байсан. Нойтон өвсөө нуурын эрэг дээр хатаагаад, дээрх хүмүүсээр цэвэрлүүлээд хатсаныг нь агуулах руу хийдэг байсан. Би 2017 оны 07 сарын 20-ны үеэс 10 гаруй хоног ажиллаад 08 сарын 04,05-ны орчим хувийн ажилтай болсон тул ажиллахгүй байж байгаад 8 дугаар сарын 13-14-ний хооронд очиход Т.Э нилээд их хэмжээний өвс авчихсан байсан. Тэрнээс хойш би үндэсний сахал цэвэрлэх ажил хийсэн бөгөөд  8 сарын 20-д гаргаад ажиллахаа больсон” гэх мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийг илрүүлснээр дээрх гэмт хэргийг төгссөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүх яллагдагч Т.Э хэнээс, хэдийд хамгийн сүүлд ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдаж авсныг тогтоо, ингэснээр тухайн гэмт хэрэг хэзээ төгссөн нь нарийвчлан тогтоогдоно гэж байгаа нь үндэслэлгүй юм.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй бөгөөд тухайн зүйл ангийн бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, түүсэн, боловсруулсан, худалдсан, худалдан авсан гэсэн заалтыг буруу хэрэглэсэн гэж шүүх үзсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хийсвэрээр бий болгосон үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь, яллагдагч Т.Э зохих зөвшөөрөлгүйгээр үндсийг бусдаас худалдан аваад цэвэрлүүлэх, авсан өвсөө хатаах зорилгоор машинаар зөөвөрлөсөн, мөн авсан үндсийг тодорхой байранд байлгасан явдлыг тухайн зүйл ангид заасан хадгалсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэсэн шинжүүдийг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурьдах ёстой байсан гэж үзэх үндэслэлээ болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

3.Яллагдагч Т.Э нь зохих зөвшөөрөлгүйгээр 2279.85 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг худалдан авсан болох нь гэрч Д.Д, Х.Х нарын дээр дурдсан мэдүүлэг, гэрч Н.Бгийн “манайх 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нүүж ирээд Б Т ХХК-ний сахиулаар ажиллаж байгаа юм. Намайг энд нүүж ирснээс хойш ямар нэг хүн тус агуулахад үндэс авчирч хураагаагүй. Харин складны хаалга цонхыг өдөр бүр сайн шалгаж байгаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг зэрэгт хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байтал шүүх яллагдагч Т.Эн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт хөтлөгдөж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

Яллагдагч Т.Эн хадгалж байгаад хураагдсан 84 шуудай, 2279.85 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримт болон Байгалийн ургамлын тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын хүрээнд дүгнэн шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийн 1, 3 дахь үндэслэл нь үндэслэл муутай байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэлийн  талаарх прокурорын эсэргүүцэл нь “зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авсан үндсээ бусдаар цэвэрлүүлэх, хатаах зорилгоор машинаар зөөвөрлөсөн, тодорхой байранд байлгасан явдал нь тухайн зүйл ангид заасан хадгалсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх шинжийг бүрдүүлэхгүй” гэж хуулийг буруу тайлбарласан байх тул үндэслэл муутай байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                      Л.НАРАНБАЯР