| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0155/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 186
2021.02.03 2021/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2103 0000 10013 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Бор нуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 7 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /,
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хөхий” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоёота Алекс” маркийн 47-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: а/...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 10.1 дэх заалт. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийг 10.4 дэх заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Приус 20 маркийн 25-55 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч М.Намуунтөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хур алдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч М.Намуунтөгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 08 цагийн орчимд ээж Болортунгалагийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 25-55 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил руугаа явж байх замд “Эфэс” худалдааны төвийн гарцнаас нэг машин гарч ирээд миний урдуур эргэж орж ирсэн, тухайн үед зам халтиргаатай байсан, тухайн машиныг мөргөхгүйн тулд зүүн тал руугаа дартал нөгөө машин зогсолгүй зүүн дарж эргээд миний машинтай мөргөлдсөн. Тэгээд замын голын шороо руу ороод машин хөмөрсөн, ...цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, тайлбар /хх-ийн 23, 72/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13374 дугаартай дүгнэлтэд:
1. М.Намуунтөгөлдөрийн биед сээрний 10-12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 12-оос бүсэлхийн 1 дүгээр нугалам хоорондын холбоосын урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 40-41/,
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №888137 дугаартай дүгнэлт дэх:
1. Тоёота Алекс” маркийн 47-87 УНЧ улсын дугаартай автомашин нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг хангахгүй байна.../...2...урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, хойд тэнхлэн дэх ажлын тоормос, зогсоолын тоормос зогсоогүй зэрэг нь осол болохоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-51/
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 269 дугаартай тайлан, дүгнэлтэд: “...25-55 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 8.545.000 төгрөг” гэх /хх-ийн 55-63/,
Мөрдөгчийн магадлагаа:
1. “Тоёота Алекс” маркийн 47-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: а/...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 10.1 дэх заалт. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийг 10.4 дэх заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /хх-ийн 67/,
Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өглөө ажил руугаа явж байх замдаа EFES худалдааны төв онгорхой байхаар ороод юм аваад АТМ-д мөнгө хийх гэж ортол ажиллагүй байсан. Тэгээд буцаад Сансар худалдааны төвийн АТМ орохоор машинтайгаа төв зам руу нийлээд буцаж эргэх дохиогоо өгөөд явтал араас явж байсан машин гэнэт зүүн хажуунаас орж ирээд миний унаж явсан автомашины зүүн урд хэсэг рүү мөргөөд 4 дугуй нь дээгээ хараад унасан. Тэгээд машинаасаа буугаад тухайн машины жолооч дээр хажуугаар явсан машины жолооч бууж ирээд надад туслаад нөгөө хөмөрсөн машины жолоочийг машин дотроос датаж гаргаж ирээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд 102, 103 дуудлага өгөөд удалгүй түргэний машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/
Зам, тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15/, Камерийн бичлэгт үзлэг хийсэг тэмдэглэл /хх-ийн 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 82-88/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хөхий” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоёота Алекс” маркийн 47-87 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолоочид дараах үүргийг хүлээнэ: а/...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 10.1 дэх заалт. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийг 10.4 дэх заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Приус 20 маркийн 25-55 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч М.Намуунтөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч М.Намуунтөгөлдөрийн мэдүүлэг, зам тээврийн ослын газар хийсэн үзлэг, фото зураг, шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан мөрдөгчийн магадлагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Мг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч М.Намуунтөгөлдөрт 5.000.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Тоёта Алекс маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтын дагуу нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Мг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР