Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг, Зоогийн 2-6 тоотод оршин суух, Зурхайч овогт Жуухайн Мөнгөнцэцэг /ЗЮ65012686/-ийн хүсэлттэй Н.Мөнхбаатарыг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Н.Мөнхбаатарын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач нөхөр Нацагмаагийн Мөнхбаатартай 20 гаруй жил гэр бүл болж амьдарсан. Миний нөхөр 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар нас барсан. Миний нөхөр Н.Мөнхбаатар нь 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд туслах ажилтанаар анх ажилд ороод 1987 оны 01 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдсэн тул группээс гарсан. Мөн өдрөөс эхлээд аймгийн Барилга угсралтын бригадад ажилд эргэн орж ажиллаж байгаад 1991 оны 11 сарын 11-ний өдөр тахир дутуугийн 3 дугаар группэд орсон учраас үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр нь байгаа. Мөн аймгийн архиваас гарч ирсэн тушаалууд нь овгийн зөрчилтэй болоод байна. Нөхөр Н.Мөнхбаатарын ажилласан жилийг тогтоолгож охин М.Буджавд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч овгийн зөрчилтэй учир боломжгүй болоод байна. Анх хөдөлмөрийн дэвтэр авахдаа нөхөр маань өвгөн ах буюу ээж Нацагмаагийнх нь төрсөн ах  Шарав гэж хүн дээр өссөн учраас Шарав овогтойгоор овоглон авсан юм билээ. Дараа иргэний үнэмлэх авахдаа ээж Нацагмаагаар овоглож авсан юм.

Иймд 1980 оны 09 сарын 29-ний өдөр олгосон Шаравын Мөнхбаатар гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нацагмаагийн Мөнхбаатар мөн болохыг тогтоож, мөн 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Мөнгөнцэцэг нь Н.Мөнхбаатарыг 1980 оны 09 сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6-р трест, Хөлөг пүүст 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Техник туслалцааны Барилгын 6-р трестээс 1980 оны 09 сарын 29-ний өдөр Шаравын Мөнхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’Трестийн даргын 1980 оны 08 арын 20-ны өдрийн 222 тоот тушаалаар Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд туслах ажилчнаар авч ажиллуулав’’ гэж, ‘’Трестийн даргын 1987 оны 02 сарын 06-ны өдрийн 36 тоот тушаалаар тахир дутуугийн 2-р группэд орсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХНХ-ний хэлтсийн мэдэлд шилжүүлэв’’ гэж, ’’Трестийн даргын 1988 оны 07 сарын 18-ны өдрийн 168 тоот тушаалаар группын хугацаа дуусаж хөдөлмөрийн чадвар нь сэргэсэн тул барилга угсралтын бригадад ажиллуулав’’ гэж, ’’Пүүсийн захирлын 1991 оны 11 сарын 11-ний өдрийн 22 тоот тушаалаар тахир дутуугийн 3-р группэд орсон учир үүрэгт ажлаас чөлөөлөв’’ гэсэн бичилтийг хийжээ. /хэргийн 5-6-р хуудас/
  2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 10 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ТТБ-ын 6-р трестэд 1980 оны 08 сарын 20-ны тушаалд Шаравын Мөнхбаатар, 1987-1991 оны тушаалд Нацагмаагийн Мөнхбаатар гэсэн холбогдох баримтыг лавлагаагаар хуулбарлан гаргаж өгсөн болно’’  гэжээ. /хэргийн 7-р хуудас/
  3. БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1980 оны 08 сарын 20-ны өдрийн 222 дугаар Ажилд томилж хуваарилах тухай тушаалийн хуулбарт: ‘’1980 онд Ардын цэргээс халагдаж ХНХ хэлтсийн шилжүүлэгээр ирсэн 24 хүнийг хавсралтаар цех тасгуудад хуваарилж 08 сарын 19-нөөс үндсэн ажилчнаар авч ажиллуулсугай’’ гэж, тус тушаалын хавсралтын ‘’Төвийн 3-р бригадад Мөнхбаатар өрлөг-мужаан шавар’’ гэжээ. /хэргийн 7-8-р хуудас/
  4. БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1980 оны 08 сарын 21-ний өдрийн 223 дугаар буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалийн хуулбарт: ‘’Ардын цэргээс халагдаж ХНХХ-ийн шилжүүлэгээр зохион байгуулалттай элсэлтэд хамрагдан ирсэн 24 хүн, ерөнхий боловсролын сургуулийн 8, 10-р анги төгсч, хуваарилагдан ирсэн 3 хүүхэд бүгд 27 хүнд хавсралтад дурьдсанаар зохих тэтгэмж олгосугай’’ гэж, тус тушаалын хавсралтад ’’Шарав Мөнхбаатар 300’’ гэжээ. /хэргийн 8-9-р хуудас/
  5. БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1987 оны 02 сарын 06-ны өдрийн 36 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалийн хуулбарт: ‘’Дундговь аймгийн эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын №150135 тоот актаар тахир дутуугийн 2-р группэд орсон барилгын угсралтын П.Цэрэн-Аюуш даргатай бригадын ажилчин Нацагмаагийн Мөнхбаатарыг 1-р сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй’’ гэжээ.
  6. Дундговийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1991 оны 02 сарын 25-ны өдрийн 34 дугаар Ажилчдыг дүүсүүдэд нь шилжүүлэх тухай тушаалын хуулбарт: ‘’Тус нэгдлийн удирдлага зохион байгуулалтын бүтэцэд өөрчлөлт орж Пүүс, хоршоололд шилжсэнтэй холбогдуулан ажилчид, албан хаагчдыг харъяалагдах пүүс, хоршоололын мэдэлд 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс эхлэн хавсралт 1-р шилжүүлсүгэй’’ гэж, хавсралтын Хүлэг пүүсийн ажилчид хувийн хэрэг хүлээлцсэн жагсаалтын 5-рт Н.Мөнхбаатар гэжээ.
  7. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 00/002201 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
  8. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 67 дугаар тодорхойлолтод: ‘’Аймгийн 1960 оны нэгдсэн хүн амын бүртгэлд Сайнцагаан сумын Мандах нэгдлийн хүн амын бүртгэлийн 146-ийн 454-458-рт Дэжид Шарав 52 настай эр, Дэжид Нацагмаа 21 эм, Бархас Дэжид 70 настай эм, Нацагмаа Мөнхцэцэг 02 настай эм, Нацагмаа Мөнхбаатар 01 настай эрэгтэй гэж 5 ам бүлээр бүртгэгдсэнийг тодорхойлов’’ гэжээ.
  9. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 00/000416 дугаартай ХААТР1 маягтын лавлагаа,
  10. Гэрч Н.Мөнхцэцэгийн  мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Ж.Мөнгөнцэцэг нь  Н.Мөнхбаатарыг 1980 оны 09 сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6-р трестэд 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хүлэг пүүст 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд Н.Мөнхбаатарыг ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалын зарим нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын тасгийн 10 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын трестээс 1980 оны 09 сарын 29-ний өдөр Шаравын Мөнхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Нацагмаагийн Мөнхбаатар мөн болох нь хэргийн 21-22-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Архивын тасгийн 67 дугаар тодорхойлолт, Сайнцагаан сумын 1-р бригадын  1960 оны 09 сарын 01-ний өдрийн тооллогоор байсан хүн амын бүртгэлийн хуулбар,  25-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Улсын бүртгэлийн 00/000416 дугаар ХААТР1 дүгээр маягтын лавлагаа, гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг, 10-11-р хуудсанд авагдсан 1987 оны 02 сарын 06-ны өдрийн 36 дугаар болон 1991 оны 02 сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаалын бичилтээр тогтоогдож байна.

Мөн Н.Мөнхбаатарыг Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6-р трестэд 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хүлэг пүүст 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг хэргийн 5-6-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 8-12-р хуудсанд авагдсан тушаалуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч Ж.Мөнгөнцэцэгийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1980 оны 09 сарын 29-ний өдөр Шаравын Мөнхбаатар /ЗЮ60070475/-т Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын трестээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Нацагмаагийн Мөнхбаатар мөн болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуут овогт Нацагмаагийн Мөнхбаатар /ЗЮ60070475/-ыг Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6-р трестэд 1980 оны 08 сарын 19-ний өдрөөс 1987 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 13-ны өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хүлэг пүүст 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаг чийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР