| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1840/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 187
2021 02 03 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2634 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, засгийн газрын авто баазын жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 82-17 тоотод оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар / /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 285 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******нхбулгантай маргалдаж улмаар түүний нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь “... тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, зүүн зовхи, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн бугалга, гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч *******нхбулганы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний орой би нөхөр Эыг ажлаас нь очиж авсан. Манай нөхөр гэртээ 22 цагийн орчимд ирсэн нөхөр гэрийн доод дэлгүүрээс 100 гр хараа нэртэй архи авч уусан. Тэгээд гэртээ ороод намайг ажлаасаа мөд буудаггүй гээд 1 цаг гаран үглээд би унтаач гэж хэлтэл намайг зодсон. Тухайн үед манай гэрт төрсөн эгч болох Алтанцэцэг байсан. Намайг зодуулж байхад эгч том өрөөнд байж байгаад гарч ирээд салгах гээд салгаж чадаагүй юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-11/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртэй орохоосоо өмнө нь ганцаараа архи уусан. Манай эхнэр машинаа шүргүүлсэн байхаар нь би жоохон уурлаад машин тэрэгээ цэвэрхэн унаж сур гэж хэлсэн тэрнээс болоод бид хоёр хоорондоо маргаан гарсан. Тэгээд байж байхад манай эхнэр миний нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би уурандаа эхнэрээ цохисон, үсдсэн, алгадсан, өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ний өлрийн 11427 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.*******нхбулганы биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, зүүн зовхи, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн бугалга, гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 285 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******нхбулгантай маргалдаж улмаар түүний нүүр, бие хэсэгт нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь “... тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, зүүн зовхи, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн бугалга, гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч *******нхбулганы: “...Тухайн үед манай гэрт төрсөн эгч болох Алтанцэцэг байсан. Намайг зодуулж байхад эгч том өрөөнд байж байгаад гарч ирээд салгах гээд салгаж чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *******нхбулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч *******ад хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР