| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0130/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 188
2021 02 03 2021/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогч Н.Бат-Оргил
шүүгдэгч А.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2739 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн А.Э, 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 1211 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Н.Бат-Оргил, С.Баасансүрэн нарт Тоёота Пассо маркийн 83-81 УНӨ улсын дугаартай БСБ финанс ББСБ-ын барьцаанд байсан, нөхрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг 7.000.000 төгрөгөөр зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж, хуурч Н.Бат-Оргилоос 3.625.000 төгрөг, С.Баасансүрэнгээс 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр, 2020 оны 02 дугаар сард цагаан сарын ууц зарна гэж 180.000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Баасансүрэнгээс 1 сая төгрөг зээлсэн. Би өөрийн автомашинаа зарна гэж хэлсэн ба Бат-Оргил машин авсан гэсэн байсан. Би банк бус байгууллагад 3.6 сая төгрөгийн урьдчилгааг нь өгөөд авч болно гэж хэлсэн. Надад өгсөн мөнгийг нь тушаагаагүй нь миний буруу” гэв.
Хохирогч Н.Бат-Оргил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Эийн машиныг авахаар тохиролцсон бөгөөд түүнд нийт 3.625.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөө авах хүсэлтэй байна. Одоо тэр автомашиныг нь банк бус байгууллага хураагаад авчихсан байгаа. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Этэй машиныг нь авахаар тохиролцоод уг өдөр түүний 5749844867 дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с түүнтэй хамт явж байгаад 3.640.000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн...түүний машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээр сар бүрийн 20-ны дотор 260.000 төгрөг төлж байхаар тохиролцоод 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 260.000 төгрөгийг шилжүүлж байсан...Э нь 2020 оны 04 дүгээр сард над руу яриад “2лаа Банк бус санхүүгийн байгууллагад 7 хоног машинаа түр буцаагаад өгье, шалгуулах юм байна” гэхээр нь тухайн үед ажил ихтэй байсан болохоор амжаагүй. Тэгтэл Э нь Банк бус санхүүгийн байгууллагын хүнтэй хамт явж байна гээд над руу ярихаар нь би ах руугаа залгаад “Банк бус санхүүгийн байгууллагад машинаа 7 хоног байрлуулах юм байна” гэхэд ах “тийм юм байдаггүй шүү дээ, юу ч гэсэн очоод уулзъя” гээд яваад очиход тус байгууллагаас нэг хүн гарч ирээд “түлхүүрээ өгчих” гэхээр нь ах ороод уулзахад Э нь 2019 оны 12 дугаар сараас хойш мөнгө огт төлөөгүй тул уг машиныг хурааж авч байна гээд хураагаад авсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 17-19/
Хохирогч С.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 сард Э нь надтай таараад надаас 1.000.000 төгрөг зээлээч машин, хашаа байшин зээлтэй, барьцаанд байгаа хураалгах гээд байна гэхээр нь түүнд өгсөн. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор миний мөнгийг өгөөгүй, би түүнээс мөнгө авья гэхээр надад өрийн Тоёота пасса гээд машин барьцаанд байгаа чи машиныг авахгүй юм уу гээд санал болгосон. Ямар нөхцөлөөр юм вэ гэхэд урьдчилгаа 3.800.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.200.000 төгрөгийг сар бүр 260.000 төгрөгөөр банк бусад төлнө мөнгөө төлөөд дуусахаар нь машины нэрийг шилжүүлж өгнө гэхээр итгээд авахаар болсон. Эийг мөнгөө банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаа гэж бодоод явж байсан чинь машиныг нь 7 сарын мөнгөө төлөөгүй гэсэн шалтгаанаар хурааж авсан. Би Эээс гэрийн мөнгө болох 500.000 төгрөг, мөн ууцны мөнгө болох 180000 төгрөг авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-н 21-23/,
Яллагдагч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 10 жилд хамт сурч байсан Бат-Оргилд “83-81 УНӨ улсын дугаартай автомашиныг урьдчилгаа 3.800.000 төгрөг төлөөд авч болно” гэхэд Бат-Оргил дансаар 1.225.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл мөнгөө 12 сард багтааж өгөхөөр болоод өмнө Баасансүрэнгээс зээлсэн байсан 1.000.000 төгрөгийг оролцуулаад үлдэгдэл 500.000 төгрөгөө 12 сардаа багтааж өгнө гээд миний 5749844867 тоот данс руу шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгсэл манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй “БСБ” Финанс ББСБ-ын барьцаанд байдаг ба манай нөхөр гэрээ хийхэд нь би хамтран зээлдэгчээр оролцсон. Би Бат-Оргилоос сар бүрийн 20-ны өдөр 260.000 төгрөгийг аваад цааш нь ББСБ-д шилжүүлэхээр тохиролцсон байсан...над руу шилжүүлсэн 1.040.000 төгрөгийг “БСБ” Финанс ББСБ-ын данс руу хийхгүйгээр дараа сарын мөнгөтэй хамт шилжүүлье гэж бодож мөнгийг үрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, банкны дансны хуулга /хх-ийн 4-9/, цахим мессежийн хуулбар /хх-ийн 10-15/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 32/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 34/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Н.Бат-Оргил, С.Баасансүрэн нарт Тоёота Пассо маркийн 83-81 УНӨ улсын дугаартай БСБ финанс ББСБ-ын барьцаанд байсан, нөхрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг 7.000.000 төгрөгөөр зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж, хуурч Н.Бат-Оргилоос 3.625.000 төгрөг, С.Баасансүрэнгээс 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр, 2020 оны 02 дугаар сард цагаан сарын ууц зарна гэж 180.000 төгрөг тус тус залилан авсан болох нь Хохирогч нарын мэдүүлэг, ХААН банкны дансны лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Эийг бусдын урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 4.305.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч С.Баасансүрэнд 680.000 төгрөг, Н.Бат-Оргилд 3.625.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч А.Эт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч А.Эт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Эийг бусдын урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Эийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар А.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар А.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Эээс нийт 4.305.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 680.000 /зургаан зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж С.Баасансүрэнд, 3.625.000 /гурван сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж Н.Бат-Оргилд тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР