| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0158/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 193
105/2021/0158/Э
2021 02 04 2021/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Х.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Чт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 04287 2939 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн Х.Ч, 1972 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн байгаль орчны газарт байгаль хамгаалагч байцаагч ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шандын 22-5 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Нам даваа гэх газарт төрсөн дүү Х.Өгөөдэйн бэлэг эрхтэн рүү өшиглөж биед нь төмсөгний хуухнага, тээрхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тээрхийн арьсанд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Х.Өгөөдэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой гэртээ ирэхэд дүү Х.Хубилайг ах Х.Ч хөөгөөд явуулсан байсан. Ах Х.Ч морь унаж хөлөргөсөн шалтгаанаар Х.Хубилайг зодоод хөөж явуулсан байсан. Тэгээд орой болсон хойно хэрүүл хийгээд яахав гэж бодоод чимээгүй байсан. Маргааш нь өдөр хадлан өвсний ажил хийж орой Х.Ч ахын гэрийн гадна уулзтал тэгээд адуу уул руу гарсан, хүүхэд чинь ирж ажил хийхгүй байна гэх зэрэг асуудлаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд ах намайг заамдаад авахаар нь би гарыг нь тавиулахаар цаашаа машинд суух санаатай явж байтал араас ирээд боосон. Тэгээд намайг унасан хойно миний хоёр шанаа руу нуруу руу цохисон. Тэгээд би босоод ирсэн миний бэлэг эрхтэн рүү 2 өшиглөсөн. Тэгээд намайг дахин цохих гээд байхаар нь би газрын уруу түлхсэн чинь ах Ч газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10/
Яллагдагч Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 20-р хороо Туулын хөндийд манай өвөлжөөнд манай байшингийн үүдэн дээр төрсөн дүү Өгөөдэй уурлаад над руу төмөр авч шидээд, төмөр бариад дайраад байсан. Би эвийг нь олох санаатай 50 настай би 47 настай чи бид хоёр ингэж бие бие рүүгээ дайрч байхаас ичээч гэж хэлээд аргадах гэтэл аргад орохгүй өөдөөс дайраад намайг ална гээд дайрсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад хойшоо ухарч байгаад довжоонд тээглээд унасан, унаж байхдаа дүү Өгөөдэйгийн хувцаснаас бариад хойш унаж байхдаа хөлөө сарвалзуулаад унасан. Тэгсэн манай дүү Өгөөдэй бэлэг эрхтнээ дараад та яаж байгаа юм бэ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11507 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Х.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Нам даваа гэх газарт төрсөн дүү Х.Өгөөдэйн бэлэг эрхтэн рүү өшиглөж биед нь төмсөгний хуухнага, тээрхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тээрхийн арьсанд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Х.Өгөөдэйгийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Өгөөдэй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Х.Чт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Х.Чийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Ч нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР