Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

2021       02            04                                 2021/ШЦТ/194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2789 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Б, 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Эрдэм их сургуулийн 3-р курсын оюутан, ам бүл 4, эх болон 2 дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 48-41 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 2020 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков” автобусны буудал дээр иргэн С.Батзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 530,000 төгрөг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч С.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед найз Ганпүрэв бид хоёр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков”-ын хойд талын автобусны буудал дээр таксинаас буугаад найз Мягмаржавын гэмт хонох гээд явж байтал үл таних 6-7 залуустай тааралдаад нэг залуу нь манай Ганпүрэв гэх найзыг мөрлөөд зогсоосон. ...би тэр залуучуудад “та нар ингээд байх хэрэггүй” гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуус нийлээд намайг зодож эхэлсэн. ...толгойны зураг авхуулахдаа 100.000 төгрөгөөр авхуулсан, эм, тос зэрэг бүтээгдэхүүн нийлээд 110.000 төгрөг болсон. ...нийт 530.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 11-15/,

Гэрч М.Ганпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би газарт унах үед С.Батзоригийг хэн, яаж зодсон талаар бол мэдээгүй, харин босож ирэх үед 2-3 залуучууд зууралдаж байсан. Яг хаашаа нь цохисон талаар харж чадаагүй...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 22/,

Гэрч Э.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэхүү, Г.Б хоёрыг хүлээгээд зогсож байсан чинь тэр хоёр үл таних хоёр залуутай маргалдсан байдалтай байсан. ...Г.Б нь өндөр залуутай зууралдсан нүүр рүү нь цохиж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би очиж салгах гэж байсан чинь Т.Жавхлантөгс, Э.Б нар ирээд бид гурав нийлж салгасан юм. ...С.Батзоригийг Г.Б л цохиж байх шиг байсан. Өөр тэр залуутай зодолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 24-25/,

Гэрч Т.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...миний харснаар бол Г.Б, Э.Мөнхбаяр хоёр нь өндөр нуруутай залуутай ноцолдож байсан ба Б.Эрдэнэхүү, Т.Ариунсүх нар нь яг ямар байдалтай байсныг анзаараагүй, шууд л харчхаад гүйгээд яваад очсон юм...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 28/,

Гэрч Г.Эрдэнэхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... үл таних залуу та нар манай найзыг нийлж байгаад зодох гэлээ гэж Г.Б бид хоёр руу дайрсан ба тэгээд Мөнхбаярыг салгах гэж байгаад зодох гэлээ гэж очсон хойгуур Г.Б нь өндөр залууг цохчихсон нөгөө залуугийнх нь хамраас цус гарчихсан байсан юм. ...Тэр өндөр залууг олуулаа нийлж зодсон зүйл байхгүй, би Мөнхбаярыг салгачхаад буцаж ирэх үед Г.Б тухайн залууг цохичихсон , харин Жавхлантөгс, Э.Б нар нь ирчихсэн хажууд нь салгах байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 36-37/,

Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн залууг гэмтээсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11987 дугаартай шинжээчийн

1. С.Батзоригийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /ХХ-ийн 40-41/

Г.Бат-Эрдэнийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 2020 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков” автобусны буудал дээр иргэн С.Батзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Батзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Б-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Бат-Эрдэнийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ШИНЭБАЯР