Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00093

 

 

 

 

 

 

 

 

                               Т.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/00224 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Дамдинсүрэнд холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 8.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Р.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Нансалмаа 2014 оны 05-р сарын 19-ний өдөр Р.Дамдинсүрэн гэдэг хүнд 8 000 000 төгрөгийг гуйгаад байхаар нь зээлж өөрийнх нь хаан банкны 5076054145 тоот дансанд шилжүүлж өгсөн. Би зээлсэн 8 сая төгрөгөө түүнээс 4-5 удаа нэхсэн боловч элдэв худал, үнэн шалтгаан хэлсээр өдий хүртэл өгөхгүй, намайг хохироож байна. Иймд Р.Дамдинсүрэнд өгсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.Дамдинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р.Дамдинсүрэн би 2013 оны 04 сараас 2013 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл цэрэгт хамт байсан багын найз Т.Мөнхтунгалагаас сар бүр мөнгө зээлж 7-14 хоногийн дотор буцааж өгөхдөө байнга 10 хувийн хүүтэйгээр мөнгийг гар гар дээрээ авч өгөлцөж байсан ба сүүлийн хэдэн сард Хаан банкны дансаар бие биедээ шилжүүлж өгч авдаг болсон юм. Сар бүрд 10 хувийн хүү авдаг байсан болохоор миний санал болгосон мөнгийг дуртайяа өгдөг байсан. Т.Нансалмаа бол Т.Мөнхтунгалагийн төрсөн дүү юм. 2014 оны 05 дугаар сарын 19-нд Т.Нансалмаагаас авсан 8 сая төгрөг бол Т.Мөнхтунгалагаас Хаан банкны дансаар Т.Нансалмаад шилжүүлсэн баримттай мөнгө болно. Би Т.Нансалмааг танихгүй, Т.Мөнхтунгалагтай л харьцдаг байсан. Иймд нэхэмжлэгч нь Т.Мөнхтунгалаг юм. Миний бие жил гаруй хугацаанд өгсөн мөнгөнийхөө хүүгээр 5 790 000 төгрөг төлөгдсөн байна гэж үзэж байна.

2013 оны 08 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг аваад 8 дугаар сарын 28-нд 3 800 000 төгрөг,2013 оны 07 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг аваад 8 дугаар сарын 07-нд 1 120 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд 3 800 000 төгрөг авч, 10 дугаар сарын 01-нд 4 000 000 төгрөг өгсөн, 2013 оны 12 дугаар сарын 23-нд 2 100 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-нд 2 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-нд 3 500 000 төгрөг авч 2014 оны 01 дүгээр сарын 18-нд 3 850 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-нд 1 200 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг авч, 2014 оны 03 дугаар сарын 05-нд 4 400 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 21-нд 6 500 000 төгрөг авч, 4 дүгээр сарын 07-нд 7 150 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 8 000 000 төгрөг авч, 5 дугаар сарын 07-нд 8 000 000 төгрөг өгсөн, 5 сарын 08-нд 800 000 төгрөг бэлнээр өгсөн. 5 дугаар сарын 19-нд 8 000 000 төгрөг аваад өгч чадаагүй.

Бэлнээр авсан мөнгө: баримттай мөнгө 2013 оны 04 дүгээр сарын 23-нд 2 500 000 төгрөг, 3 500 000 төгрөг, 5 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг 1 000 000 төгрөг, 6 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг, 3 800 000 төгрөг, 7 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг-1 000 000 2 100 000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 4 500 000 төгрөг, 3 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 23-нд 4 800 000 төгрөг, 1 200 000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд 3 000 000+2 100 000төгрөг 4 000 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөг, хүү 2 430 000 төгрөг, 6 500 000 төгрөг, 8 000 000 төгрөг, нийт 33 600 000 төгрөг, хүү 3 360 000 төгрөг, нийт хүүнд 2 430 000+3 360 000 нийт 5 790 000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/00224 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нансалмаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нансалмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Дамдинсүрэн давж заалдсан гомдолдоо: Би Т.Нансалмаагаас мөнгө зээлж аваагүй. Шүүх хуульд зааснаар маргаант үйл баримтуудыг үнэлэхдээ бүх талаас нь бодитой хандсангүй. Т.Мөнхтунгалаг нэхэмжлэл гаргаагүй эсхүл өөрийнхөө өмнөөс нэхэмжлэл гаргаж ажиллахыг дүү Т.Нансалмаад зөвшөөрсөн итгэмжлэл байхгүй байхад Ц.Дамдинсүрэнд Т.Нансалмаа 8 сая төгрөг шилжүүлсэн нь банкны гүйлгээний баримтаар нотлогдсон, хариуцагч 8 сая төгрөгийг Нансалмаагийн шилжүүлснээр хүлээн авснаа зөвшөөрсөн тул Дамдинсүрэнгээс 8 сая төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийсэн юм.

Мөнхтунгалаг бид хоёрын 2013 оны 4-р сараас хойш мөнгө зээлдэн авсан, хүү төлсөн гэх мэт харилцан тооцоо хийх, ойлголцон зөвшилцөх, эвлэрэх асуудал байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй субъект болох Т.Нансалмаа шүүхэд хандсанаар мөнгө зээлсэн, зээлдүүлсэн түншлэгч бидний мэтгэлцэх, эвлэрэх бүх үйл ажиллагааг таслан зогсоов. Шүүх үүний үндэслэлгүйгээр дэмжиж байна.

Шүүх хуралдааны явцад үнэлэлт, дүгнэлт хийхэд мөнгө зээлдүүлсэн Мөнхтунгалаг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх эрхгүй Т.Нансалмаа нэхэмжлэл гаргасан, Нансалмаа шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй, мөнгө зээлийн харилцааны субъект болох Т.Мөнхтунгалаг Ням хэмээгчид итгэмжлэл олгоогүй гэх мэт сонин үйл ажиллагаа явагдсан болно. Миний хувьд хууль мэддэггүйн зэрэгцээ Т.Мөнхтунгалагаас зээлэн авсан бага бус хэмжээний мөнгөний тооцоог хийгээгүй тул сэтгэлзүйн хэлмэгдэлд орж тухайн үеийн маргааны учрыг олоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Нансалмаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Нансалмаа зээл 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Дамдинсүрэнд холбогдуулан гаргасан ба шүүх хариуцагчааас зээлийн төлбөр 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Дамдинсүрэн “...шүүхэд өмнө шийдвэрлэж байсан иргэний хэргээс Т.Нансалмаа, Б.Мөнхтуяа нарын дансны дэлгэрэнгүй хуулбар баримтыг судлуулах шаардлагатай байна...” гэх хүсэлт гаргасан ба 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар Р.Дамдинсүрэн, Р.Отгонбаатарт холбогдох 102/2015/06515/и индексийн дугаартай хэргийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэж улмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна.

Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч Т.Нансалмаа, Т.Мөнхтулга нарын дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан боловч шүүгчийн захирамжинд заасны дагуу 102/2015/06515/и дугаартай иргэний хэргээс шинжлэн судалсан баримт болох нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл шинжлэн судалсан хэргийн  68-69, 81-94 дүгээр хуудасны тоо бичигдээгүй, хэргээс хуулбар хийсэн тухай архивын тэмдэглэл хийгдээгүйгээс гадна 3.800.000 төгрөг өгсөн гэсэн баримт огт байхгүй байна.

Иймд хариуцагч Р.Дамдинсүрэнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/00224 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Р.Дамдинсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                          Б.БАТТӨР

                                                             Б.ОЮУНЦЭЦЭГ