Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197

 

 

 

 

2021      02         04                              2021/ШЦТ/197

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Нид холбогдох эрүүгийн 2106 00000 0080 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Н, 1969 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг, Дуут суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Дуут сум, Хөх бэлчир багт, оршин суух хаягтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй байхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, / /.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-15 тоотод хохирогч У.Бямбасүрэнгийн нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч У.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрээсээ гараад Загджавтай машинд юм яриад сууж байтал хүргэн ах Н ирээд Чулуун гэрт хэрүүл хийгээд байна та хоёр ороод ир гэж хэлэхээр нь би түрүүлээд гэр лүү орсон чинь Чулуун нь би ингэж амьдарч чадахгүй муу сайн гуйлгачид гэж хадам аав Буяндэлгэр, хадам ээж Цагаанцэцэг нарыг доромжилж байсан. Н ах над руу юм шидсэн.  Яг юу шидсэн талаар бол мэдэхгүй байгаа ба нүднээс цус гараад доошоо тонгойгоод  суусан юм. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын тохой өвчтэй, толгой өвдөж байгаа” гэх мэдүүлэг /хх-н 7-10/,

             Гэрч Б.Загджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг нь бол Н, Бямбасүрэн нар нь огт маргалдаагүй байсан ба Чулуун л хүмүүс рүү дайраад байхаар нь Бямбасүрэн дундуур нь орж барьж авсан чинь Н ах Бямбасүрэн рүү юм шидсэн юм шиг байна лээ.

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 618 дугаар шинжээчийн дүгнэлтээр

        1.У.Бямбасүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

         3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тэгсэн чинь Бямбасүрэн нь Ч.Чулууныг толгойны үснээс нь зулгаагаад цохиж байхаар нь би очиж У.Бямбасүрэнг түлхэж холдуулах гэсэн чинь салж өгөхгүй байсан. Тухайн үед байшингийн урд талд байсан хар өнгөтэй машины хажуу талаас жижиг хэмжээтэй нэг хатуу юм аваад шидсэн юм. Тэгсэн чинь У.Бямбасүрэнгийн нүд рүү оносон юм шиг байна лээ. У.Бямбасүрэн нь та яаж байгаа юм вэ гэж хэлээд доош суусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-15 тоотод хохирогч У.Бямбасүрэнгийн нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хохирол учруулсан болох нь

Хохирогч У.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яг юу шидсэн талаар бол мэдэхгүй байгаа ба нүднээс цус гараад доошоо тонгойгоод  суусан юм. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын тохой өвчтэй, толгой өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 618 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч У.Бямбасүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Нид хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Нийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР