Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 217

 

2021.02.10                                 2021/ШЦТ/217

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 2003 00539 0022 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн  Т.О, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машанист мэргэжилтэй, “Оршил констракшин” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 24 дүгээр байр, 19 тоотод оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: УХ90031111/.

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хавдар судлалын Үндэсний төв”-ийн баруун замд Н.Баттулгын эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 78-95 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаа гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 57 настай, эрэгтэй Г.Пүжийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 05-16/,

Хохирогч Г.Пүжийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хавдар судлалын автобусны буудлын хажууд байрлаж явган хүний гарцаар баруунаасаа зүүн тийшээ гарах гэж явтал хойшоогоо урагшаа чиглэлд  явж байгаа цагаан өнгийн автомашин миний зүүн хэсэг рүү мөргөж унагаасан. Хөдлөнгийн ачаалал багатай байгаа тэнд байсан хүмүүс дуудлага өгсөн миний ухаан орж гараад байсан би эмнэлэг явж байхдаа түргэний машинд ухаан орсон.” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19/,

Гэрч Ц.Даваадулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  нөхөр Г.Пүжийг хавдар судлалын эмнэлэгийн хажуул Бриллант эмнэлэгт үзүүлээд гэр лүүгээ харих гээд хавдар судлалын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар баруунаасааа зүүн тийшээ алхаж явтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан цагаан өнгийн автомашин маш хурдтай ирээд манай нөхрийг мөргөж унагаасан.” гэх мэдүүлэг /хх-н 74-75/,

Гэрч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О над руу залгаад найз нь хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очих уу гэсэн чинь чи ирэх шаардлагагүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 78/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13223 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Г.Пүжийгийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, нүүр, баруун, зүүн сарвуунд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 85-86/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн 2020 оны 12 дугаар 07-ны шинжээчийн дүгнэлт /хх-н 102-105/,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 3.2 Явган зорчигч Гомбо овогтой Пүжий нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

3.3 Тоyota prius 30 маркийн 78-95 УАА улсын дугаартай автомашины жолооч Төмөр-Очир овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16, явган хүний гарц нэвтрэх “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа /хх-н 108-109/,

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 347 дугаар “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээгээр 180.000 төгрөгийн хохирол гэж тогтоогджээ. /хх-н 113-114/,

Яллагдагч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...  Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сансараас гэрээсээ гараад Нарантуул захын хойд хаалганаас хүнээс хучлага авах гээд Тоуоta prius 30 маркийн 78-95 УАА улсын дугаартай хамт ажилладаг Нямпүрэв овогтой Баттулгын эзэмшлийн автомашин жолоодон хавдар судлалын автобусны буудлын замд хойноосоо урагшаа чиглэлд хоёрдугаар эгнээнд 30 км цагийн хурдтай явж байхад 3 хүн явган хүний гарцаар баруунаасаа зүүн тийшээ явж байсан. Тэгээд нэг охин түрүүлээд яваад өнгөрсөн араас нь явж байсан хоёр хүн гарцны голд байхад нь би хойгуур нь тойроод гарья гэж бодоод явж байтал хоёр хүн буцаад алхсан. Тэгээд тоормос гишгэсэн боловч гулгаад зогсолгүй мөргөсөн. Тэгээд 103 болон 102-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирж нөгөө хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125/, шүүгдэгчийн хувийн байдлын баримтууд /хх-н 133-141/, хохиролын баримтууд /хх-н 142-149/  зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хавдар судлалын Үндэсний төв”-ийн  баруун замд Н.Баттулгын эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын 78-95 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаа гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 57 настай, эрэгтэй Г.Пүжийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Пүжийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хавдар судлалын автобусны буудлын хажууд байрлаж явган хүний гарцаар баруунаасаа зүүн тийшээ гарах гэж явтал хойшоогоо урагшаа чиглэлд  явж байгаа цагаан өнгийн автомашин миний зүүн хэсэг рүү мөргөж унагаасан гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Даваадулам мөрдөн шалгах ажиллагаанд: “...гэр лүүгээ харих гээд хавдар судлалын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар баруунаасааа зүүн тийшээ алхаж явтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан цагаан өнгийн автомашин маш хурдтай ирээд манай нөхрийг мөргөж унагаасан.” гэх мэдүүлэг /хх-н 74-75/,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: 3.3 Тоyota prius 30 маркийн 78-95 УАА улсын дугаартай автомашины жолооч Төмөр-Очир овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16, явган хүний гарц нэвтрэх “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа /хх-н 108-109/, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Оыг Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Пүжийд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ Шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол барагдуулсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд, түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Т.Од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Оыг Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Оыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР