Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 148

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ж.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ж.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******т багийн иргэн *******т овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие нь 1981 оны 07 сарын 10-наас 1985 оны 1 сарын 01-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1985 оны 09 сарын 01-нээс 1987 оныг дуустал Завхан аймгийн Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөрийн сургуульд үйлчлэгчээр, 1988 оноос 1991 оны 5 сарыг дуустал Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад саальчнаар ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 01-р сарын 10 хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмрийн сургуульд үйлчлэгчээр, 1988 оноос 1991 онуудад Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад саальчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн А/97 тоот лавлагаанд 1988-1991 онд Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байсан Ж.*******гийн цалингийн тодорхойлолтыг олгов 1998 онд 1000 төг, 11,12 сар /******* нэрээр/, 1989 онд 469,15 төг, 1-4, 9,10-р сар /******* нэрээр/, 1990 онд 450 төг, 3-10,12 сар /туяа нэрээр/, 1991 онд 500 төг, 1-5 сар /******* нэрээр/ Жич: 1985-1987 оны Өгөөмөр бригадын бага сургуулийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй гэжээ.

Түүний 1981 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1981.07.01-нээс Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт барилгачнаар томилон ажиллуулав гэсэн бичилт хийгдэж НДҮ-ийн тамга дарагдсан,

04-рт 1985.01.10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр гачигдлыг үндэслэн барилгачны ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдэж мөн НДҮ-ийн тамга дарагдсан байна.

Мөн тэрээр 1982 онд ажлын амжилт гаргаж сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан байна.

Дээрх лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүдийг үндэслэн хүсэлт гаргагч Ж.*******г 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 01-р сарын 10 хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Түүний 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмрийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь гэрч М.*******, Л.*******, Ж.*******, Л.*******, Е., Д. нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Урианхай овгийн *******гийн *******г 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 01-р сарын 10 хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмрийн сургуульд үйлчлэгчээр,1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөрбригадад мал маллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ