Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Б.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-ийн О-д холбогдох эрүүгийн 1805061711668 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Х дүүргийн 00 тоотод оршин суух,

-урьд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, М овогт Д-ийн О /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Б-аас 30.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Энэ хэрэгт А болон Э гэдэг 2 хүн шууд холбоотой гэж үзэж байна. Би энэ 30.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Э гэдэг хүн Авлигатай тэмцэх газарт ажилладаг байсан бөгөөд хуулийн нэр барьж залилан хийсэн. Миний оролцоо гэвэл гарын үсэг л зурсан. Иймд эдгээр хүмүүсийг энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Миний бие хүүхдийнхээ эмчилгээнд зориулж хадгалсан байсан 30.000.000 төгрөгөө О-д итгээд зээлсэн. Тухайн үед О нь Нарантуул зах дээр том бөс барааны лангуу ажиллуулдаг гэж хэлсэн. Удалгүй О нь зээлсэн мөнгөө өгөхгүй зугтаад алга болсон тул миний хүү эмчилгээндээ явж чадаагүй эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд О-аас зээлсэн 30.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 17.850.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Б.Б-ийн:

“...Миний төрсөн дүү болох Б овогтой Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр надтай ирж уулзсан. Ирэхдээ О гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Уг эмэгтэйд яаралтай мөнгөний хэрэг гарчихсан учраас та 30 сая төгрөгийг зээлээч гэсэн. Уг эмэгтэй байраа таны нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Д.О-тай хамт Нисдэг машин төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт 30 сая төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний хугацаа нь 3 сарын хугацаатай байхаар тохирсон. Д.О нь анх мөнгөө эргүүлэн өгөхдөө 7 хоногтоо багтаад төлнө гэж байсан боловч юмыг яаж мэдэх вэ гээд 3 сарын хугацаатай байгуулсан юм. Би Д.О-д мөнгөө өгөхдөө 10 дугаар хорооллын Д.О-ы байрны гадаа машинд сууж байгаад бэлнээр өгсөн. Түүнээс хойш би 7 хоногийн дараа мөнгөө нэхтэл одоо өгөх боломжгүй байна гэх зэргийн шалтгаан хэлж байгаад сүүлдээ бүүр олдохгүй зугтаад байхаар нь бид нар уулзаж Д.О-ы нэр дээр байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Энхтайвангийн Өргөн чөлөө 00 дугаар байрны 4 тоот 48 м.кв байрыг хамтран өмчлөгчөөр би өөрийнхөө нэрийг оруулсан. Түүний дараа дахиад мөнгөө нэхэхээр мөнгө олдохгүй байна та нар болохгүй бол наад байраа хямдхан авчих гэх зэргийн юм яриад байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байрны гэрчилгээ Д.О болон миний нэр дээр хамтран өмчлөхөөр гарсан. Түүнээс хойш нэг билүү хоёр хоногийн дараа Г гэж манай дүү Б рүү 9911-тэй дугаараас залгаад А намайг гомдоосон наад байр чинь миний байр шүү, би наад байрыг нь эргүүлээд авчхаж чадна шүү. Би бэлэглэлийн гэрээгээр өгсөн учраас би буцаагаад авчхаж болно гэж ярьсан гэж Б надад хэлсэн. Энэ талаар нь би О-д хэлэхэд би мөнгийг чинь өгнө ш дээ би өөрөө хэрэглээгүй өөр хүнд өгчихсөн байгаа санаа зоволтгүй гэсэн. Хэнд өгсөн талаар асуутал энэ талаараа одоо болтол хэлэхгүй байгаа. Би О-аас юун учиртай байрны 2 эзэмшигч гараад ирэв ээ гэхэд О нь тиймээ тийм наад байр чинь А-ийн байр байгаа юм би залилаад авчихсан юм. Би наад хүнд чинь нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс А-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан болж Д.О-ы эзэмшилд байсан дээрх тоот орон сууцыг А-ийн эзэмшилд шилжүүл гэсэн шийдвэр гарсан байгаа. ...Би өөрийн дүү Б-ийн хамт Д.О-ы машин дотор сууж байгаад 10 дугаар хороололд дээрх тоот орон сууцны гадна бэлнээр 30 сая төгрөгийг тоолж өгсөн. Надаас мөнгө авахдаа метрийн даавуу бөс бараа авч зарна гэж хэлээд л авсан. Бүүр болохгүй бол байраа зараад өгнө гэж хэлсэн. Би 2018 онд Д.О-аас мөнгөө нэхэн барин 10 сая төгрөг гаргуулан авсан байгаа. 7.500.000 төгрөгийг манай дүү Б-ийн данс руу, 2.500.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын сүүлээр миний данс руу шилжүүлж хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35, 36-38/,

  1. Гэрч Б.Б-ийн:

“...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 дугаар хорооллын замын урд байрлах 53-4 тоот байрыг үзэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь О-ы нэр дээр байсан тул зээлийн гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд эгч Б-г хамтран эзэмшигчээр оруулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж Баянгол дүүргийн 5 дугаар хороо 53 дугаар байрны гадаа 30 сая төгрөг бэлнээр өгсөн юм. О гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн нотариатын газраар зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн. О зээл авахдаа метрийн даавуу бөс бараа хятад улсаас оруулж ирнэ гэж хэлсэн. Зарим мөнгийг нь хятад улс руу явуулчихсан байгаа. 30 сая төгрөг дутаад байгаа юм. 7 хоногийн дараа бараагаа ирэхээр нь зараад буцаагаад өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 39/,

  1. Гэрч Д.Э-ийн:

“...2013 оны үед миний төрсөн эгч О-ы нөхөр нь нас бараад 4 хүүхэдтэйгээ ганцаараа үлдсэн. Тэгээд тусалж дэмжих хүн байхгүй би эгчдээ тусалж байсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл бага багаар мөнгө хэрэгтэй байна гэх үед нь байнга өгч байсан. 2017 онд О эгчийн бага охин Э-ийн уушги нь устаад эмчилгээний мөнгө хэрэгтэй болох үед нь би өгч байсан. 2018 онд О эгч Бамбай булчирхай нь өвдөөд нүд нь юм харахаа болиод бас эмчилгээний мөнгө хэрэг болоход нь би өгсөн. Надаас өөр тусалж дэмжих хүн байдаггүй юм. Яг өр авлага гээд тооцвол 15 сая төгрөгөөс илүү мөнгө өгөх байх. 2018 оны 05 дугаар сарын эхээр надад 15 сая төгрөг өгсөн. Манай охин Солонгос улс руу эмчилгээнд явах хэрэгтэй болоод О эгчээс мөнгө байна уу гэсэн чинь надад бэлнээр манай гэрт 15 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 41/,

  1. Гэрч Т.А-ийн:

“...2018 оны 03 дугаар сард миний төрсөн дүү элэгний хорт хавдартай болоод Хавдар судлалын үндэсний төв дээр явж байгаад Ц-тай тааралдсан. Тэгээд би байраа зараад дүүгээ хагалгаанд оруулах санаатай байгаа гэдгээ хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын эхээр Ц над руу залгаад найзаа нөгөө хоёр өрөө байр чинь байгаа юу би үзэх гэсэн юм гэж хэлэхээр нь би одоохондоо уг байраа түрээсэлсэн байгаа чи өөрөө очоод үзчих гэж хэлсэн. Ингээд уг байрыг үзсэн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ц над руу залгаж найз нь байрыг чинь худалдаж авъя гэхээр нь би Хавдар судлал дээр байна, энэ хавиар нотариат оръё гэж хэлэхэд надад төмөр замд таньдаг нотариат байгаа энд гялс худалдах, худалдан авах гэрээгээ байгуулъя гэж хэлсэн. Ингээд би Андуудын автобусны буудлын эсрэг талын Богд ар хороололд байрлах нотариатад очиход Ц болон төрсөн дүүгийнх нь эхнэр О хоёр байсан. Ингээд Ц надад бэлэглэлийн гэрээгээр хийе гэсэн санал тавьсан боловч би хүлээн зөвшөөрөөгүй, 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийе гэхэд нь би дүү маань өвчтэй байсан болохоор байраа хурдан зарах санаатай байсан тул хүлээн зөвшөөрсөн. Улмаар Ц-тай гэрээг хийх гэсэн боловч надад би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах боломжгүй учир бэр дүүгээрээ гэрээг байгуулна гэж хэлээд би өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 53-4 тоот байрыг О гэх хүнтэй 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Ц-тай 74 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Ц нь 2 сарын хугацаатай төлж барагдуулна гэж гэрээ хийсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байхад нь Ц нь бэр дүү О-ы хамтаар явж байсан ба мөнгө бүтэхгүй байна түр хүлээж байгаач гэж хэлээд явсан. Энэ өдрөөс хойш Ц-ын утас холбогдохоо больсон. О руу залгаж асуухад Ц-ыг хаана байгааг би мэдэхгүй гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сард манай байрыг түрээсэлж байсан хүмүүс над руу залгаад О гэх хүн энэ байрыг бид нарт зарсан, байраа хурдан чөлөөлж өг гээд гэрийн эд зүйлүүдийг нь гаргаад үүдэнд хаясан. Мөн хаалганы голыг сольсон гэж хэлсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж О бид хоёрын хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан шийдвэр гаргуулсан. О надад байрны төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй. 3 сарын хугацаанд 72 сая төгрөгийг төлнө гэж байсан. О миний байрыг Б гэх хүнд барьцаанд тавьж мөнгө авах талаар юу ч хэлээгүй, би мэдээгүй. О миний байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад алга болсон. Миний байрны гэрчилгээ дээр Б гэдэг хүнийг нэмж оруулах гэж байгаа талаар надад юу ч хэлээгүй. Би энэ талаар өөр хүнээс сонссон. О надад нэг ч төгрөг төлөөгүй байсан тул би О-д энэ байрыг захиран зарцуулах ямар ч зөвшөөрөл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 42-45, 165-166/, 

  1. Гэрч С.Ц-ын:

“...Би А-ийн дүү Э гэдэг хүнийг танина. Э нь А 2 өрөө байраа зарах гэж байгаа гээд А-ийг надтай танилцуулж байсан. Манай бэр дүү О байр авахаар сонирхож байсан тул би А-ийг О-тай танилцуулж уулзуулж байсан. Тэр хоёр хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийж, тэр байрыг хоорондоо шилжүүлсэн байсан. А-ийн О-д зарсан энэ байр надад ямар ч хамаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 53/,

  1. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 82/,

7. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 89-93/,

8. Шүүгдэгч Д.О-ы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 50, 173-174/,

10. Гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх 54-55/,

11. Хохирогч Б.Б-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан гомдол /хх 3/,

12. Шүүгдэгч Д.О-ы Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61-66/, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Д.О-ыг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх 143-148, 151-158/,

12. Хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 20 хуудас баримт,

13. Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн түүний эрүүл мэндтэй холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Б-аас 30.000.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирол төлбөрт 17.850.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Наранзул “Шүүгдэгч Д.О энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, хохирогчийн хохирол төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “Д.О нь залилах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Хэрэв түүнд дарамт шахалт байсан бол 2-3 жилийн хугацаанд хуулийн байгууллагад хандаад яагаад шалгуулдаггүй юм бэ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Уг гэмт хэргийг үйлдсэн хүмүүс болох А, Э нарыг шалгаж тогтоохгүй бол хилс хэрэгт Д.О гэм буруутайд тооцогдох гээд байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тамир “Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай. Энхбат нь О-ы ах М-ыг шалгах явцдаа дарамт шахалт үзүүлж “энэ байрыг тавиад мөнгө олоодох” гэж байрыг Д.О-ы нэр дээр шилжүүлж энэ гэмт хэргийг үйлдүүлсэн байдаг тул эдгээр хүмүүсийг шалгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.О нь: 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Б-аас 30.000.000 төгрөг авч залилсан болох нь:

-Хохирогч Б.Б-ийн “...Миний төрсөн дүү Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр надтай ирж уулзахдаа О гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Уг эмэгтэйд яаралтай мөнгөний хэрэг гарчихсан учраас та 30 сая төгрөгийг зээлээч гэсэн. Уг эмэгтэй байраа таны нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. Улмаар 30 сая төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан. ...Д.О нь анх мөнгөө 7 хоногтоо багтаад төлнө гэж байсан боловч юмыг яаж мэдэх вэ гээд 3 сарын хугацаатай байгуулсан. ...мөнгөө өгөхдөө 10 дугаар хорооллын Д.О-ы байрны гадаа машинд сууж байгаад бэлнээр өгсөн. Түүнээс хойш би 7 хоногийн дараа мөнгөө нэхтэл одоо өгөх боломжгүй байна гэх зэргийн шалтгаан хэлж байгаад сүүлдээ бүүр олдохгүй зугтаад байхаар нь бид нар уулзаж Д.О-ы нэр дээр байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Энхтайвангийн Өргөн чөлөө 00 дугаар байрны 0 тоот 48 м.кв байрыг хамтран өмчлөгчөөр би өөрийнхөө нэрийг оруулсан. ...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байрны гэрчилгээ Д.О болон миний нэр дээр хамтран өмчлөхөөр гарсан. ...би О-аас юун учиртай байрны 2 эзэмшигч гараад ирэв ээ гэхэд О нь тиймээ тийм наад байр чинь Алтанцэцэгийн байр байгаа юм би залилаад авчихсан. Би наад хүнд чинь нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс А-гийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан болж Д.О-ы эзэмшилд байсан дээрх орон сууцыг А-ийн эзэмшилд шилжүүл гэсэн шийдвэр гарсан. ...Надаас мөнгө авахдаа метрийн даавуу бөс бараа авч зарна гэж хэлээд л авсан. Бүүр болохгүй бол байраа зараад өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, 

-Гэрч Б.Б-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 дугаар хорооллын замын урд байрлах 53-4 тоот байрыг үзэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь О-ы нэр дээр байсан тул зээлийн гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд эгч Б-г хамтран эзэмшигчээр оруулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж ...30 сая төгрөг бэлнээр өгсөн. ...7 хоногийн дараа бараагаа ирэхээр нь зараад буцаагаад өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, 

-Гэрч Т.А-ийн “...2018 оны 04 дүгээр сарын эхээр Ц над руу залгаад найзаа нөгөө хоёр өрөө байр чинь байгаа юу би үзэх гэсэн юм гэж хэлэхээр нь би одоохондоо уг байраа түрээсэлсэн байгаа чи өөрөө очоод үзчих гэж хэлсэн. Ингээд уг байрыг үзсэн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ц над руу залгаж найз нь байрыг чинь худалдаж авъя гэсэн, ...нотариатад очиход Ц болон төрсөн дүүгийнх нь эхнэр О хоёр байсан. Ингээд Ц надад бэлэглэлийн гэрээгээр хийе гэсэн санал тавьсан боловч би хүлээн зөвшөөрөөгүй, 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийе гэхэд нь би дүү маань өвчтэй байсан болохоор байраа хурдан зарах санаатай байсан тул хүлээн зөвшөөрсөн. Улмаар Ц-тай гэрээг хийх гэсэн боловч надад би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах боломжгүй учир бэр дүүгээрээ гэрээг байгуулна гэж хэлээд би өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 53-4 тоот байрыг О гэх хүнтэй 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, ...Энэ өдрөөс хойш Ц-ын утас холбогдохоо больсон. О руу залгаж асуухад Ц-ыг хаана байгааг би мэдэхгүй гэж хэлсэн. ...О надад байрны төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй. ...О миний байрыг Б гэх хүнд барьцаанд тавьж мөнгө авах талаар юу ч хэлээгүй, би мэдээгүй. О миний байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад алга болсон. Миний байрны гэрчилгээ дээр Б гэдэг хүнийг нэмж оруулах гэж байгаа талаар надад юу ч хэлээгүй. Би энэ талаар өөр хүнээс сонссон. О надад нэг ч төгрөг төлөөгүй байсан тул би О-д энэ байрыг захиран зарцуулах ямар ч зөвшөөрөл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг,   

-Гэрч С.Ц-ын “...Би А-ийн дүү  гэдэг хүнийг танина. Э нь 2 өрөө байраа зарах гэж байгаа гээд А-ийг надтай танилцуулж байсан. Манай бэр дүү О байр авахаар сонирхож байсан тул би А-ийг О-тай танилцуулж уулзуулж байсан. Тэр хоёр хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийж, хоорондоо шилжүүлээд авсан байсан...” гэсэн мэдүүлэг, 

-2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ, 

-2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.О нь “энэ хэрэгт А болон Э гэдэг 2 хүн шууд холбоотой. Би 30.000.000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Б.Тамир нараас “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.О нь өөрийн өмчлөлийн биш байрыг мэдсээр байж барьцаалж хохирогч Б.Б-аас зээл авахдаа “байраа таны нэр дээр шилжүүлээд өгье, болохгүй бол наад байраа хямдхан авчих, би Нарантуул зах дээр том бөс барааны лангуу ажиллуулдаг, 7 хоногтоо багтаагаад буцаагаад өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 30.000.000 төгрөгийг авсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Б.Б, Т.А, С.Ц нарын мэдүүлэг, Зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Мөн “А, Э гэдэг 2 хүн энэ хэрэгт холбоотой тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж тэднийг шалгах шаардлагатай” гэх боловч энэхүү байдал нь бусад баримтаар нотлогдоогүй.

Хууль зүйн хувьд хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч Д.О нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхэлж байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.О-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 30.000.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрт 12.150.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Д.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тамираас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан ба, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө үлдэх 17.850.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нар “Шүүгдэгч Д.О нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг хэлэх нь зүйтэй. Харин эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Шүүхээс Д.О-ыг энэ хэрэгт гэм буруутайд тоосны дараа хохирол төлбөр төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байдал, эрүүл мэнд зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгч Д.О-ы өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалттай.

Шүүгдэгч Д.О нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар их, энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн хүүхэд эмчилгээнд явж чадаагүй, хугацаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг үр дагавар үүссэн нөхцөл байдал байгаа тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.О-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан түүний эрүүл мэндийн байдал буюу хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.О-ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Иймд шүүгдэгч Д.О-ы 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон оногдуулсан ялаас 75.000 төгрөгийн ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 725 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 725.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тамир “өмнө зарлагдсан байсан шүүх хуралдаан давхацсан тул миний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.О “өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн хамт оролцоход татгалзах зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1805061711668 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.О бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ы 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон оногдуулсан ялаас 75.000 төгрөгийн ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 725 /долоон зуун хорин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 725.000 /долоон зуун хорин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.О бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ