Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01291

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-нй өдрийн 181/ШШ2018/00363 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 919 дүгээр магадлалтай

Б.Сгийн нэхэмжлэлтэй

Д.Бэд холбогдох

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нийт 77 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нээмжлэлдээ: Д.Бтэй 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, Д.Бэд шилжүүлсэн 77 500 000 төгрөг, эд зүйлээ үнэлүүлсний тайлангийн төлбөр 400 000 төгрөг, нийт 77 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Д.Б, Б.С нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахаар тодруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Бтэй Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тоглоомын газарт байгаа эд зүйлийг 77 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, гэрээнд заасан 77 500 000 төгрөгийг Д.Бэд шилжүүлж үүргээ биелүүлсэн. Компьютерын гарал үүслийн бичгийг хаанаас худалдаж авсан нь тодорхойгүй, 70 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслүүдийн хамт толгой компьютертой, 1 компьютерыг 980 000 төгрөгөөр авсан гэж танилцуулсан. Гарал үүслийн гэрчилгээ, компьютерын дагалдах бичиг баримтуудыг өгнө, компьютер ландаас худалдаж авсан гэрээ байгаа гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Д.Бээс гаргаж өгсөн гэрээ хэрэгт байна. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сү-Хүннү гэдэг газраас 70 ширхэг компьютерыг сервер буюу толгой компьютерын хамт худалдаж авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс тийм үнэтэй компьютер биш гэдгийг олж мэдсэн. Б.С, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Гэрчилгээгүй бол тоглоомын газрыг худалдаж авах, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Д.Б тоглоомын газрыг худалдахаар тохиролцож байх үедээ гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрчилгээнд галын аюулгүй байдлын дүгнэлт, эрүүл ахуй ажлын байрны дүгнэлт, Цагдаагийн байгууллагын саналыг шилжүүлж өгөх ёстой.

Мөн худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй. Дандаа худлаа мэдээлэл өгсөн үнэтэй худалдаж авсан, орлого 400 000-450 000 төгрөгийн хооронд байдаг, бүх бичиг баримт байгаа гэх мэтээр худал мэдээлэл өгсөн. Мэргэжлийн үнэлгээний газраар компьютерыг үнэлүүлэхэд дагалдах хэрэгслийн хамт 35 865 580 төгрөг, толгой кмпьютерийг 3 200 000 төгрөг нийт 39 695 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар хариуцагч маргадаггүй. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцоход баримтлах хугацаа нь Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 94-т зааснаар 25 хувийн хорогдол хасах ёстой байсан. Тоглоомын газар хуульд зөвшөөрөгдсөн цаг нь өдөр бүрийн 10-23 цаг хүртэл нийт 13 цаг ажиллах ёстой байтал чаддаггүй. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад зарим өдөр 48 цаг, 24, 36 цаг гэх мэтээр ажилласан харагддаг бөгөөд үзлэгээр орлого нь 400 000-450 000 биш гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гарал үүслийг компьютер ландаас авч байсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гарал үүслийн бичиг гэж компьютерт байдаггүй. Анх Б.Стай гэрээ байгуулахдаа интернетээс татаж авч хоорондоо тохиролцож оруулсан байгаа. Тоног төхөөрөмж, бараа материалын бичиг гэж байхгүй. Б.С анх ирэхэд нь судлаад үз боломжийн байна уу, үгүй юу гэж хэлсэн бөгөөд өөрөө судалгаа хийж байгаад маргааш нь ирсэн. Би анх интернетэд 89 000 000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Б.С нэг хүнтэй ирээд хямдруулах боломжтой юу гэхэд нь 85 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр хоёр 75 000 000 төгрөг бэлэн гэхээр нь ярилцаж байгаад 77 500 000 төгрөгөөр өгсөн.Өдрийн орлогын хувьд писи тоглоомын газар, канон, принтер, гоймон, ундаа, түргэн хоол зэргийг зарвал илүү ашигтай. Тэгвэл 400000 төгрөгөөс буухгүй, миний орлого ийм байсан гэж хэлсэн. Тараах материалыг би өөрөө бэлдэж 10 хүн ирж тоглох юм бол нэг нь үнэгүй, 3 цаг тоглох юм бол 1 цаг үнэгүй гэх мэт бонус зарласан учир хүмүүсийг татаж байсан. Б.С худалдаж авсны дараагаар бүх бонусыг хассан. Гэрээнд компьютерыг доголдолтой бол доголдлыг арилгана гэж заасны дагуу 5 компьютер, маус, чихэвчнүүд нь асуудалтай байсныг би янзлахад 3 өдөр шаардагдсан. Тэр 3 өдөр намайг ажиллаж байхад бүх бонус, гадаа байсан самбаруудыг авсан байсан. Орлого багаслаа гэж надад гомдлоод байгаа энэ чинь бизнес, бизнес явуулахын тулд цэвэр цэмцгэр үйлчилгээтэй байж орлоготой байна.

Гэтэл хүмүүстэй аятайхан харилцахгүй, үйлчилгээгээ хийхгүй, цэвэрхэн биш байсан. Гэрчилгээг шилжүүлээгүй гэх асуудлыг худлаа ярьж байна гэж үзэж байна. Худалдах-худалдан авах гэрээнд гэрчилгээг хавсаргасан. Бид 2 хамт байж байгаад 1, 1 хувийг авсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд очиход хамаатан болон цусан төрлийн холбоогүй бол гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Б.Сд би үүнийг шилжүүлэх боломжгүй, шилжүүлж өгнө гэж хэлсэн учир би тусалъя гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь аваад 11 дүгээр сарын 10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа тул дахин дүгнэлт гаргаж, газар дээр очиж танилцаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Харилцаа холбооны газраас гэрчилгээ гаргахад Мэргэжлийн хяналтын дүгнэлт, Цагдаагийн газрын, галын дүгнэлт хэрэгтэй байдаг. Хорооны Цагдаагийн газраас тодорхойлолтууд авах гэтэл цахим тоглоомын газрын журамд өөрчлөлт гарсан хуучин бланк дээр бичих боломжгүй шинэ бланк дээр бичээд дүүрэг рүү шилжүүлж, дүүргээс Нийслэл рүү шилждэг гээд удсан. Тэр үеэр Б.С шүүхэд хандсан байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00363 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.-д зааснаар хариуцагч Д.Бэд холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 77 500 000 төгрөг, үнэлгээний зардалд 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 919 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 29 375 221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 524 779 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг үлдээж, хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 304 826 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж үнэлгээний зардал 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 243.1. 256.2, 205.1 дэх хэсэгт заасны баримтлан 77 500 000 төгрөгөөс хасч тооцоход бичиг баримт, эрх шилжүүлэхтэй холбоотойгоор 29 375 221 төгрөгийг миний үйлчлүүлэгч болох Д.Бээс гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр 77 500 000 төгрөгөөр тохиролцохдоо тухайн тоглоомын газрын засвар үйлчилгээ хийсэн зардал, компьютер тоног төхөөрөмж, сандал ширээ, гадна дотно тохижилт, буйдан, гэрэлтүүлэг зэргийг тооцсон байсан.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээг байгуулж улмаар тоглоомын газар ажиллуулах эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Сд шилжүүлж өгөх гэтэл харилцаа холбооны зохицуулах газар болохгүй гэсэн. Шалтгаан нь өөрийн цусан төрлийн хүнд шилжүүлж болох бөгөөд өөр бусдад шилжүүлж болохгүйг ойлгосон. Үүнийг Худалдах-худалдан авах гэрээг хийж байх явцад миний үйлчлүүлэгч Д.Б болон нэхэмжлэгч Б.С аль аль нь мэдээгүй гэрээг байгуулсан гэдэг нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа бөгөөд харин ч миний үйлчлүүлэгч Д.Б нь нэхэмжлэгч Б.Сд мэдэгдэж энэ эрхийн гэрчилгээ шилжүүлж болохгүй юм байна гэхдээ би чамд шилжүүлж өгнө гэж хэлсэн учир чиний өмнөөс мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага дүгнэлт гаргуулах талаар хүсэлт өгье гэж хэлээд Б.Сгаас иргэний үнэмлэхийн хуулбарыг нь авч мэргэжлийн хяналтын газар Б.Сийн өмнөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хандаж байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.С нь эрхийг шилжүүлэх боломж олгох хугацаа өгөөгүй мөн итгэмжлэл хийж өгөлгүй шууд шүүхэд хандсан байсан.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээг байгуулж тоглоомын газарт байгаа эд зүйлийг 77 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гарын үсэг зурсан байгаа гэтэл энэ гэрээнд эрхийн гэрчилгээг 29 375 221 төгрөгөөр үнэлж заасан зүйл огт байхгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 919 дугаартай магадлалд ийнхүү бичиг баримт, эрх шилжүүлэхтэй холбоотой зардал гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Бэд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний үүрэгт шилжүүлсэн 77 500 000 төгрөгийг шинжээчид төлсөн ажлын хөлс 400 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Д.Б нь компьютер тоглоомын газрыг тоноглол, эд зүйлс, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд, цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг Б.Сгийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээж, худалдан авагч Б.С хөрөнгийг хүлээн авч, төлбөрт нь 77 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний талаар талууд маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан, талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээний 2.2.-т гэрээний  салшгүй хэсэг болох цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр бүртгүүлэх үүргийг худалдагч хүлээхээр тохиролцжээ.

Худалдагч эд хөрөнгийг хүлээлгэн өгч, худалдан авагч үнийг шилжүүлсэн боловч  цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр  шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүйгээс худалдан авагчийг цахим тоглоомын үйл ажиллагааг явуулах эрхгүй үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон үндэслэлээр гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэрээний үүргээ зохигчид биелүүлсэн, цахим тоглоомын бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д заасан үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг гэрээний зарим хэсгээс татгалзсаныг тогтоож, үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 919 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 826 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД