Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Д.Нямсүрэн,

Шүүгдэгч: Х.Б өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдлоор  эрүүгийн 1711002350131 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Х.Б, 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлж, өмнөх 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 247 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болон 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн 149 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 592 дугаар шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн /РД:.../,

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 23-560 тоотод оршин суух хохирогч Б.Г монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж 32 инчийн “ТСЛ” загварын эл си ди зурагт хулгайлж 112 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-521 тоот иргэн Г.Д монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “СЛИМ” загварын 32 инчийн эл си ди зурагт, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 304 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 592 дугаар  шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 310 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б хохирлын 112.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г, 304.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Д нарт тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Х овогтой Б Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Миний бие урьд өмнө алдаж байсан боловч уг гэмт хэрэгт холбогдсоноос хойш хувийн байдалдаа дүгнэлт хийж эхнэр хүүхэдтэй болж эцгийн ёсоор эхнэр хүүхдийнхөө төлөө амьдарч байна. Мөн ар гэрийн байдал хүнд, түрээсийн хашаанд хоёр настай охин, эхнэр, ээж болон эмэгтэй 4 дүүгийн хамт амьдардаг. Эдгээр хүмүүсийг надаас өөр харж хандах хүнгүй. Миний бие хийсэн гэм буруугаа хүлээж мэдүүлгээ мөрдөн байцаалт болон хоригдож байх үедээ бусад гэмт хэрэг үйлдлээ өөрийн биеэр илчилж цагдаагийн байгууллагад хүндрэл учруулахгүй мэдүүлгээ тогтвортой өгч байсан. Бусдад учруулсан хохирлоо заримыг нь төлж барагдуулсан, үлдсэнийг нь төлж барагдуулах болно. Мөн би хийсэн гэмт үйлдлүүд болох Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд дэх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдээ нэгтгүүлж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.П давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд тухайн өөр хэргүүдэд шалгагдаж байгаа талаар үйлчлүүлэгчээсээ сонссон харин яллагдагчаар татсан тогтоолуудтай албан ёсоор танилцаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэв.

Прокурор Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсны дараа өөр газар хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг. Хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай. Х.Б өмнө ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 23-ны өдрийн тогтоол 592 дугаар шийтгэх тогтоол нэгтгэн шалгагдах шалтгаанаар хүчингүй болсон гэж энэ хэргийг хянасан прокурор хэлсэн. Иймээс хулгайн хэргийг нэгтгэн ялгаж нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

                                                  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 23-560 тоотод оршин суух Б.Г монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж 32 инчийн “ТСЛ” загварын эл си ди зурагт хулгайлж 112 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-521 тоот иргэн Г.Д монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “СЛИМ” брэндийн 32 инчийн эл си ди зурагт, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 304 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б нь давж заалдах шатны шүүхэд “Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх” талаар гомдол гаргасан байх бөгөөд хэдийгээр хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй боловч шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Н нь Х.Бт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоол хүчингүй болж, шинээр илэрсэн хэргүүдтэй нь нэгтгэн шалгагдах болсон, нэг мөр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн прокурорын дүгнэлт зэргийг үндэслэлтэй гэж үзэв.

 Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Х.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол гаргах үед шинээр хэрэг илэрч шалгагдаж байгаа, өмнө ял шийтгүүлсэн тогтоол хүчингүй болсон талаар мэдэгдээгүй тул анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.  

 Х.Б холбогдсон нэг төрлийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй байна.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлжээ.

Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоохоор хуульчилжээ.

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Х.Бт оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Х.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                               

О.ЧУЛУУНЦЭЦЭГ