Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00100

 

 

 

 

 

 

 

 

                               А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Оюунд холбогдох

“8.313.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гангантөгс, хариуцагч Б.Оюун, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат хариуцагч Б.Оюунаас худалдах худалдан авах гэрээний төлбөр 8,313,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Т.Гангантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 05 сарын 27-ны өдөр иргэн Базаррагчаа овогтой Оюунд Итали улсад үйлдвэрлэсэн (Sanremo) брендийн 11.000.000 төгрөгний үнэ бүхий кофены шинэ машиныг итгэмжлэлийн гэрээ хийн зарим төлбөрийг өдрийн 300.000 төгрөгөөр төлж барагдуулахаар болсон боловч үүнээс 5.900.000 төгрөг өгсөн. 2016 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл дахин мөнгө өгөөгүй. Эрдэнэт хотод ирж дахин нэмэлт гэрээ хийж үлдэгдэл 5.100.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулахаар болсон боловч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ямарч төлбөр хийгээгүй. Гэрт нь ирж уулзаад мөн утсаар удаа дараа залгаж ярьж уулзахад өгнө гэдэг боловч ямарч мөнгө өгөөгүйгээр барахгүй холбогдож байсан бүх утас нь холбогдохоо больж байна. Иймд үндсэн төлбөр болох 5.100.000 төгрөгний 03 хувийн хүү болох 3.213.000 төгрөгийг (220) өдрийн нийт 8.313.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ.2015 оны 5 сард 11 сая төгрөгний үнэтэй кофе бутлагч машиныг надаас дүү Гангантөгсөөөр дамжуулан авсан.Үндсэн төлбөрөөс 5 100 000 төгрөг дутуу байгаа.Анх итгэлцлээр өгсөн.Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь бичгээр гэрээ байгуулсан. 2 ч гэрээ байгаа. Гэрээнд заасны дагуу алданги тооцсон гэжээ.

Хариуцагч Д.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Оюун нь Т.Гангантөгсөөс 11,000,000 төгрөгний кофе чанагч машин зээлээр авсан нь үнэн. Уг машины төлбөрийг цаг алдалгүй төлж байсан боловч авсанаас 2 сарын дараа ар гэрийн гачигдал гарч төрсөн дүү маань хүнд удаан өвдөж байгаад 3-р эмнэлэгт өөд болсон. Улмаар миний эрхлэн явуулдаг бизнес зогссон юм. Би өгсөн мөнгөнөөсөө 200,000-300,000 төгрөгийг хэдэн сар ашигласан суутгаж аваад буцааж өгөх санал тавьсан тул зөвшөөрөөгүй. Улмаар өөрийн эзэмшлийн 92м2 дэлгүүрийг түрээслэнэ гэсэн боловч одоогоор түрээслээгүй байгаа тул орон сууцаа зарахаар зар тавиад 4 сар болж байна. Уг төлбөрийн үндсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн төлбөрийг зөвшөөрч байна.Алданги төлөх чадваргүй тул зөвшөөрөхгүй.Талх нарийн боовны үйлдвэрлэл явуулж байсан боловч ар гэрт хүнд асуудлууд тохиолдож бизнес маань зогссон.Зээл хөөцөлдөж байгаа,мөн хүнээс авах шүүхийн шйидвэртэй 10 сая төгрөгний авлага бий.Эдгээр бүтвэл төлнө.Одоогоор ямар ч орлогогүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,185 дугаар зүйлийн 185.1-д заасныг баримтлан Б.Оюунаас 7 650 000 төгрөг гаргуулан А.Эрдэнэбатад олгож, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 663 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 147,958 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 137 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Оюун давж заалдсан гомдолдоо: Миний бие Эрдэнэбатаас 11.000.000 төгрөгийн кофе машин зээлээр авч одоогоор төлсөн байгаа нь 5.900.000 төгрөгийг төлж үлдэгдэл 5.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бид хоорондоо гэрээ байгуулсан боловч түүнийгээ баталгаажуулаагүй, мөн миний нөхцөл байдал өөрчлөгдөж ар гэрийн гачигдал удаа дараа гарч хөөцөлдөж байсан зээл одоог хүртэл гараагүй, мөн би ямар ч үйл ажиллагаа эрхэлж явуулаагүй байгаа тул алданги болох 2.550.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч А.Эрдэнэбат Санремо брендийн кофений машины үлдэгдэл үнэ 5.100.000 төгрөг, алданги 3.213.000 төгрөг нийт 8.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3.213.000 төгрөг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Санремо брендийн кофе машиныг 11.000.000 төгрөгөөр худалдсаны дараа хариуцагч Б.Оюун бараа бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй тул талууд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулж энэхүү гэрээнд хариуцагч үлдэгдэл үнэ 5.100.000 төгрөгийг 11 дүгээр сарын 30–ний өдрийн дотор төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж кофений машины үлдэгдэл үнэ 5.100.000 төгрөг, алданги 2.550.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 185 дугаар зүйлийн 185.1-д заасныг баримталсан нь буруу байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчид бараа бүтээгдэхүүний зарагдсан үнэ, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй ба талуудын хооронд байгуулсан “Бараа худалдах, худалдан авах гэрээ”-нд хариуцагч төлөгдөөгүй үлдсэн 5.100.000 төгрөгийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа болон төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар харилцан тохиролцоогүй харин үлдэгдэл төлбөрийг 2 сарын хугацаанд төлөх, 2015 оны 11 дүгээр сарын 30 ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны алданги төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээс гадна хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги төлнө.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат алданги 3.213.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх алдангийн хэмжээг багасгаж хариуцагчаас 2.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч алдангийн хэмжээ нь хэт их байгааг анзаарч үзээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Бараа худалдан авах нэмэлт гэрээ” болон хариуцагч бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хувийг  төлсөн байдал болон худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хэрэглэж үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж 4 сарын алданги 1.836.000 төгрөгийг хариуцагч Б.Оюунаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх боломжтой юм.

Иймд  хариуцагч Б.Оюуны гаргасан “... ар гэрийн гачигдал удаа дараа гарсан, зээл гараагүйгээс үйл ажиллагаа явуулаагүй  зэрэг нөхцөл байдал үүссэн тул алданги 2.550.000 төгрөг төлж чадахгүйг харгалзаж  үзнэ үү... “ гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хариуцагчийн төлөх ёстой алдангийг хэмжээг багасгаж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг засч залруулж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг  баримтлан хариуцагч Б.Оюунаас кофе машины үлдэгдэл үнэ 5.100.000 төгрөг, алданги 1.836.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэбат-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.377.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасч, шийдвэрийн 3 дахь заалтанд 137.350 төгрөг гэснийг 125.926 төгрөг гэж, шийдвэрийн 3, 4 дэх заалтыг 2, 3 дахь заалт болгон өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Оюуны заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ