Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 150

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ч.Пүрэвсүрэнд холбогдох 7,016,216 /долоон сая арван зургаан мянган хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Завхан салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Чимэд овогтой Пүрэвсүрэн нь банктай 2015 оны 12-р сарын 02-ны өдөр ТБ/ББЗ/334/2015/170500073533/ тоот Бизнесийн зээлийн гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 2,4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ТВ-32 инч, угаалгын машин, хөргөгч, гэр иж бүрэн тавилгын хамт, истана маркийн машин зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж, хугацаа давтан хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Ч.Пүрэвсүрэнгээс зээлийн өрийн үлдэгдэл 6,528,523.07, төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 482,260.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5432.75 төгрөг нийт 7,016,216.05 төгөргийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 170500073533 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө, бусад орлого, бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Чимэд овогтой Пүрэвсүрэн би Төрийн банкнаас зээл аваад төлж чадалгүй хугацаа хэтэрсэн нь үнэн. Зээлийн үлдэгдэл нийт 7,016,216.05 төгрөгийг төлж барагдуулна. Энэ мөнгийг 2017 оны 09-р сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Төрийн банкны Завхан салбар нь Ч.Пүрэвсүрэнгээс 7,016,216.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ч.Пүрэвсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл нийт 7,016,216.05 төгрөгийг 2017 оны 09-р сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг 2017 оны 03-р сарын 20-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7,016,216 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ч.Пүрэвсүрэн 2017 оны 09-р сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 127,209 төгрөгнөөс 63,604.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 63,604.05 төгрөгийг, хариуцагч Ч.Пүрэвсүрэнгээс 63,604.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ