| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
2021 01 05 2021/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0004/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Г.Баярмаа,
хохирогч Э.Э,
шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн “2009017761396” дугаартай хэргийг 2020 оны .. дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1967 оны 1..дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ..суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар бичил хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ч.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны .. дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ..дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” эмнэлгийн орчим иргэн Э.Этай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, биед тархи доргилт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ачилтын кампанийн золиосонд хохирогч Эыг явж байна гэж би харж байна. Эд миний зүгээс гомдол байгаагүй. Би энэ зүйлийг тухайн компанийн цаг хугацаа хожсон зүйл гэж бодсон. Өөрсдийн компанийн эрх ашгаа хамгаалахын тулд ийм зүйл хийсэн. Намайг цагдаагийн албан хаагч урсгал сөрж зогссон гэж хэлсэн. Тэгээд таны эрхийг хасна гэж хэлсэн. Шууд хууль мэдэхгүй хүнийг дарамталсан. Эхлээд би Баянзүрхийн замын цагдаатай уулзсан. Тэгээд намайг манай харьяа биш байна гээд Сүхбаатар дүүргийн цагдаа руу явуулсан. Энэ хэрэгт эцэст нь иргэн ажилчин хоёр золиосонд нь явж байна. Гэхдээ би хохирогчийг заамдсан нь үнэн. Бид хоёрыг уулзуулсан бол би энэ хүүхэдтэй ярилцах байсан. Би тухайн үед хөрөнгөө хамгаалсан. Би бухимдсандаа Эыг боосон нь үнэн. Гэхдээ би Эд ямар ч гэмтэл учруулаагүй. Иймд шүүх цагдаа, ачилтын компанийн хуйвалдаан гэж үзэж байна. Дараа нь хэрэг шалгагдаж байхад Эы буруу биш гэж би бодсон. Энэ хүүхдийг загнаад цагдаа руу явуулж байсан. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Урьд нь би олон жилийн өмнө 1990-ээд оны эхээр Ховд аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байсан. Тухайн үед намайг Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор хориотой бараа оруулсан гэж хилс хэргээр шалгаж олон сар хорьж мөрдөнд хийж байсан боловч би гэмт хэрэг үйлдээгүй учир цагаадсан. Энэ удаад ч би гэмт хэрэг үйлдээгүй, зөвшөөрөхгүй” гэв.
Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ер нь бол тухайн машиныг ачихын өмнө чанга яригчаар 3-аас доошгүй удаа зарладаг. “..” эмнэлгийн тэр хэсэг байнгын түгжрэлтэй, гомдолтой байдаг газар. Цагдаа зөвшөөрөл өгч машин ачуулдаг. Ачуулахдаа хамгийн эхлээд урсгал сөрсөн машиныг ачуулдаг. Б ах машинаа урсгал сөрөөд тавьсан байсан. Тэр зам нь эсрэг урсгалтай 2 эгнээтэй зам болохоор түргэний тэрэг болон өөр машинууд нь орж гарч чадахгүй түгжрэл үүсэж цаг алддаг. Тийм болохоор тэр хэсгийг цэвэрлээд аль болох машин тавиулахгүй байх талаас нь анхаардаг. Тухайн өдөр чанга яригчаар зарлаад, тухайн машины бичлэгийг давхар хийгээд явж байсан. Хамгийн сүүлд би Ч.Б ахын машиныг ачуулж өгсөн. Тэрнээс 10-аад минутын дараа Б ах гарч ирээд чи миний машиныг хулгайллаа, хулгайч гэж хэлээд намайг боогоод түлхээд орсон. Дараа нь цагдаагийн хэлтэс дээр очиход би чамаас уучлалт гуйхгүй гэж хэлсэн. Тухайн өдөр би шүүх шинжилгээний эмнэлгээр орчихоод байцаагчаас Б ахыг надтай уулзуулж болох уу? гэхэд одоохондоо болохгүй гэж хэлсэн. Түүнээс хойш би сарын дараа ажлаасаа гарсан. 10 дугаар сард мөрдөн байцаагч залгаад мэдүүлэгтэйгээ танилц гэж хэлсэн. Тэр үед уулзуулж болох уу гээд дахиад асуухад уулзуулаагүй. Уулзуулбал өргөдлөө авъя гэж хэлсэн боловч уулзаж чадаагүй. Иймд би Ч.Б ахаас эмчилгээний зардал 155.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүн тухайн өдөр миний биед гэмтэл учруулсан хүн мөн юм. Тухайн үед би хар цамц ажлын хантаазтай байсан. Ч.Б ах намайг гараараа боогоод зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа шанаадаж цохисон. Бид хоёр явган хүний зам дээр байсан ба намайг ар талын төмөр хашааг толгойны дагз хэсгээр мөргүүлсэн. Тэгээд гараараа хоолой боосон. Миний хүзүү битүү тойроод улайсан байдалтай, зүүн талын шанаа хэсэг чих хүртлээ хөндүүртэй байсан. Би тухайн үед гомдол гаргачихаад эмнэлэг орох уу яах уу гээд гайхаад сууж байхад манай захирал намайг шүүх шинжилгээний эмнэлэгт очиж гэмтлийнхээ дүгнэлтийг гаргуул гэж хэлж явуулсан.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2020 оны .. дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийгээд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо .. эмнэлгийн гаднаас урсгал сөрж тавьсан Тоёота приус 20 маркийн .. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах байр луу зөөж шилжүүлэхэд бичлэг болон мэдээгээ өгөөд туслахын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа тухайн машины эзэн гэх 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд надаас хаашаа явсан юм бэ гээд хаяг болон утасны дугаарыг асуухад нь би ... гэсэн журмын хашааруу явсан гээд утасны дугаарыг нь хэлэхэд тэр ах намайг шууд боож аваад чи миний машиныг хулгай хийлээ гээд миний зүүн талын шанаа хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд намайг заамдсан чигээрээ тавихгүй байсан ба улам чангалаад байсан тэгээд арай хийж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд бид хоёрыг машинд суулгаад аваад явж байхад машин дотор намайг дахиж цохих гээд дайрсан... Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг машиныг нь ачиж журамласан машины жолооч гэх 50 орчим насны ах намайг заамдаж аваад хашаа мөргүүлсэн, мөн гараараа миний зүүн шанаа хэсэгт 1-2 удаа цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч Б.Тийн өгсөн: “...би 2020 оны .. дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо ".." эмнэлгийн гадна зодуулсан гэх дуудлаганд дэд ахлагч Б.Бийн хамт очиж шалгахад .. эмнэлгийн урд талд машин ачилгын туслах залуу болон машинаа ачуулсан гэх хүнтэй маргалдсан байдалтай байсан ба машинаа ачуулсан гэх ах би өвчин зовлонтой байхад эд нар харж байгаад миний машиныг ачлаа гээд маргалдаж байсан. ...нөгөө залуу нь хүзүү хэсэг нь улайсан байсан... дуудлаганд очиход маргалдсан гэх хоёр хүн замын урд талаас гарч ирсэн ба ирж байхдаа машинаа ачуулсан гэх хүн нь ачигч залууг хөлөөрөө хөл хэсэгт нь нэг удаа өшиглөсөн байдалтай гараараа араас нь нударч байгаа байдалтай ирээд ачигч залуу хэлэхдээ энэ ах намайг цохиж зодсон гомдолтой байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч Б.Бийн өгсөн: "...би 2020 оны .. дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо ".." эмнэлэгийн гадна зодуулсан гэх дуудлаганд дэслэгч Т ийн хамт очиж шалгахад ачилганы туслах залуу болон машинаа ачуулсан гэх 50 орчим насны хүнтэй маргалдсан байдалтай байсан ба машинаа ачуулсан гэх ах би яарч сандраад явахад өвчин зовлонтой байхад эд нар харж байгаад миний машиныг ачлаа гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь ачигч залуугаас санал гомдол байна уу гэхэд гомдолтой байна гэсэн... хүзүү хэсэг нь жаахан улайсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: "..... эмнэлгийн урд байрлах авто машины замын ..дүгээр эгнээнд тавьсан хүрэн саарал өнгийн приус 20 маркийн авто машиныг түр саатуулах газрын ачигч машин авч явсан байх ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хар өнгийн пиджак цагаан өнгийн цамцтай гарч ирж байх ба тухайн тээврийн хэрэгсэл зогсож байсан байранд очиж түр саатуулах байгууллагын ажилтантай муудалцаж хоорондоо барилцаж байх ба тээврийн хэрэгслийн эзэмшигч ачилгын байгууллагын ажилтныг цамцаар нь боож хашаалуу түлхэж байх ба 2 залууг барилцаж байхад цагдаагийн алба хаагч салгаж байх ба тээврийн хэрэгслийн эзэмшигч салаад зам гараад явсан байх ба цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл ирэхэд приус 20 маркийн авто машины эзэмшигч ачилгын байгууллагын залууг араас нь гараараа нударч хөлөөрөө цохиж байв..." гэх тэмдэглэл /хх-ийн 43 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 0.. дугаар сарын 11-ний өдрийн 6820 дугаартай: “1. Э.Эы биед тархи доргилт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... Дүгнэлт гаргасан шинжээч Ц.О гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Чимэдцэрэнгийн Б нь 2020.06.09-ний өдрийн 12 цагт Сүхбаатар дүүргийн ..дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... эмнэлгийн үүдний орчим өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн .. УБН улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд саад учруулахуйц байдлаар тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсэгт зам дээр орхиж явсан байсныг Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх эрх бүхий Би ..ХХК-ийн зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцлийг хангах зорилгоор зохих журмын дагуу тусгай зориулалтын машинаар ачиж зөөж шилжүүлсэний дараа ажил үүргээ гүйцэтгэж байсан тус компанийн техникийн ажилтан, туслах хохирогч Э ы Эыг “өөрт нь мэдэгдэлгүй машин ачлаа” гэх шалтгаанаар уурсан нүүр толгойн хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох, төмөр хашаа руу нуруугаар нь түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ч.Б нь “би Эыг бухимдсандаа заамдаж боосон нь үнэн боловч эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй, би гэм буруугүй, би гэмт хэрэг үйлдээгүй, би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн болон бусад нотлох баримт, хэргийн газраас хураан авсан шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр няцаагдаж байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, хүлээцгүй зан, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутсан байдал нь нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Б-н хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Э-н эрүүл мэндэд энэ хэргийн улмаас дээр өгүүлсэн хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь Натур эмнэлэгт толгойн КТГ буюу компьютер томографи хийлгэсэн төлбөр 120 000 төгрөг, Арубүзэт Арумед эмнэлэгт үзлэг хийлгэсэн 35 000 төгрөг нийт 155 000 төгрөгийг эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцон нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 67 дугаар талд уг баримтууд авагдсан байна.
Иймд Иргэний хуулийн ..7 дугаар зүйлийн ..7.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч Ч.Б-с 155.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36...дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн ..7 дугаар зүйлийн ..7.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-с 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-д /УБ хот, СХД, ..-р хороо, Бага наран ..а тоотод оршин суух хаягтай, РД: / олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР