Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

 

      2020        12          24                                   2021/ШЦТ/12

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Н д холбогдох эрүүгийн 2011000001045 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Н , 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 9-43 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Батцэнгэлтэй “замын хөдөлгөөнд оролцохдоо машинаараа шахлаа” гэх зэргээр маргалдаж түүний нүүр, цээжин тус газарт гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 32-оос урагш эргэдэг тасархай шугамаар буцаж иргэхэд Батцэнгэл араас сигналдаж хажуугаас шахсан. 2-3 удаа намайг шахсан. Гэрлэн дохио өнгөрөөд зогсож бид бие биеийнхээ нүүрэн тус газар 5-6 удаа цохилцсон. Тухайн орчимд байсан хүмүүс биднийг салгасан. Хохирогч өөрөө намайг цохиогүй мэт мэдүүлэг өгсөн байсан. Бид шүүх эмнэлэгт хамт үзүүлсэн. Гэхдээ надад гэмтэл учраагүй, миний үйлдлийн улмаас Т.Батцэнгэлд хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Т.Батцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн эзэмшлийн 52-53 УБЭ улсын дугаартай машинтайгаа ...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт 04-26 УАМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын машин миний машины урдуур шахахаар нь зогстол жолооч залуу бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод хөшөөд хаалгаар миний хөлийг хавчсан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа цохисон тэгэхээр нь би хойшоо зугтаатал араас ирээд дахиад цохисон тэгээд арын машинаас 5 хүн бууж ирээд бид хоёрыг салгасан... би ганцаараа явж байсан тэр залуу бас ганцаараа байсан. Би машины түлхүүр, нүдний шилээ дараа нь тэр залуугаас авсан...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ЧД2-20-641 дугаар дүгнэлтэд: “...Автомашины гажаа гаргах засвар нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 10.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №11353 дугаар дүгнэлтэд: “...Т.Батцэнгэлийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 22-23/,

Шүүгдэгч Б.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... би эдгээр гэмтлийг учруул санаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 31/, шүүгдэгч Б.Н д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 38-41/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 43/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Батцэнгэлтэй “замын хөдөлгөөнд оролцохдоо машинаараа шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр, цээжин тус газарт гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Батцэнгэлийн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн эзэмшлийн 52-53 УБЭ улсын дугаартай машинтайгаа ...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт 04-26 УАМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын машин миний машины урдуур шахахаар нь зогстол жолооч залуу бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод хөшөөд хаалгаар миний хөлийг хавчсан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа цохисон тэгэхээр нь би хойшоо зугтаатал араас ирээд дахиад цохисон тэгээд арын машинаас 5 хүн бууж ирээд бид хоёрыг салгасан... би ганцаараа явж байсан тэр залуу бас ганцаараа байсан. Би машины түлхүүр, нүдний шилээ дараа нь тэр залуугаас авсан...” гэх мэдүүлэг /хх 9-10/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн ЧД2-20-641 дугаар “...Автомашины гажаа гаргах засвар нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 10.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №11353 дугаар “...Т.Батцэнгэлийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 22-23/, шүүгдэгч Б.Н гийн “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... би эдгээр гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 28-29/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н  нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Батцэнгэл нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Н г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН