Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 2021      01          05                              2021/ШЦТ/19                                       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/1063/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-д холбогдох эрүүгийн “2009000001375” дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, Төмөр замын холбоочин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Удирдах газарт холбоочин, цахилгааны бичээч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Г.З /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын автомашины зогсоол дээр иргэн Ө.А-тай “шээс цэвэрлэ гэлээ” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Батсайхан гэж хүний хувьд бид хоёрын маргааныг салгах гэж намайг цохисон. Би иргэн хүний хувьд хэлэхэд намайг ч мөн адил цохисон, үүнээс болж би хохирол амссан тул Батсайхан гэж хүнд гомдолтой байна. Батсайхан намайг баруун талаас цохисон. Үүний улмаас би цементэн дээр унаж миний нүдний шил хагарч, хувцас урагдсан. Миний хувцсанд эгч дүү нар нь хохирол учруулсан. Тэр хүн хүмүүс байгаагүй бол намайг илүү гэмтээх байсан байх. Миний харааны нүдний шил хагараад би 220.000 төгрөгөөр дахин нүдний шил авсан.  Би Азжаргалд хохирол 155.000 төгрөг төлсөн.” гэв.

 

Гэрч Б.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 19-нд манай байрны найр болсон. Тэр өдөр манай найзууд ирсэн. Орой 9 цаг өнгөрөөд бөөндөө гараад юм яриад зогсож байхад манай ангийн Отгонбаатар гэх хөгжлийн бэрхшээлтэй залуу байрны өвөөгийн машин руу шээсэн байсан. Эндээс үүдээд гол маргаан гарсан. Байрны өвөөгийн хүүхэд нь манай найзтай муудалцсан. Тэгээд Г.З тэр хүнтэй маргалдсан. Тэр нь манай найзын буруу байсан. Азжаргал Г.З хоёр харилцан зодолдсон. Тэгээд Отгонбаатар болон Г.З-г хохирогчийн ах нь зодсон байсан. Азжаргал гэх хүн хүний машин луу шээлээ гэж хэрэлдсэн.” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ө.А-н өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой 22 цаг байсан байх. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороололд байрны дугаарыг санахгүй байна... Тэр өдөр манай нөхөр ажлаа тараад биднийг авах гэж ирээд цай, хоол идээд сууж байхад нь утас руу нь хүн залгаад машин гаръя гэж хэлэхээр нь би нөхрийгөө цайгаа уучих би өөрөө гараад холдуулъя гэж хэлээд гарсан чинь манай нагац ахын машин руу үл таних эрэгтэй хүн шээгээд зогсож байхаар нь би “яагаад хүний машин руу шээж байгаа юм бэ, хажууд чинь хүүхдийн тоглоомын талбай байна шүү дээ, наад шээсээ арч” гэж хэлсэн чинь нэг эмэгтэй нь надад мөнгө өгчихье гичий минь наадахаа өөрөө цэвэрлэ гэж хэлэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд утсаа авах гэсэн би утсаа үлдээсэн байсан учраас цонхоор орилоод утсаа авах гэсэн чинь намайг гар утас ч үгүй юм байж цагдаа дуудна гэнээ гэхээр нь байрны булан тойроод ирж байсан хүнийг утсаа өгч байгаач цагдаа дуудах гэсэн юм гэж хэлтэл гар утас байхгүй гэж хэлээд надад утсаа өгөөгүй, тухайн үед тэр хоёр хүн хамт явж байсан юм шиг байна лээ. Тэгээд би ахиад гэрийнхээ цонхоор дүүгээ дуудсан боловч цонх хаалттай байсан учраас тэд сонсоогүй. Тэгсэн манай ах Ө.Батсайхан гарч ирэхээр нь "энэ хүмүүс манай ахын машин руу шээгээд байхаар нь боль гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй юм гэж хэлсэн чинь цаанаас нэг эмэгтэй машин тойрч гүйж гарч ирээд миний хэвлий болон гуя руу өшиглөөд цүнхээрээ, гараараа миний толгой, толгойн ар хэсэг рүү цохиод байхаар нь би тэр эмэгтэйтэй зууралдаж байгаад арагшаа унахдаа тэр эмэгтэйн дотуур өмсөж байсан фудволкоос нь барьсан байсан учраас урсан... тэр үед манай ах гүйж ирээд биднийг салгасан... тухайн үед надтай маргалдсан үл таних 30 орчим насны саарал өнгийн хүрэмтэй эмэгтэй миний хэвлий болон гуя руу өшиглөөд цүнхээрээ, гараараа миний толгой, толгойн ар хэсэг рүү цохиж зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

Гэрч Н.Отгонбатын өгсөн: "...2020 оны 10 дугаар сарын 19-нд миний дунд сургуулийн ангийн найз Мөнхжаргал шинэ байранд ороод найрандаа дунд сургуулийн ангийн хамт олноо урьсан юм... гэрт нь очоод архи, айраг, монгол архи зэрэг зүйлс хольж уугаад би тасарсан. Тухайн үед манай ангийнхан намайг аваад гарсан гэсэн. Би гадаа гараад юу болсныг огт санахгүй байна байрны гадна ил зогсоолд байсан Тоёота приус 20 загварын машины дугуй руу шээсэн чинь машины эзэн гарч ирээд намайг "машин руу битгий шээгээд бай, шээсээ цэвэрлэ гэж хэлснээс болоод ангийн найз Г.З машины эзэн гэх эмэгтэйтэй маргалдаад зодолдсон гэж Г.З надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Ө.Батсайханы өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний 22 цагийн орчим манай дүүгийн утас руу хүн залгаад машинаа холдуулаад өгөөч, машин гарах гэсэн юм гэж хэлэхээр нь манай дүү Ө.Азжаргал гарсан. Би ардаас нь тамхи татах гээд гарсан чинь манай дүү хүмүүстэй маргалдаад, үл таних эмэгтэй хүн манай дүүг өшиглөж унагаад баахан хүмүүс тойроод зогссон байхаар нь би дүүгээ хамгаалах гээд очоод эмэгтэйг түлхэж унагаасан чинь миний ардаас 3, 4 залуу ирээд намайг бариад дарсан. Бид хэсэг ноцолдоод, хэрэлдэж байтал нөгөө хүмүүсийн зарим нь алга болсон удалгүй цагдаа нар ирээд бид салсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Г.З-н яллагдагчаар өгсөн: "...Мөнхжаргалын гэрээс гарахад Отгонбат согтсон байсан бөгөөд бидний сууж ирсэн машиныг зогсоол дээр нэг машин таглаад байрлуулсан, тэр машины урд мөн Тоёота приус 20 загварын машин хааж тавьсан байхаар нь би машины жолоочийг дуудах гээд утасны дугаарыг нь Отгонбатаас холдсон байх хооронд ил зогсоолд зогсож байсан Тоёота приус 20 загварын машины зүүн хойд талын дугуй руу нь шээсэн байсан. Үүнийг нь би тухайн үед мэдээгүй, нэг мэдсэн үл таних эмэгтэй ирсэн "машин руу битгий шээгээд бай" гэж уурлаад байхаар нь би очоод "өө яанаа машин руу чинь шээсэн үү, уучлаарай" гэж хэлсэн чинь надад хандан "наад шээсээ арч" гэж хэлсэн. Тухайн үед би найзынхаа өмнөөс маш их олон удаа найзынхаа өмнөөс уучлалт гуйсан боловч тоолгүй намайг наад шээсээ арч, шээсээ арч гэж орилоод над руу тулаад ирэхээр нь бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Тухайн үед бид харилцан зодолдоод зууралдаж байхад тэр эмэгтэй миний өмсөж байсан майкийг урсан, тэр хүүхний нөхөр нь бололтой залуу холоос гүйж ирээд миний баруун талын шанаан тус газарт цохисон... би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийнхөө биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүйг хүлээн зөвшөөрөхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Ө.Азжаргал, Г.З нар хоорондоо маргалдах, зодолдох үйлдэл хийснийг бэхжүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн "СиДи"-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх-ийн 43-47 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012.09.24-ний өдрийн №10874 дугаартай дүгнэлт: Г. Г.З-н биед зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Т. Сэлэнгэ /хх-ийн 11-12 тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.09.24-ний өдрийн 10806 дугаартай дүгнэлт: Ө.Азжаргалын биед тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 14-15 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Г.З нь 2020.09.19-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 241 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр хохирогч Өлзийхишигтийн Азжаргалтай түүний нагац ахын машин руу хамт явж байсан найз Н. Отгонбат гэгч нь шээсэн байсныг өөрийг нь арч, цэвэрлэ гэж шахаж шаардсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хурц маргалдаж, улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Г.З болон түүний өмгөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хохирогч Ө.Азжаргалтай харилцан зодолдсон, гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй. Харин миний бие болон эд хөрөнгөнд Батсайхан гэдэг хүн гэмтэл учруулсан. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр миний биед гэмтэл учраагүй гэж гарсан ч миний гар, хөл зулгарсан, гоо сайхны хувьд нүүрэн дээр том хумсны сорвитой үлдсэн. Би гомдол гаргасан байхад уг гомдлыг шийдвэрлэлгүй, Батсайхан гэдэг хүний үйлдлийг энэ хэрэгтэй хамт шалгахгүй, хэргийг ирүүлсэн нь учир дутагдалтай. Иймд уг хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд 2009000001375 дугаартай Г.З-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  ШШҮХ-ийн шинжээч эмчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч Ө.Азжаргалын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдан улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогчийн харилцан зодолдсон үйлдлээс Г.З-н эрүүл мэндийг сарниулсан болон түүний нүүрний гоо сайхныг алдагдуулах хэмжээний гэмтэл тогтоогдоогүй болох нь ШШҮХ-ийн шинжээчийн 2012.09.24-ний өдрийн №10874 дугаартай дүгнэлтэд тодорхой тусгагджээ.

Түүнчлэн хохирогчийн төрсөн ах гэх Ө.Батсайхан гэгчийн хэрүүл зодоон  болох үед дүүгээ өмөөрч шүүгдэгч Г.З-г дүүгээсээ салгах зорилгоор түлхэж унагаасан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл биш байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэж асуудлыг хурцатгасан түүний зан харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутсан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.З-н  хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Азжаргалын тухайд энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би эмчилгээний зардалд 155.000 төгрөг Г. Г.З-с хүлээж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний өрх толгойлсон эх, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусдын буруутай үйл хөдлөлөөс хэрүүл маргаанд татагдан орж анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байр суурь илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосон торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш      14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР