| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0009/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
2020 12 28 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Э.У /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Э.У од холбогдох эрүүгийн 2011018951148 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Э.У , 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил, Дэнжийн 15 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 9-280 тоотод хохирогч О.Хүрэлшагайг 10.000 төгрөг өгсөнгүй, амьдардаг нийтийн байрнаасаа хөөлөө гэх шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Хүрэлшагай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-280 тоотод Улсболд, Пүрэвдорж, Энхбат болон Пүрэвдоржийн найз охин Заяа, Дайриймаа бид хэд архи ууж байсан. Тэгээд миний бие маргааш нь ажилтай унтлаа гээд орон дээр хэвтэж байтал Улсболд, Пүрэвдорж нар гарч баар оръё гээд байхаар нь орохгүй гэхэд Улсболд тэгвэл 20.000 төгрөг өгчих гэхээр нь маргааш байрны мөнгө төлнө гэхэд Улсболд миний толгой хэсэг рүү гараараа цохиод унагаасан. Тэгээд байж байтал Энхбат ах салгаад Улсболдыг аваад гараад явсан. Улсболд миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон, нуруу руу 2-3 удаа өшиглөсөн Пүрэвдорж намайг цохиогүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх 9-10/,
Гэрч Х.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хүрэлшагай хэвтэж байснаа Улсболдыг хөөгөөд түлхээд унагаасан бөгөөд тэрнээс болоод тэр хоёр хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Д.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Улсболд, Пүрэвдорж нар найзууд дуудаад байна гээд хувцсаа солиод гараад явах гэтэл Хүрэлшагай босож ирээд зайл гээд хөөгөөд байсан. Улсболд, Хүрэлшагай хоёр хоорондоо зодолдоод байсан ба Улсболд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч А.Дүүрэнзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хүрэлшагай гэнэт уурлаад Улсболд, Пүрэвдорж хоёрыг зайл гээд хөөтөл өнөөх Улсболд нь уурлаад хаалганы хажууд зогсож байснаа Хүрэлшагайг орон дээр хэвтэж байхад нь очоод шууд цохиод авсан. Хүрэлшагай орон дээрээс босож ирээд тэр хоёр хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12760 дугаар дүгнэлтэд: “...О.Хүрэлшагайн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 28-29/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 50/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 296 дугаар тогтоол /хх 59/, шүүгдэгч Э.У ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 54/, хохирогч О.Хүрэлшагайн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/ баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 9-280 тоотод хохирогч О.Хүрэлшагайг 10.000 төгрөг өгсөнгүй, амьдардаг нийтийн байрнаасаа хөөлөө гэх шалтгаанаар нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Хүрэлшагайн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-280 тоотод Улсболд, Пүрэвдорж, Энхбат болон Пүрэвдоржийн найз охин Заяа, Дайриймаа бид хэд архи ууж байсан. Тэгээд миний бие маргааш нь ажилтай унтлаа гээд орон дээр хэвтэж байтал Улсболд, Пүрэвдорж нар гарч баар оръё гээд байхаар нь орохгүй гэхэд Улсболд тэгвэл 20.000 төгрөг өгчих гэхээр нь маргааш байрны мөнгө төлнө гэхэд Улсболд миний толгой хэсэг рүү гараараа цохиод унагаасан. Тэгээд байж байтал Энхбат ах салгаад Улсболдыг аваад гараад явсан. Улсболд миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон, нуруу руу 2-3 удаа өшиглөсөн Пүрэвдорж намайг цохиогүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх 9-10/, гэрч Х.Пүрэвдоржийн “...Хүрэлшагай хэвтэж байснаа Улсболдыг хөөгөөд түлхээд унагаасан бөгөөд тэрнээс болоод тэр хоёр хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч Д.Энхбатын “...Улсболд, Пүрэвдорж нар найзууд дуудаад байна гээд хувцсаа солиод гараад явах гэтэл Хүрэлшагай босож ирээд зайл гээд хөөгөөд байсан. Улсболд, Хүрэлшагай хоёр хоорондоо зодолдоод байсан ба Улсболд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч А.Дүүрэнзаяагийн “...Хүрэлшагай гэнэт уурлаад Улсболд, Пүрэвдорж хоёрыг зайл гээд хөөтөл өнөөх Улсболд нь уурлаад хаалганы хажууд зогсож байснаа Хүрэлшагайг орон дээр хэвтэж байхад нь очоод шууд цохиод авсан. Хүрэлшагай орон дээрээс босож ирээд тэр хоёр хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12760 дугаар “...О.Хүрэлшагайн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 28-29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч О.Хүрэлшагай нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Э.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Э.У од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН