Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ганхөлөг,

иргэдийн төлөөлөгч У.Цогбадрах,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1805014830563 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Б дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоног хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-ын Б /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 31-75 тоотод иргэн Л.Э-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа зэвсэг хэрэглэн Л.Э-ын хэвлийн хөндий, бугалга, сарвуу руу хутгалж Л.Э-ын эрүүл мэндэд хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс, бүдүүн гэдэсний сэмж гэмтээсэн шарх, нарийн гэдэс, сэмж гадагшлалт, цус баасны гаралтай хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, зүүн бугалга, сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 22-30/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 41-43/,

3. Хохирогч Л.Э-ын өвчний түүх /1 хх 69-83/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4168 дугаартай:

“...Л.Э-ын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс, бүдүүн гэдэсний сэмж гэмтээсэн шарх, нарийн гэдэс, сэмж гадагшлалт, цус баасны гаралтай хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, зүүн бугалга, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1 хх 66/,

5. Хохирогч Л.Э-ын:

“...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт 4 хорооллын эцсийн 31-р байрны 75 тоотод байх найз М-ын гэрт Э, Б, Б бид нар орой 19 цагийн үед 0.33 литрийн 1, 0.5 литрийн 1 шил архи уусан. Тухайн үед М-ынд 2 хүүхдэд нь байсан. Ингээд архи уугаад юм яриад гал тогооны өрөөнд сууж байхад Б Э-ыг алгадаад унагаасан. Тэгэхээр нь би “бие муутай хүнийг болиоч” гэж хэлсэн. Б “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь хоорондоо маргаад гарч зодолдъё гээд үүд рүү нь явсан. Яг үүдэн дээр ирээд хаалганы бариулаас барихад хойноос Б дагаж явж байгаад гэдэсний зүүн талд 2 удаа зүүн гарын тохойн гадна хэсэгт 1 удаа гарын гадна хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалсан. Ингээд би эргэж хараад Б-ийг нэг цохиж аваад доошоо харахад гэдэс цуваад гараад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 63-64/,

6. Гэрч П.Энхбаярын:

“...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 31 байранд очсон.Тэнд Э, Т /Б/, Э буюу эмнэлэгт Э бид нар архи уусан. Хамт байсан хөл муутай Э гэх залуу Бтэй маргалдсан тэгээд Б Э-ын нүүр рүү алгадаад унагачихсан. Гэтэл Б-ийг Э боль хөл муутай хүнийг гээд өмөөрч маргалдаад гараад зодолдъё гээд гарахаар гэрийн үүдний хэсэгт очсон. Түжигнээд байхаар нь К бид хоёр очиход Э, Б хоёр цус болчихсон. Б Э-ийн гэдсийг барьчихсан найзыгаа алчихлаа гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 47/,

7. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр К хочтой М-ынд Д.Э согтчихоод орилоод сандал дээрээс уначих гээд байхаар нь “чи зүгээр суугаач” гэж хэлээд нүүр хэсэгт нь алгадаад авсан чинь Л Э өмөөрөөд “чи бие муутай хүнийг яагаад цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Л.Э-тай маргалдаад гарч зодолдохоор болоод үүдний хэсэгт Л.Э түрүүлээд очсон. Ингээд би араас нь очиход намайг давхар хамаад шалан дээр унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд халаасанд байсан хутгаад аваад хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалсан. Мөн зүүн бугалга хэсэгт нь бас нэг удаа хутгалах үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 117-119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг
шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг
шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Э-ын хэвлийн тус газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “Шүүгдэгч Б.Б нь гэм буруу дээр маргахгүй. Хохирогч Л.Э-д хохирол төлбөрт нийтдээ 1.200.000 төгрөгийг төлсөн. Цаашид хохирол төлбөр нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.    

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 31-75 тоотод иргэн Л.Э-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа зэвсэг хэрэглэн Л.Э-ын хэвлийн хөндий, бугалга, сарвуу руу хутгалж Л.Э-ын эрүүл мэндэд хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс, бүдүүн гэдэсний сэмж гэмтээсэн шарх, нарийн гэдэс, сэмж гадагшлалт, цус баасны гаралтай хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, зүүн бугалга, сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Л.Э-ын өвчний түүх,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 4168 дугаартай “...Л.Э-ын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нарийн гэдэс, бүдүүн гэдэсний сэмж гэмтээсэн шарх, нарийн гэдэс, сэмж гадагшлалт, цус баасны гаралтай хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, зүүн бугалга, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Хохирогч Л.Э-ын “...Яг үүдэн дээр ирээд хаалганы бариулаас барихад хойноос Б дагаж явж байгаад гэдэсний зүүн талд 2 удаа зүүн гарын тохойн гадна хэсэгт 1 удаа гарын гадна хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалсан, ...доошоо харахад гэдэс цуваад гараад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Э-ын “...Бийг Э боль хөл муутай хүнийг гээд өмөөрч маргалдаад гараад зодолдъё гээд гарахаар гэрийн үүдний хэсэгт очсон. Түжигнээд байхаар нь К бид хоёр очиход Э, Б хоёр цус болчихсон. Б Э-ийн гэдсийг барьчихсан найзыгаа алчихлаа гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг хутгалсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн
зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нараас хохирогч Л.Э-д хохирол төлбөрт нийтдээ 1.200.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирол төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Харин хохирогч Л.Э нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “Б.Б нь үйлдсэн хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн
бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалттай.

Шүүгдэгч Б.Б нь санаатай гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар их, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1805014830563 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б-ийг 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Э нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ

                                             ШҮҮГЧ                             Г.ЗОЛБОО

                                                         ШҮҮГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ