| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
2020 12 30 2021/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Н.В /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахарчин овгийн Н.В холбогдох эрүүгийн 2011016931052 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Цахарчин овгийн Н.В, 1956 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-329 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор оршин суух тодорхой хаяггүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.В нь мэдүүлэхдээ: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөнгөн Завьяа худалдааны төвд орж 5 ширхэг мөнгөн бугуйвч хулгайлаад нэгийг нь 1 шил архиар солиод уучихсан, тэгээд бусдыг нь нэг ширхгийг нь 10.000 төгрөгөөр бодож худалдан борлуулсан. Тухайн мөнгөөр архи уусан. Би ууг нь хөлөө эмчлэх санаатай хулгай хийсэн. Надад одоо гэр орон байхгүй, орц хонгилоор явж амьдардаг. Би халамжийн мөнгө 288.000 төгрөг авдаг. Бичиг баримтаа хаячихсан. Нэг санал байна. Хэдэн сар хоригдчихмоор байна. Гадаа хүйтэн байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/,
Хохирогч Б.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн үед лангуугаа эзэнгүй 5 орчим минут л орхисон байдаг юм. Ингээд өөрийн лангуун дээр эргэн ирэхэд шилэн лангуун дээр нь байдаг мөнгөн бугуйвч зүүдэг хар өнгийн тавиур дээр байсан мөнгөн бугуйвчнуудаас 5 ширхэг нь алга болсон, тавиур нь хөдөлсөн байсан. Ингээд би бугуйвчаа тулгаж үзсэн. Тухайн тавиур дээр би 5 ширхэг өргөн бугуйвч тавьсан байсан болохоор алдагдсан нь шууд мэдэгдсэн. ...Би алдагдсан гэх 5 ширхэг бугуйвчаа 2020 оны 3 дугаар сард Өлзий гоёл гэх мөнгөн эдлэлийн бөөний төвөөс худалдан авч байсан...” гэх мэдүүлэг/хх 15-16/,
“Дамно” ХХК-н 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №ЧД1-20-649 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...5 ширхэг мөнгөн бугуйвч нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 797.600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 31-32/,
Шүүгдэгч Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнгөн завьяа дэлгүүрт ороход тэр лангууных нь худалдагч нь байхгүй байсан. Тэгээд би лангуун дээр нь тавиур дээр ил байхаар нь аваад өвөртөө хийгээд гараад явчихсан юм. Тэгээд тэндээсээ шууд үүднээс нь автобусанд суугаад нэг буудал яваад буучихсан. Тэгээд ойрхон явж байгаад нэг ширхэг бугуйвчаа нэг шил архины мөнгөөр бодож 10.000 төгрөгөөр нэг эмэгтэй хүнд бүгдийг нь 50.000 төгрөгөөр зараад явсан юм. ...Дандаа мөнгөн бугуйвч 5 ширхэг байсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66/, шүүгдэгч Н.Вид холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 66-71/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.В нь согтуугаар 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлдэг иргэн Б.Одгэрэлийн лангуун дээр байсан 5 ширхэг мөнгөн бугуйвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 797.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, хохирогч Б.Одгэрэлийн “...тухайн үед лангуугаа эзэнгүй 5 орчим минут л орхисон байдаг юм. Ингээд өөрийн лангуун дээр эргэн ирэхэд шилэн лангуун дээр нь байдаг мөнгөн бугуйвч зүүдэг хар өнгийн тавиур дээр байсан мөнгөн бугуйвчнуудаас 5 ширхэг нь алга болсон, тавиур нь хөдөлсөн байсан. Ингээд би бугуйвчаа тулгаж үзсэн. Тухайн тавиур дээр би 5 ширхэг өргөн бугуйвч тавьсан байсан болохоор алдагдсан нь шууд мэдэгдсэн. ...Би алдагдсан гэх 5 ширхэг бугуйвчаа 2020 оны 3 дугаар сард Өлзий гоёл гэх мөнгөн эдлэлийн бөөний төвөөс худалдан авч байсан...” гэх мэдүүлэг/хх 15-16/, “Дамно” ХХК-н 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №ЧД1-20-649 дугаар “...5 ширхэг мөнгөн бугуйвч нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 797.600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 31-32/, шүүгдэгч Н.Вийн “...Мөнгөн завьяа дэлгүүрт ороход тэр лангууных нь худалдагч нь байхгүй байсан. Тэгээд би лангуун дээр нь тавиур дээр ил байхаар нь аваад өвөртөө хийгээд гараад явчихсан юм. Тэгээд тэндээсээ шууд үүднээс нь автобусанд суугаад нэг буудал яваад буучихсан. Тэгээд ойрхон явж байгаад нэг ширхэг бугуйвчаа нэг шил архины мөнгөөр бодож 10.000 төгрөгөөр нэг эмэгтэй хүнд бүгдийг нь 50.000 төгрөгөөр зараад явсан юм. ...Дандаа мөнгөн бугуйвч 5 ширхэг байсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.В нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Н.Вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 797.600 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хар-Хорин хороолол 51-3/73 тоотод оршин суух, Бат-Очирын Одгэрэл /РД: ТЛ91111502/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Вид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх, шүүгдэгч Н.Вид ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахарчин овгийн Н.Вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Вид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Вид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Воос 797.600 /долоон зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хар-Хорин хороолол 51-3/73 тоотод оршин суух, Бат-Очирын Одгэрэл /РД: ТЛ91111502/-д олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.В нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Вид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Вид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН