Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

2021        01            05                                   2021/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/1064/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Г.Сундуй,

шүүгдэгч Ё.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.А-д холбогдох эрүүгийн 2009000001212 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ё.А /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ё.А нь “Хямд захиалга” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “хямд тавилга захиалгаар оруулж ирнэ” гэсэн зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн Б.Сувд-Эрдэнээс 8 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 350.000 төгрөгийг ХААН банкны 5040........, 5925.........  дугаартай дансуудаар шилжүүлэн авсан,

“Seinaru Hewai” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “онлайн худалдаа хийж захиалга авч байна” гэх зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон Г.Мөнхзул 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 26-ны өдрүүдэд нийт 123.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-496 тоотоос ХААН банкны 5065............. дугаарын данснаас шилжүүлснийг ХААН банкны 5040............ дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Номин” худалдааны төвийн гадна 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Э.Мөнххайрын “Айфоне-6 плас” маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 723.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.А-н өгсөн: “Би гэрийнхэнтэйгээ таардаггүй байсан учраас айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг байсан бөгөөд түрээсийн төлбөр төлөх гээд ийм үйлдэл хийсэн. Би тогтмол ажил хийдэггүй байсан, хааяа өдөрт нь цалингаа өгдөг ажил олддог байсан. Тэгээд ойр зуурын хэрэгцээгээ хангадаг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Сувд-Эрдэнийн 350.000 төгрөгийг өгөх гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Одоо шүүх хуралдаан дээр ээж маань Сувд-эрдэнийн хохирлыг төлье, хохирлын мөнгийг мобайл банкаар шилжүүлье гээд түүн лүү шилжүүлсэн байгаа. Бусад хохирогч нарын мөнгийг мөн төлсөн” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 507 дугаар байрны 53 тоотод амьдардаг бөгөөд маникюрын салон нээх гээд салоны тавилга авах гэж зар хайсан бөгөөд фейсбүүк дээрээс "Маникюрчдын нэгдсэн" групп дээрээс хямд захиалга нэртэй хаяг дээр маникюрын тавилга захиалгаар оруулж ирнэ гэсэн зарын дагуу холбогдсон юм. Ингээд тухайн хаягийн холбоотой хүн болох Seinary Hewai гэх нэртэй фейсбүүкийн мессенжерээр чатлаж улмаар би тавилга захиалахаар болж тухайн хүний хэлсэн данс руу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 230.000 төгрөг, 08 дугаар сарын 14-нд 20.000 төгрөг, 08 дугаар сарын 15-нд 100.000 төгрөг нийт 350.000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд тухайн хаягаас надад бар код өгч таны бараа 2020 оны 08 дугаар сарын 17-нд Мишээл каргогоор ирнэ таны барааны линкийг явуулсан гэж хэлсэн. Гэвч би тэр өгсөн бар кодоор нь бараагаа ирсэн эсэхийг шалгахад таны бараа Эрээн хотод ирээгүй байна гэж гарч ирээд байсан ба учрыг тухайн захиалга өгсөн хүнээс чатаар асуухад карго дээр алдаатай байна удахгүй зүгээр болно. Би танд шинэ бар код өгнө гэж хэлээд одоо хүртэл шалтаг шалтгаан тоочсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Хохирогч Г.Мөнхзулын өгсөн: "... Би 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүкээр "Seinaru Hewai" гэсэн хаягаар онлайн худалдаа хийж байгаа зураг тавьсан байхаар чатаар нь холбогдож хагас түрийтэй гутал, хоолойтой цамц, малгайтай цамц, энгийн хар өнгөтэй цамц авах гэж захиалга өгсөн. Тэгээд над руу чатаар Хаан банкны 5040........ дугаартай Уранбилэг гэх хүний дансыг явуулсан. Би тэр данс руу 2020 оны 09 сарын 14-ний өдөр 93.000 төгрөг, 09 сарын 10-ний өдөр каргоны мөнгө гэж 20.000 төгрөг, 09 сарын 26-ны өдөр ковид өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ариутгал хийх ёстой гэж нэмж 10.000 тегрөгийг шилжүүлэн захиалга өгсөн. Надад 2020 оны 09 сарын 19-ний өдөр захиалга ирнэ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 147 тал/,

Хохирогч А.Эрдэнэсайханы өгсөн: "...Би өөрийн төрсөн хүү болох Мөнххайрд 2020 оны 10 сарын 11-ний өдөр Өргөө кино театрын урд байх гар утас худалдааны төвөөс Айфоне 6 плас загварын хуучин хэрэглэж байсан гар утсыг 270.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Тэгсэн хүүхдийн гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр танихгүй эмэгтэй хүүхэд авсан байсныг цагдаа нар олж гар утсыг буцаан өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 тал/

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнххайрын өгсөн: "...Замдаа явахдаа гар утсаараа оролдоод явж байхад нэг эгч над руу хараад л байсан. Тэр эгч 160-165 см орчим өндөртэй, богино тайрмал үстэй хамрынхаа доод талд мэнгэтэй, хар цагаан өнгийн урт куртик өмссөн дотуураа улаан алаг сорочкон цамцтай байсан. Англи сургуулийн буудал дээр автобус зогссон чинь тэр эгч над дээр ирээд сайн уу эгчийн дүү чи миний хийж байгаа мөнгө үү? хайрцаг уу? гэдэг шоунд оролцох уу 5-15 насны хүүхэд оролцуулна, 100.000 төгрөг хүртэл мөнгө хожих болно, мөнгө эсвэл гар утас хожих болно, чамаас ярилцлага авах болно гээд миний толгойг эргүүлсэн. Тэгээд чи утсаа өгч бай чамд бичлэгээ үзүүлье гээд миний утсаар "Youtube" ороод хүүхдүүд нэвтрүүлэгт оруулж байгаа бичлэг үзүүлэхээр нь би итгэсэн. Тэр эгч чи завтай бол намайг дагаад яв, би чамайг шоунд оролцуулна ,манай оффис Номин дотор байдаг гэсэн. Би завтай байсан учир за гэж зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Яармагийн 1 дүгээр буудал дээр буугаад Номин руу алхсан. Тэгээд Номингийн урд талын мандал дээр суугаад эгчдээ гар утсаа өгч бай нэг яриад өгье гэж хэлээд код нь хэд вэ гэхээр нь 950211 гэсэн кодоо хэлсэн. Тэр эгч миний утсаар нэг хүн рүү яриад байх шиг болсноо чи Номингийн 2 давхар луу гараад тойроод цаад буланд нь сахалтай ах зогсож байгаа тэр хүнд чамд нэг цаг өгнө гэж хэлсэн. Би Номин руу гүйж ороод 2 давхарт гараад бүтэн тойроход хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 184-185 тал/,

5720........., 5040..........., 59254********, 5065******** дугаартай Хаан банкны данснуудын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20, 94-98, 127 тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар тал/,

Яллагдагч Ё.А-н өгсөн: "...Хямд бараа нэртэй фейсбүүк хаяг нээгээд маникюрчдын нэгдсэн групп гэсэн хаягт ширээ сандал захиалгаар авч ирнэ гэсэн пост оруулсан. Тэгсэн надтай Сувд-Эрдэнэ гэдэг хүн чатаар холбогдоод 14-16-ны хооронд захиалах гэж байгаа барааныхаа мэдээллийг надаас чатаар авсан. Тэгээд би 8 сарын 17-ны өдөр надад захиалга өгөхдөө над руу эхлээд 120.000 төгрөг шилжүүлье гэхээр нь би тэр мөнгийг 5040******** гэсэн дансаар авсан. Маргааш нь үлдэгдэл 230.000 төгрөгийг явуулахаар болсон. Би тэр мөнгийг нь дахин Уранбилэгийн 5040********* дансаар авсан. Тэр өдөр би Уранбилэг эгчийн данс руу мөнгө орсон өдөр Уранбилэг эгч надаас байрны түрээсээ нэхэхээр нь Сувд-Эрдэнэ гэх хүний явуулсан мөнгийг байрны түрээсэнд өгсөн..."

“...2020 оны 09 сард "Г.Мөнхзул" гэх фейсбүүк хаягаар миний захиалга авч байсан "Seinaru Hewai" фейсбүүк хаяг руу чатаар холбогдож цамц, гутал, юбканы зургийг явуулаад эдгээр хувцсыг захиалья гэсэн... Тэгээд Мөнхзул нь хувцасны үнийг монгол мөнгө рүү шилжүүлж бодоод авахаар болсон. Би өөрийн төрсөн эцэг, эхтэй таарч тохирохгүй муудалцаад одоогоор тусдаа амьдарч байгаа бөгөөд тухайн үед Цайз-16-д айлын хажуу өрөөг сарын 250.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Тухайн үед байрны мөнгө өгч чадаагүй, нэхэгдээд байсан болохоор нь байрны эзэн эмэгтэй болох Уранбилэгийн Хаан банкны 5040074172 дугаартай дансыг нь аваад Мөнхзулд өгсөн. Тэгээд Мөнхзулын захиалах хувцас нь нийт 103.000 төгрөг болсон. 2020 оны 9 сарын 14-ний өдөр 93.000, 10.000 төгрөгөөр Уранбилэг эгчийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Мөнхзулд захиалсан хувцас чинь 7-14 хоногт ирнэ гэж хэлсэн. Тэгээд захиалгыг нь авснаас хойш 7 хоногийн дараа Мөнхзулаас дахиад каргоны мөнгө гэж 20.000 төгрөгийг нэмж авсан...",

"...Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10-14 орчим настай эрэгтэй хүүхдийн гар утсыг Яармагт байх Номин худалдааны төвийн гадна утсаар чинь яриад өгье гэж худал хэлэн хуурч авч явсан..." гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Ё.А нь “Хямд захиалга” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “хямд тавилга захиалгаар оруулж ирнэ” гэсэн зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Батсүхийн Сувд-Эрдэнээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2020.8.12-ноос 15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 350.000 төгрөгийг ХААН банкны 5040*******, 5925******* дугаартай дансуудаар шилжүүлэн авсан,

“Seinaru Hewai” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “онлайн худалдаа хийж захиалга авч байна” гэх зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Гал-Эрдэнийн Мөнхзулаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2020.09.14-ний өдрөөс 26-ны өдрүүдэд нийт 123.000 төгрөгийг ХААН банкны 5065224656 дугаарын данснаас шилжүүлснийг ХААН банкны 5040074172 дугаарын дансаар шилжүүлэн авс залилсан,

2020.10.14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч  Эрдэнэсайханы Мөнххайрын Айфоне-6 плас маркийн гар утсыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Номин худалдааны төвийн гадна “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 3 удаагийн үйлдлээр 723.000 /долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ё.А-н дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ё.А нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ё.А-н хувьд амар хялбар аргаар мөнгө төгрөг, ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал, эцэг эхийнхээ хараа хяналтаас гадуур амьдрах гэсэн хүмүүжилгүй, давилуун зан, болчимгүй буруу санаа бодол нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ё.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.А нь уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнхзулд учирсан 123.000 төгрөгийг төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч Э.Мөнххайрд гар утсыг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Б.Сувд-Эрдэнэд хохирол 350.000 төгрөгийг олгох шийдвэрийг уншиж танилцуулсны дараа шүүгдэгч Ё.А нь хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авах хүсэлт гаргаж, хохирогч Б.Сувд-Эрдэнэд шүүгдэгчийн ар гэрийн зүгээс 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ё.А-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.А-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүхээс шийдвэрлэв.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа түүний 2020.10.21-нээс 23-ныг өдрийг хүртэлх хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан     2 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ё.А-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ёндонжамцын Ё.А-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-н энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож, нийт 16 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Ё.А-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 224 цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

6. Шүүгдэгч Ё.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ё.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР